Энэ долоо хоногт нийгэм болоод улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлыг "Багц 24" буландаа онцолж байна.
С.Зориг агсны хэргийн шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж, улмаар шүүх хурал 7 хоногоор хойшилсон билээ. Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа болсон энэхүү хурал олны анхаарлын төвд байсан бөгөөд шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжилсан. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт шүүгдэгч Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүх юм.
Харин Ерөнхий шүүгчээр М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцох юм. Мөн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа. Харин хохирогчоор С.Оюун оролцоно хэмээж байсан ч тэрбээр шүүх хуралд ирээгүй бол хохирогчийн талаас гурван өмгөөлөгч оролцсон. Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр Шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан. Шүүх хурал арванхоёрдугаар сарын 21-нд 11.00 цагаас Хорих 461-р ангид болно. Өмгөөлөгчид Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа "Хавтастай хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа" гэж тайлбарласан байна. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг Шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргаад байгаа.
Энэ үеэр шүүгдэгч нарын ар гэрийнхэн энэхүү шүүх хурлыг хаалттай явуулж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн ялын дээд хэмжээ авсан хэн нэгний мэдүүлгээр С.Зоригийн хэргийг гэмгүй хүмүүст үүрүүлэх гэж байна хэмээн өгүүлж, шүүх үнэн мөнийг тогтоох байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Ардчилсан намын даргын сунгаа энэ долоо хоногт албан ёсоор эхэллээ. Тус намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү, Д.Эрдэнэбат, Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч М.Чимиддорж нарын хүмүүс нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байгаа. Харин энэ долоо хоногт С.Эрдэнэ, , Д.Эрдэнэбат нар Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа гардуулан өгсөн. Мөн энэхүү сунгаантай холбоотой нэгэн дуулиант мэдээлэл цацагдсан нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдээлэл. Тэрбээр Ардчилсан намын даргад нэр дэвшигчид ямар шаардлага хангах ёстой болсон талаар мэдээлэл хийсэн.
Энэ талаар "АН-ын дотоод асуудлыг ярьлаа гэж зарим хүн уурлах байх. Гэхдээ АН-ын дотоод асуудал бол Монголын асуудал. Дэнчингийн мөнгийг 250-500 сая төгрөг болгож байгаа нь энэ намын дурын залуу гишүүнийг намын даргад өрсөлдөх эрхийг нь хааж байгаа хэлбэр. Ж.Батзандан шиг хүнийг АН-ын даргад нэр дэвшихийг нь хааж, Монгол орны өнцөг булан бүрт архи зардаг Г.Батхүү шиг хүнд боломж олгож байна. Дээрээс нь улсын сонгуулиас өндөр өртөгтэй намын сонгууль байж болохгүй. Орчин үед бүх хүн утас хэрэглэж байна. Санал хураалтын аппликэшн хийгээд санал хурааж болж байна. Дээрээс нь дэнчингийн мөнгөө багасгах шаардлага хүргүүлж байгааг хэлье. АН-д мөнгөтэй хуучин олигархиуд их. Үүнээс салах ёстой. Надад бэлэн гаргаад өгчих 250 сая төгрөг байхгүй" гэсэн юм.
Засгийн газраас гарсан Ажлыг хэсэг Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг УИХ-дахь Ардчилсан намын бүлэг мэргэжлийн бус дүгнэлт гарсан учраас хүлээн авах боломжгүй талаараа мэдээлсэн. Харин энэхүү мэдээллийн маргааш УИХ-ын Хуульзүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцсэн. Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан
Хөгжлийн банкны шалгалт 2011-2016 оны хоорондын үйл ажиллагааг нь хамарчээ. Хөгжлийн банк нь УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. 2011 онд Хөгжлийн банкинд УИХ-аас чиглэл өгсөн тогтоол гаргасан байна. Харин үүнээс хойш УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан байна хэмээн дүгнэлтэд дурдав. Уг дүгнэлтэд “Хууль дүрэм мөрдөөгүй, хуулиас гадуур эрх олгосон байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж явсантай холбоотой хяналтын удирдлага алдагдсан. Бүхэлдээ хууль ёс дээдлэх бодлого алдагдсан” гэж Ажлын хэсэг дүгнэсэн гэдгийг мэдээлсэн. Харин АН бүлэг Хөгжлийн банкны шалгалтын дүнг мэргэжлийн бус ажлын хэсэг гарч, мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байна гэж үзсэн гэдгээ илэрхийлсэн.
Мөн дүгнэлтэд тусгагдсан асуудлууд баримтаар нотлогдохгүй байгаа учир тус дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг онцолж байсан юм. Тиймээс мэргэжлийн санхүүгийн байгууллагаар шалгалтыг дахин хийлгэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (14)