Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийв. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
-Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрөлдөх үү?
-Ардчилсан намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. УИХ-ын сонгуульд амжилт гаргаж Ерөнхий сайд болдог.
-Намын шинэчилсэн бүртгэл явдагдаж байгаа одоогоор нийт хэдэн гишүүн бүртгүүлж, татвараа төлөөд байна вэ?
-Одоогийн байдлаар 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж 1200 төгрөгийн татвараа төлсөн байна. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр 24:00 цагт хаагдаж байгаа.
-Ер нь намын даргын сонгуульд хэдэн гишүүн оролцох тооцоо байгаа бол?
-Энэ удаагийн сонгуульд 120-125 мянган гишүүн оролцох урьдчилсан дүн мэдээ гарч байна.
-Намын даргын сонгуулийн сурталчилгааг өрсөлдөж буй хүмүүсийг ганц ганцаараа хийхийг хориглосон. Гэтэл цахим ертөнцөд янз бүрийн рейтэнг тогтоох судалгаа гэх халхавчилсан сурталчилгаа яваад байна шүү дээ?
-Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа журмын дагуу зохион байгуулагдаж байгаа. Ардчилсан намаас аливаа санал асуулга, рейтинг тогтоох судалгааг явуулаагүй. Тиймээс фэйсбүүк болон, сайтуудаар явж байгаа дүнг Ардчилсан намаас албан ёсоор няцааж байна. Бид Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нартай уулзаж цаашид ямар, ямар асуудлууд дээр анхаарах вэ гэдэгт ойлголцсон.
-Нэр дэвшигчид одоогоор хэдэн аймгаар явж сурталчилгаагаа хийгээд байгаа вэ. Гишүүд дэмшигчид хэрхэн хүлээж авч байна вэ?
-Нэр дэвшигчид одоогийн байдлаар найман аймаг хоёр дүүрэгт сурталчилгаагаа хийгээд байна. Өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байгаа. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг хийхдээ дүрэм, журмаа сахиж, эв нэгдлийг хангаж ажиллаж байна. Намын шинэчлэлийн бодлого, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа. Нэр дэвшигчдийн очсон газар бүрт АН-ын гишүүд, дэмжигчид ихээр оролцож, намын үйл ажиллагаа сайжирч байна. Намын даргын сонгуулийн хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Энэ сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай ижил төстэй явагдаж байгаа.
Ардчилсан намын даргаа сонгох сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явулах үлгэр жишээг харуулна. Дүрэм журмын хүрээнд ямар нэгэн будлиан гаргахгүй байхаар бэлтгэл ажлаа хийж байна. Бүх аймгийн төв, дүүрэг, сумын төв, тосгодуудад намын даргын сонгуулийг зохион байгуулахаар салбар хороодоо байгуулна. Нэгдүгээр сарын 29 бол ням гараг байгаа. Энэ өдөр АН-ын гишүүд сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (8)