Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор адууг олноор тээвэрлэн, хил гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй байлгаснаас үүдэн 50 тооны адуу хорогдсон талаархи мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан билээ.
Тэгвэл уг асуудлаар Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулагдан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор ажиллаж эхэлжээ. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон Хилийн цэргийн 0146-р ангийн төлөөллүүд багтсан байна.
Ажлын хэсэг тээвэрлэгдсэн болон тууварлагдсан адуунд эрүүл мэндийн үзлэг хийж өвчтэй буюу шинж тэмдэг илэрсэн, бэртэл гэмтэл авсан адууг ялгаж, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний стандартын дагуу арга хэмжээ авч байгаа аж. Мөн Бичигт боомтод төвлөрсөн адууг буцаан тээвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядалгаанд оруулах ажлыг зохион байгуулж, холбогдох иргэдэд хариуцлага тооцож эхэлжээ.
Сэтгэгдэл (4)