Улаанбаатар
Өнөөдөр / 2017.02.27
-3
Өдөртөө
-23
Шөнөдөө

24 баримт: Хэн юу хэлэв “Ерөнхийлөгчийн суудлыг мөрөөдсөн хүнд зориулж хууль гаргах гээд байна”

2017 оны 1 сарын 6

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр боллоо. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Баримт 1. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн заалт байхгүй. УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ гэж заасан байдаг.

 

Баримт 2. УИХ-д суудалтай нам гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. УИХ-д суудалтай нам нь дангаараа нэг, нэг хүн дэвшүүлнэ үү, хамтраад дэвшүүлнэ үү чөлөөтэй. Энэ бүх эрх нь нээлттэй.

 

Баримт 3. Нам бус хүнийг ч гэсэн, зөвшөөрлийг нь авсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж болно гээд байж байгаа.

 

Баримт 4. Сурталчилгааны хугацаа өмнөх хуульд 17 хоног байсныг сунгаж, 22 хоног болгосон. Ингэснээр нэр дэвшигч бүртгүүлээд шууд сурталчилгаагаа эхлүүлэх боломжийг нээсэн.

 

Баримт 5. Суудалгүй намтай хамтраад нэр дэвшүүлсэн ч хорьсон юм байхгүй. Цаад нам нь дэмжээд л оролцоно биз. Хоёр нам нийлэхэд нэг л хүн нэр дэвшүүлнэ.

 

Баримт 6. Энэ хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж, зургаан сараас дээш хугацаагаар гадаадад оршин суугаагүй гэж бичсэн нь, та нарыг өмнөх парламентад олонхи байх үед баталсан хуульд заасан заалт юм. Баасанхүү гишүүний уурыг хүргэх гэж ингэж оруулаагүй.

 

Баримт 7. УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ хууль чинь эрх ашгийн зөрчилтэй болчихоод байна. Н.Энхболд дарга өөрөө уг хуулийг өргөн барьчихсан. Гэтэл М.Энхболд УИХ-ын дарга байдаг. Та хоёр Ерөнхийлөгчид нэр дэвших үү. Хэрэв тийм бол энэ хууль эрх ашгийн зөрчил болно шүү.

 

Баримт 8. Та нарын толгойдоо юу тохирсныг мэдэхгүй. Бие даагч гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулиар шаадлагатай бол нам байгуулаад явбал нэр дэвшүүлэх боломж нээгдэх үү. Энэ хуулийг гаргах шаардлага байгааг ойлгож байна. Нэг хуулиар гурван сонгууль явуулах байтал хоёрыг нь явуулчихаад нэгийг нь явуулахгүй үлдээх чинь хүчинтэй юм уу. Та нар долдугаар сарын нэгэнд юу болсныг санаарай.

 

Баримт 9. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг яаж зохицуулах хуулийг хэлэлцэж байна. Түүнээс биш хэн нэр дэвших асуудал пад байхгүй. Байнгын хорооны дарга нэг хүнийг дэмжээд байгаа юм байхгүй. Бид хуулийн дагуу бүх зүйлийг зохион байгуулж байгаа. Сонгуулийн дараа төрийн ажил явдгаараа явна.

 

Баримт 10. Хуулийн төслийг санаачлагчдын нэг Д.Хаянхярваа: Энэ хууль батлагдвал хүлээн зөвшөөрөхгүй. Долдугаар сарын нэгнийг санаарай гэж байх юм. Ухаантай, туршлагатай парламентч хүн цаашид хэлж байгаа үгэндээ анхаараарай. Ард түмнийг хууль батлагдвал эсрэг ажиллаарай гэж турхираад байна гэж ойлголоо.

 

Баримт 11. УИX-ын гишүүн Т.Аюурсайхан: Хамгийн түрүүнд хууль хоёрдмол утгагүй, ойлгомжтой байх ёстой. Хуулийн нэг зүйл заалтаар зөвшөөрчихөөд нөгөө зүйлээр нь хориглочихдог. Тиймээс салгах нь зөв.

 

Баримт 12. Сүүлийн таван жил Монгол Улсад байнга оршин суусан гэдэг нь гадаадад зургаан сараас дээш хугацаанд амьдарсан бол болохгүй гэсэн үг. Гадаадад амьдарч байгаа хүн гадны этгээдээс санхүүгийн дэмжлэг авч байгаатай агаар нэг. Харь этгээдийн хараат байдалд орж магадгүй.

 

Баримт 13. УИX-ын гишүүн С.Жавхлан: С.Жавхланд зориулсан нэг заалт байна. УИХ-д суудалтай нам эвсэл нэр дэвшүүлнэ гэхээр би байхгүй болчихож байна. Хүн биш болчихоод байна л даа. Үндсэн хуулиар хүний сонгох, сонгогдох эрх нь нээлттэй байдаг. Заавал нэг намаас дэвших ёстой гэсэн ойлголт гарч ирж байна. Жавхлан хүн биш юм бол 54 тойргийн иргэд, намайг дэмждэг монголчууд сонгуульд яаж оролцох вэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг хөдөлгөөн чинь үүнтэй холбоотой.

 

Баримт 14. Та нарын маш сайхан бодож, олон хоног гашилж ийм зүйл хийж байгааг би эсэргүүцнэ. Үүнийг зүгээр орхихгүй. 45 насны хязгаарыг мөн хөндмөөр байна. Гадаа гудамжинд 45 нас хүрсэн хүнийг ажилд авахгүй гэж байхад эсрэгээр нь бид Ерөнхийлөгчид дэвшүүлдэг байдлыг болих хэрэгтэй. Нам бус байдгийг мөн анхаарах хэрэгтэй.

