Өнгөрсөн долоо хоног сонин үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. 18 жилийн дараа анх удаа болсон С.Зориг агсны шүүх хурал гурван өдөр үргэлжилж, ээж аавууд утааны эсрэг жагсахаа мэдэгдээд байна.
Түүнчлэн Ц.Мөнх-Оргил сайд Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятадын талаас уучлал гуйсан нь дэлхийн нийтийн анхааралд өртлөө.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны шүүх хурал энэ сарын 14-нд Хорих 461 дүгээр ангид анх удаа сүр дуулиантай болсон. Шүүгчдийн хүсэлтээр хурлыг долоо хоног хойшлуулснаар өнгөрсөн лхагва гаригт үргэлжилсэн. С.Зориг агсны шүүх хурал гурван өдөр үргэлжилсэн бөгөөд өчигдөр 22:00 цагт түр завсарлалаа.
Энэ өдрүүдэд олны анхаарлыг хамгийн их татсан үйл явдал бол С.Зориг агсны гэргий Д.Булганы хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Түүнчлэн хохирогч С.Оюун шүүх хуралд оролцоогүй шалтгаанаа тайлбарлалаа. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүссэн бөгөөд улсын нууцтай холбоотой, хаалттай явагдсан учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн билээ.
Тэгвэл хаалттай явагдсан шүүх хуралд өчигдөр 10 гаруй гэрч дуудагдаж, мэдүүлэг өгчээ. Тэднээс Ч нь хохирогчийн талыг төлөөлж байгаа бол Д нь шүүгдэгчийн ар гэрийг төлөөлж шүүх хуралд оролцож байгаа нь нийтэд ил болсон. Бусад нь одоогоор хуулийн дагуу "нууц" хэвээр байна.
Хөндлөнгийн шинжээчид гэдэгт ОБЕГ-ын хоёр шинжээч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч багтаж байгаа юм. Мөн шинжээчдийн ямар баримт дэлгэснийг шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу нууцлах аж.
Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж буй. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа.
БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа”, “Глобал Таймс” зэрэг хэвлэлүүд “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө” гэсэн утга бүхий мэдээлэл цацсан. Уг мэдээллийг цацахдаа дотоодын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагыг нь мөн ишилсэн юм.
Тэгвэл төрийн чанга бодлоготой урд хөрш агентлагуудынхаа орчуулгын мэдээн дээр үндэслэж Хятадын тал Монголын уучлалыг хүлээн авлаа, энэ удаагийн үйл явдал сургамж болсон байх гэж мэдэгдсэн нь дэлхий нийтийн анхааралд өртлөө. Тусгаар улсынхаа бие даасан байдлыг хадгалж чадаагүй түүний энэ үйлдэл шүүмжлэл дагуулж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийд нэгдүгээрт эрэмблэгдэж байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, амьсгалын замын өвчлөл ихсэв. Ялангуяа 0-5 насны хүүхэд багачуул ханиад нь уушгины хатгалгаа болж буйг эмч нар онцолж буй. Иймд эцэг эхчүүд утаанд хордсон хүүхдийнхээ эмчилгээний зардлыг төрөөс нэхэмжилж, энэ сарын 26-нд хар масктай жагсахаар боллоо. Мөн анх удаа ээж аавуудын холбоог байгуулж утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байна.
Сэтгэгдэл (26)