Ардчилсан намын VI Их хурал хоёр өдөр үргэлжилж өчигдөр 22 цагийн орчимд өндөрлөлөө. Албан ёсоор хуралдсанаасаа хойш 10-аад жил завсарласан энэхүү хурал гишүүд, дэмжигчдийнхээ анхаарлын төвд эхэлсэн тус хуралдаанаар намын шинэтгэлийн хөтөлбөр, намын үндсэн дүрэм болон журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан намын бүх шатны хурлын байгууллагын даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, хяналтын ерөнхий хороо байгуулах, дотоод сонгуулийн хороо байгуулах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтоод байсан билээ. Тэгвэл хуралдаан хэрхэн өрнөж, ямар асуудлыг шийдвэрлэсэн, хурлын үеэр хэн юу хэлсэн гээд Ардчилсан намын Их хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явлыг багц 24 буландаа онцолж байна.
Ардчилсан намын Их хурал энэ сарын 6-ны өдрийн морин цагт буюу 11.40 минутад Соёлын төв өргөөнд хонхны дуугаар эхэлсэн. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч болон намын лидерүүд болох З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, С.Ламбаа, С.Одонтуяа, М.Зоригт, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ч.Санжмятав нар оролцсон юм. Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тависнаар албан ёсоор хуралдаан эхэлсэн. Тэрбээр илтгэлдээ “Ардчилсан Нам Монгол Улсын язгуур эрх ашиг, монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч, хуулийн засаглалыг эрхэмлэсэн, Монгол Улсын улс төрийн тулгуур багана мөн гэдгийг бид энэ Их хурлаараа ард түмэндээ дахин нотлон харуулах ёстой. Хүнд нөхцөлийг хүлээж авчихаад Н.Алтанхуягийн Засгийн газар одоогийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг элдвээр гоншигонож, олон таван юм яриад байлгүй шууд ажилдаа орсон. Ардчилсан Нам цаг үргэлж ачааны хүндийг үүрч ирсэн байдаг. Яагаад гэвэл манай нам сонгуульд ялж засгийн эрх барих болгонд эдийн засгийн хүндрэл бэрхшээл тохиолдож ирсэн. Гишүүд нь шийддэг АН, нээлттэй АН, эв нэгдэлтэй АН болж чадах эсэхээс Ардчилсан намын шинэтгэлийн хувь заяа хамаарна” хэмээсэн.
Ардчилсан намын Их хурал эхлэхийн өмнөхөн Соёлын төв өргөөний гадаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын гишүүд Их хуралд оролцох эрхээ эдэлж чадахгүй байна хэмээн лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэд Их хуралд оролцохоор намынхаа анхан шатны үүрээсээ сонгогдсон долоон гишүүний оронд өөр гишүүдийг Их хуралд оруулахаар болсон. Энэ үйлдлийг Ардчилсан намын “Шонхор” фракцынхан буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын дарга Ц.Батхуяг, Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга Ц.Сувдаа нарын намыг дотор нь хагалган бутгаргасан бужигнуулсан буруутай үйлдэлтэй холбоотой” хэмээн тайлбарлаж байв.
Ардчилсан намын Их хурал нээлтийнхээ дараа хаалттай үргэлжилсэн. Тухайн үед Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг үг хэлж, хуралд оролцож буй олныг огшоож байсныг намын гишүүд онцолж байв. Тэрбээр “Ардчилсан намд өгсөн монголын ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн. 2012 онд манай намыг олонх болох үед намайг Ерөнхий сайд болгохгүй, намын даргын ажлаа өг гэж шаардаж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил нь Ардчилсан намын хийсэн ажил гэж харагдах ёстой гэдгийг би үргэлж хэлдэг байсан юм. Аль ч нам гарсан хэдхэн хүн хождог нам дамнасан бүлэглэл тогтолцоо бий болгохын тулд намайг шахаж гаргасан. Тэдгээр хүмүүс хууль хяналтын тогтолцоонд хонгил бий болгосон. Энэ нь прокуророосоо эхлээд Ерөнхийлөгч хүртлэх тэр хонгилыг хэлж байгаа юм. Үгэнд нь орохгүй бүхний амыг барьдаг зүйлийг Ц.Элбэгдорж, Ардын намтай хамтарч хийж байгаа юм.
Би та нарт үнэнээ хэлчихье. Бид хүн шиг амьдарч улс шиг хөгжье гэж хэлж байсан ч хэдхэн хүнээс болоод хийж эхэлсэн ажлаа дуусгаж чадаагүй. Бид 1990 онд ганцхан хүний эрх ашиг, хязгааргүй тачааллыг хангахын төлөө Ардчилсан хөдөлгөөнд яваагүй. Та бүхэн ч яваагүй. Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү дээ гэдгийг ард түмэн хэлдэг. Ардчилсан нам хийж чаддаг гэдгийг бүгд харсан.....” хэмээсэн байна.
Ардчилсан нам өчигдөр Их хурлаар дүрмийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Хэлэлцүүлгээр намын даргаа сонгохдоо сунгаа явуулна гэдэг тохироонд хүрсэн бөгөөд Ардчилсан намын даргыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар бүх гишүүдийн дунд сонгууль явуулж сонгохоор болжээ. Намын даргад нэр дэвших нь нээлттэй бөгөөд одоогоор П.Цагаан, Д.Эрдэнэбат, Л.Болд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр Г.Батхүү нар намын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа аж. Мөн намд элсээд 10 жил болсон хүн намын даргад нэр дэвшүүлнэ гэх саналыг төлөөлөгч нар хэлэлцсэн ч төдийлөн дэмжлэг аваагүй байна.
Ардчилсан намын Их хурлаар намын долдугаар Их хурлыг хоёрдугаар сарын 12-нд хийхээр товложээ. Энэ удаагийн хуралд 1210 төлөөлөгч оролцсон бол долдугаар хурлаар төлөөлөгч нарын тоог үүнээс нэмэгдүүлэхээр болсон байна.
Ардчилсан намын Их хурлаараа зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтсон ч хоёр өдрийн хугацаанд дүрмийн төслөө нийтэд нь батлаж чадаагүй байна. Тухайлбал Шинэчилсэн дүрмийн төслийнхөө 1-4 бүлгээ баталжээ. Харин дүрмийн төслийн шинэчлэлийн үргэлжлэлийг 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох АН-ын Долдугаар их хурлаараа үргэлжлүүлж батлахаар болсон аж. Энэ удаагийн их хурлаасаа долдугаар их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулаад өндөрлөсөн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (12)