 

Баримт 15. УИX-ын гишүүн О.Баасанхүү: Би дэмжихгүй, энэ хуулийг. Хаширсан хүн. Уг нь Ерөнхийлөгчийн сонгууль аль нам нь хамаагүй. Нэр дэвших гээд намаасаа гарч, шинээр намд элсэх хэрэггүй. Ийм утгагүй зүйлийг МАН оруулж ирсэн. Ганцхан МАН- аас хүн нэр дэвшинэ гэдэг зүйл л дутуу байна.

 

Баримт 16. Өмнөх сонгуулийн хуулийг батлахад Д.Тэрбишдагвыг манай намын хүн гээд ажлын хэсэгт оруулчихсан чинь МАН-ын хүн байсан юм билээ. Тэр шагналаа аваад явсан. Жирийн иргэн өвдөж, зовж нэг жил гадаадад эмнэлэгт хэвтэж болно. Гадаадад ажиллаж байгаа хүн ирээд нэр дэвшиж болохгүй юм уу. Н.Энхбаяр даргыг дэвшчих вий гэж айх юм. Одоо боль оо.

 

Баримт 17. Гурван сая иргэний дундаас төрөө төлөөлөх хүнийг гаргаж ирмээр байна. Тиймээс зарим заалт дээр анхаармаар юм. Та нар хуулийн цоорхойгоор эрх дархаа хамгаалж үлдэх гээд байна. Ард түмэн тэнцвэржүүлэх гэхээр хуулиар боомилоод байдгаа боль. Нам харгалзахгүй хүн дэвшүүлэх Үндсэн хуулийг битгий мушгиад бай.

 

Баримт 18. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуульд хандив гэж цаашид байх юм уу. Өмнөх сонгуулийн үеэр төрийн тэргүүн, мөнгө хоёрыг салгах гээд санал гараад болоогүй юм. Ядаж ажлын хэсгийнхэн үүнийг болиулчихмаар байна. Мөнгөнд их ойртсон төрийн тэргүүн ямар байдгийг харж байгаа биз. Үүнд анхаарч өгөхийг хүсч байна. Хэдий болтол хандив нэртэй мөнгөний урхинд унаж, Монголын төр бузартах юм бэ.

 

Баримт 19. УИX -ын гишүүн Б.Пүрэвдорж: Жил хүрэхгүйн өмнө сонгуулийн хууль батлагдаж, сонгуулиуд болсон. Сонгуулийн хуулиудыг нэгтгэснээр гурван сонгуулийн хоёрт нь Ардын нам ялсан. Гэтэл ялсан Сонгуулийн хуулиа салгах гэж байна. Тиймээс та нарыг хардаж байна.

 

Баримт 20. Сүүлийн үед нэг хүнд зориулсан хууль батлах гээд байх юм. Ерөнхий сайдын суудлыг алгасаад Ерөнхийлөгчийн суудлыг мөрөөдсөн хүнд зориулж хууль гаргах гээд байна.

 

Баримт 21. Н.Энхбаярыг та нар нэр дэвшүүлэхгүй гэж Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг долдугаар сарын нэгэн болгож нам дарсан. Энэ хуулийг би дэмжихгүй. Та нарын тогтоосон дүрэм, тоглоомоор сонгууль явна. Тэр үед ард түмэн түүнд чинь таарсан хариуг нь өгнө.

 

Баримт 22. УИХ-ын гишүүн Л.Болд: Аливаа сонгуулийн хуулийг ярих бүртээ бид болгоомжилж байх ёстой. МАН-ынхан өнөөдөр 65-уулаа ялчихаад орон нутагтаа ялчихаад энэ хуулиа муулаад байх юм. Хар үлдээж яах гэсэн юм. Болж байгаа хуулиар нь хийгээд яв л даа.

 

Баримт 23. УИX-ын гишүүн С.Жавхлан: Би хамаг Монгол даяар, хамаг Монголоо дуулаад нэгтгээд, сэтгэл санаагаар нь нэг болгоод явж байсан шигээ энэ хуулийн эсрэг тэгж ажиллана. Дэлгүүрийн лангуун дээр хатсан боорцог, борц хоёр тавьчихаад үүнийг л ав өөр юм байхгүй гэж байгаа юм шиг тулгалт хийж байна. Их хуралд 45-аас доош насны гишүүд олон бий. Гэтэл үнэндээ хоёр хөгшин азарга л уралдах юм байна. Залуу хүмүүсийн залуурдаад аваад явдаг зүйл боомилогдож байгаа юм. Та нарыг харахаар нээх хөөрхөн хөхрөлдөөд инээгээд суух юм. Энэ чинь инээдэм биш шүү. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн орой руу чинь орно шүү.

 

Баримт 24. УИX-ын гишүүн Н.Цэрэнбат: Ахмад гишүүд дурсамжаа ярьж ирээдүйг баллахаа боль. Өөрийн зүйлсээ зөвтгөхдөө хаа хамаагүй зүйл ярьдгаа боль. Нам чинь дүрэмтэй. Түүнийгээ л хэрэгжүүлээч. Тэмцэгч дүр эсгэж Монголыг авардаг цаг өнгөрсөн. Уншиж, судал.

 

Б.Энхжин

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 1
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...