Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.28
3
Өдөртөө
1
Шөнөдөө

Авлигын үндсэн өдөөгч нь хүнд суртал

2016 оны 11 сарын 19

Санаатай, санамсаргүйг хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн төрийн албан хаагчдын хүнд суртал буюу иргэдийг янз бүрийн гох дэгээ, шалтаг шалтгаанаар чирэгдүүлдэг нь цаагуураа авлига өгөхийг далдуур шаардсан өдөөлт гэж ойлгогдох болж. Энд тэнд очиж дугаарлаж, хүлээж залхан аргаа барахдаа танил талаа хайх юм уу, эсвэл тухайн чирэгдүүлэгчид хэд гурван төгрөг атгуулахаас аргагүйд хүрдэг бололтой юм.

Ялангуяа ардаа ажил төрөлтэй, зав зай муутай хүмүүс алба амины ажлаа амжуулчих санаатай цаг зав гарган аль нэг байгууллагад /төрийн байгууллагуудад гэж ойлговол зохино/ очлоо гэхэд нэг очилтоор хэргээ бүтээнэ гэж ёстой гонжийнжоо.

Төрийн албан хаагчид гэх их зантай, дуугарч цөхсөн, эсвэл уурлаж уцаарласан, загнаж зандачсан хүмүүс л угтах нь хаа сайгүй. Мэдээж бүх албан хаагчид тийм гэвэл үнэнд нийцэхгүй. Гэхдээ л ийм байдал түлхүү талдаа. Одоо ихэнх байгууллагууд картын машинтай болсон тул хөлөө чилтэл зогсох нь багассан сайн тал бий.

Тэглээ ч хүлээлгэлт төдийлөн арилаагүй. Учир нь танд үйлчилж буй банк ч юм уу, эмнэлэг, гар утасны төлбар хураамж авдаг газруудын ажилтнуудын тал хувь нь шахам цонхондоо үйлчлэхгүй тухай бичиг тавьчихаад утсаар ярих ч юм уу өөр ажлаа амжуулж, ганц хоёр цонхон дээр бүх үйлчлүүлэгч дугаарладаг нь ердийн үзэгдэл. Энэ бүгдийг тоочих болсон нь орой үдэшгүй хэвлэл мэдээллээр зарлаад байгаа галт зэвсгийн тооллого, шинэчилсэн бүртгэлтэй холбоотой юм.

Галт зэвсгээ бүртгүүлэхийн тулд арваад дамжлагаар гүйсэн түүх

Завхан нийслэлд л гэхэд гуч гаруй мянган иргэн галт зэвсэг буюу ангийн буу эзэмшдэг гэж сонслоо. Энэ жил галт зэвсгийн тухай Хууль шинэчлэгдэж байгаатай холбоотой бас галт зэвсэг ашигласан гэмт хэрэг нэмэгдэх хандлагатайгаас ч хамааралтайгаар ийм бүртгэл хийх болсон аж. Үүнийг хэн ч буруутгах аргагүй.

Хийх ёстой ажил яах аргагүй мөн. Асуудлын гол нь бүртгэх ажиллагаа дэндүү хүнд сурталтай, хэт олон дамжлагатай, өөр хоорондоо уялдаа холбоогүй байгаагаас болоод цөөнгүй иргэн буугаа бүртгүүлж чадалгүй хугацаа алдаж байна.

Жилд нэг удаа явагддаг энэ арга хэмжээг сайн бэлтгэж байгаад иргэдэд чирэгдэлгүйгээр шуурхай зохион байгуулж яагаад болдоггүйг цагдаагийн дарга нар мэдэж л баймаар. Харамсалтай нь тийм сэтгэл гаргасангүй.

Буу эзэмшдэг, тэр дотроо шинээр буу авсан, эсвэл хуучин гэрчилгээ нь дууссан иргэд арав шахам дамжлага дамжиж 7-10 хоног ажлаа алдаж байж бүртгэл хийлгэдэг гэвэл итгэхгүй байх л даа. Эхлээд дүүргийн татварын газарт очиж татвараа төлнө. Дараа нь дүүргийн цагдаад очино. Тэгээд нийслэлийн цагдаагийн газраас хаана, хаана очих бичиг авна.

Тэгээд Шүүхийн шинжилгээний төв ч бил үү, нэгдүгээр эмнэлгийн ард байх газарт очиж  буугаа буудуулж шалгуулна. Иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулна. Гурван хувь цээж зураг авахуулна. Хорооны Засаг даргаас тодорхойлолт авна. Өргөдөл бичнэ. Буу авсан газраасаа тодорхойлолт авна.  Гурван банкинд тэмдэгтийн хураамж /5000 төгрөг/, тодорхойлолт авсны хураамж /1000 төгрөг/, гэрчилгээний үнэ /4800 төгрөг/ тушаана.

Бууны татвараас гадна шүү. Ийнхүү олон дамжлагыг гүйцээсний дараа нийслэлийн цагдаагийн газарт дахин очино. Тэгээд гэрчилгээгээ авахыг хүлээнэ. Бэлэн болсны дараа дахин очино. Яагаад ингэж чирэгдэлтэй байдаг тухай лавлаж арай хялбар болгооч гэвэл цагдаагийн ажилтан өөдөөс чинь энэ бол чиний иргэний үүрэг, өөрөөр байх боломжгүй.

