“Бид өнөөдөр жагсаал хийж цугласанаар хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Эмч, багш нарыг буруутгах гэж цуглаагүй юм. Гагцхүү Засгийн газраас утааны эсрэг даруй арга хэмжээ авахыг хүсч шаардаж байна. Хэрвээ бидний шаардлагыг УИХ-ын гишүүд хүлээж авахгүй бол бид дараа дараагийн арга хэмжээгээ авах болно. Нэгдүгээр сарын 26-нд бидний шаардлагын хариуг өгөх ёстой” гэж ээж Мядагбадам хэлж байлаа.
Өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй утааны эсрэг ээж аавуудын жагсаалд урлагийнхан нэгдсэн байв. Тэд ая дуугаар биш үзэл бодлоороо нэгджээ. 12:00-14:00 цаг хүртэл үргэлжилсэн ээж аав нарын жагсаж буй гол зорилго нь УИХ-ын гишүүд өөрсний нь шаардлагыг биелүүлж, утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч, нөхөн олговор олгох аж.
Шаардлагад утааны эсрэг даруй арга хэмжээ авч, эмнэлгийн шалан дээр хэвтэж буй хүүхдүүдэд анхаарлаа хандуулах, шаардлагатай бол онц байдал зарлах хэрэгтэй гэдгийг дурджээ.
Мөн жагсаал зохион байгуулах үеэр иргэдээс саналын гарын үсэг цуглуулж байгаа харагдав. Уг саналд 1000 гаруй иргэн гарын үсгээ зурсан аж. Утааны эсрэг ээж аав нарын жагсаалыг дэмжиж ээжүүд сайн дураараа халуун цай чанаж ирсэн бол АПУ ХК-ны ажилчид хүмүүст сүү тарааж байв. Энэ үеэр иргэдээс саналын гарын үсэг цуглуулж байсан жагсаал зохион байгуулагч н.Энхзаяатай цөөн хором ярилцлаа.
Тэрбээр “ Бид утаанаас хордсон хохиролоо Төр засгаас барагдуулах эрхтэй. Эмнэлгийн үйлчилгээнд нөхөн олговор олгохыг мөн шаардаж байгаа. Ерөнхий сайд Эрдэнэбат ямар арга хэмжээ авах ёстой юм.
Бид тэр хүртэл дуу хоолойгоо нэгтгэнэ. Нэгдүгээр сарын 26-нд бидний шаардлагын хариуд ямар арга хэмжээ авсан тухай хариу авна. Бидний шаардлагад хариу өгөхгүй бол олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хандана.
Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргуулна гэж бодож байна. Энэ нь хүний эрхэнд халдаж байгаа нэг хэлбэр. Тиймээс эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэлээ. Жагсаалын дараа тэд холбогдох хүмүүст шаардлагаа хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Хэдийгээр жагсаалд өмнө нь төлөвлөж байснаар 20 мянга гаруй ээж аав нар оролцоогүй ч талбай дээр жагсахаар ирсэн иргэд утааны эсрэг Засгийн газрыг арга хэмжээ автал дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ илэрхийлсэн юм. Мөн зарим нь Засгийн газрыг огцрох ёстой гэв. Харин жагсаалд оролцоогүй иргэд “хүүхдээ эмнэлэгт харж байна очиж чадахгүй нь уучлаарай, гэртээ хүүгийнхээ эмийг өгч байна. Жагсаалд оролцох хүсэлтэй боловч өнөөдөр амжихгүй” нь гэж утааны эсрэг ээж аавуудын группт үзэл бодлоо илэрхийлж уучлал хүсчээ.
Өнгөрсөн жил агаарын бохирдлын эсрэг 172.3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил таван тэрбум төгрөгийг төсөвлөөд буй юм. Утааны хамгийн их голомттой бүс бол мэдээж гэр хороолол байдаг. Толгойтод амьдарч буй нэг иргэн өдөр 24 минут хэвийн агаараар амьсгалдаг гэсэн судалгаа бий. Мөн Зурагт, Баянхошуу орчимд амьдарч буй иргэд хамгийн бохир агаараар амьсгалдаг байна.
Сэтгэгдэл (3)