Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр бэлтгэлээ базаасан аж. Улмаар энэ сарын 13-ны өдөр Улаанбаатараас Антарктидийг зорих аялалдаа гарах юм байна.
Тэрбээр дэлхийн долоон тивийн ноён оргилуудын зургаад нь гарч, эх орныхоо төрийн далбааг мандуулсан юм. Энэ удаа хамгийн сүүлчийнх нь аж. Энэ талаар тэрбээр өчигдөр мэдээлэл хийжээ.
Антарктид тивд одоо зуны улирал болж буй ч тивийн ноён оргил Винсон Массиф ууланд -35 хэмийн хүйтэн байгаа аж. Манай уулчин ОХУ-ын “7 Summits” клубыг сонгож цаг уурын хамгийн таатай үед очиж байгаа тухайгаа хэллээ. Ингэснээр Уулчин Б.Гангаамаа өмнөд туйлд хөл тавьсан ес дэх Монгол хүн болох юм.