Тэгээд ч манай төсөв мөнгө хүрэхгүй, бусад хүн дуугүй л гүйгээд байхад чи цагдаагийн өөдөөс том дуугарлаа гэхчлэн сүрийг үзүүлнэ. За яахав иргэний үүрэг гээд гүйгээд л байхаас яахав.

Сумтай буу үүрээд гудмаар алхах хамгийн хүнд

Хамгийн хүнд нь шүүхийн шинжилгээний төвд очиж шалгуулах. Ядаж байхад тэр газрын орчимд машины зогсоол огт байхгүй. Тэр газарт буугаа үүрээд хоёр ширхэг сум тусгай саванд хийж халааслаад очих ёстой. Гудамжаар ямар сумтай буу үүрээд алхалтай биш. Машинтай очихоос аргагүй. Хоёр гурван буутай хүн цөөнгүй.

Ер нь ихэнх ангийн хорхойтон 3-4 буутай байдаг. Сумтай гурван буу үүрээд оюутнууд, өвчтөнүүд пиг дүүрэн хөлхөлдөж байдаг тэр газраар явна гээд төсөөлөөд үз дээ. Арай гэж очлоо гэхэд нөгөө буудаж шалгадаг хүн нь эзгүй, өөр ажилтай бол маргааш нь дахиад л буугаа үүрээд ирэхээс аргагүй.

Хачирхалтай нь 12 сарын наймны дотор амжиж бүртгүүлэхгүй бол арга хэмжээ авна гээд айлгаад байгааг хэлэх үү. Тэгсэн мөртлөө шалгадаг хүн нь долоо хоногт хоёрхон удаа /нэг дэх өдөр 10 цагт, дөрөв дэх өдөр 14 цагт/ л буудаж шалгадаг гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр тухайн дурдсан цагт л очихгүй бол хана мөргөнө.

Заавал хоёр сумаар буудах ёстой журамтай гэсэн. Сум нь олддоггүй, олдсон ч ширхэг нь 14-20 мянган төгрөг хүрдэг буутай бол улам л хүнд. Буу эзэмшдэггүй хүмүүст бол сонин биш байх л даа. Бүртгүүлж чадахгүй бол буугаа зар эсвэл хураалга л гэх биз. Гэхдээ л гуч, дөчин мянга /магадгүй үүнээс ч олон байж мэднэ/-н буу зөвхөн нийслэлд байгаа гэхээр тоолгүй орхиж боломгүй.

Жишээ нь, шинэчилсэн бүртгэл явагдаж буй энэ ганц сарын дотор хотын гудамжаар сумтай буу ачсан машинууд,  хэтрүүлэн бодоход арав, хорин мянгаараа дахих ч юм уу, зогсоол дээр тавиастай байх нь гээд бодоод үз дээ. Хулгай зэлгийгээс эхлээд буу, сум осолдох хүртэл юу ч тохиолдож болохоор байгаа биз. Иргэдэд арай хялбараар, хотоос зайдуухан нэг цэгт зохион байгуулж болохгүй гэж үү.

Нийслэлийн цагдаагийн газрын албан тушаалтны хэлсэн шиг төсөв хөрөнгө нь дутуугаас ч юм уу, иргэний үүрэг учраас ингээд чирэгдээд явж байх ёстой гэсэн зандралтыг хүлээн зөвшөөрмөөргүй л байна. Ядаж л буудаж шалгадаг хүнээ ажлын таван өдөр үүргээ гүйцэтгэдэг болгоход төсөв хамаатай гэж үү.

Иргэд дүүрэгтээ бүртгүүлээд нийслэл тэндээс мэдээллээ авдаг болгоход бас төсөв мөнгө хэрэгтэй гэж үү. Иргэн хүн буугаа бүртгүүлье гээд гүйгээд ирэхэд нь дахин явуулалгүй нэг мөсөн шийдээд гаргахад төсөв мөнгө хэрэгтэй гэж үү. Үнэхээр л цагдаад шинэчлэл хэрэгтэй гэдэг үнэн болохыг эндээс харж болохоор.

Цагдаагийн мөрдэс зүүсэн учир жирийн иргэдтэй зандрангуй, дээрэлхүү ханддаг, өмнө нь бөхөлзөж, гэм хийсэн мэт тонголзож, царай алдаж  байх ёстой мэтээр боддог зарим нэг ажилтнуудтай хариуцлага тооцох ёстой л гэж санагдана. Энд ганцхан бууны бүртгэлтэй холбоотой сэдвийг хөндлөө.

Бусад газруудад ч ялгаагүй энэ хүнд суртал, чирэгдэл хангалттай бий. Ганц минутын дотор л шийдээд өгөх ёстой асуудлыг заавал хүлээлгэж, гуйлгаж байж дуртай дургүй шийдсэн болох. Эсвэл маргааш ир гэж буцаах.

Ямар ч шаардлагагүй бичиг цаас, шинжилгээ, төлбөр хураамж нэхэх гээд иргэдийг зовоосон дарамт дэндүү олон. Аргаа барахдаа авлига өгөхөөс өөр аргагүйд хүргэдэг байдлыг л бага гэлтгүй залруулахгүй бол манай улс авлигаас хэзээ ч салж чадахгүй.

Бүхнийг иргэний үүрэг гэх халхавчаар далайлгаж болно гэж үү. Иргэн үүргээ биелүүлэхэд нь аль болох чирэгдэлгүй, шуурхай байлгахын төлөө л төрийн албан хаагчид бидний төлсөн татварын мөнгөөр цалинжаад сууж байдаг биз дээ.
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан