Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоос асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Энэ хуулиар миний эрхийг зөрчиж байна. С.Жавхланд зориулсан нэг заалт байна. УИХ-д суудалтай нам эвсэл нэр дэвшүүлнэ гэхээр би байхгүй болчихож байна. Ер нь энэ сонгуульд үнэндээ хоёр хөгшин азарга л уралдах юм байна” хэмээсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Таныг бие даагчийн хувьд сонгогчид сонгосон. Бие дааж нэр дэвшихээр чинь энэ хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй юм байна гэсэн ойлголтоор саналаа өгсөн байх” хэмээсэн юм. Тэгвэл тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
С.Жавхлан: Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай нам эвсэл нэр дэвшүүлнэ гэхээр би байхгүй болчихож байна
УИX-ын гишүүн С.Жавхлан "Гадаадад оршин суусан асуудлыг тойруулаад яриад байх юм. Н.Энхбаяр даргын тухай яриад байгааг өргөн олон анзаарч байгаа байх. Үүнтэй адил С.Жавхланд зориулсан нэг заалт байна. УИХ-д суудалтай нам эвсэл нэр дэвшүүлнэ гэхээр би байхгүй болчихож байна. Хүн биш болчихоод байна л даа. Үндсэн хуулиар хүний сонгох, сонгогдох эрх нь нээлттэй байдаг. Заавал нэг намаас дэвших ёстой гэсэн ойлголт гарч ирж байна. Жавхлан хүн биш юм бол 54 тойргийн иргэд, намайг дэмждэг монголчууд сонгуульд яаж оролцох вэ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг хөдөлгөөн чинь үүнтэй холбоотой. О.Дашбалбар агсан бие дааж гарч ирээд МУНН-ыг байгуулж, Гомбажавыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн түүх бий. Та нарын маш сайхан бодож, олон хоног гашилж ийм зүйл хийж байгааг би эсэргүүцнэ. Үүнийг зүгээр орхихгүй.
45 насны хязгаарыг мөн хөндмөөр байна. Гадаа гудамжинд 45 нас хүрсэн хүнийг ажилд авахгүй гэж байхад эсрэгээр нь бид Ерөнхийлөгчид дэвшүүлдэг байдлыг болих хэрэгтэй. Нам бус байдгийг мөн анхаарах хэрэгтэй. Парламентад суудалтай улс төрийн нам нэр дэвшүүлнэ гэчихээд яагаад ингэж оруулж ирсэн юм бэ.
Би хамаг Монгол даяар, хамаг Монголоо дуулаад нэгтгээд, сэтгэл санаагаар нь нэг болгоод явж байсан шигээ энэ хуулийн эсрэг тэгж ажиллана. Дэлгүүрийн лангуун дээр хатсан боорцог, борц хоёр тавьчихаад үүнийг л ав өөр юм байхгүй гэж байгаа юм шиг тулгалт хийж байна. Их хуралд 45-аас доош насны гишүүд олон бий. Гэтэл үнэндээ хоёр хөгшин азарга л уралдах юм байна. Залуу хүмүүсийн залуурдаад аваад явдаг зүйл боомилогдож байгаа юм. Та нарыг харахаар нээх хөөрхөн хөхрөлдөөд инээгээд суух юм. Энэ чинь инээдэм биш шүү. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн орой руу чинь орно шүү” хэмээсэн юм. |
Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намаас нэр дэвшсэн хүнийг сонгоно
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "Жавхлан гишүүн ээ, Үндсэн хуульд таны хэлсэн зүйлийг бичсэн байдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлж болно. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд 45 нас хүрсэн хүн сонгогдоно гэсэн байдаг. Сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан байх гээд Үндсэн хууль заачихсан. Зургаагаас дээш cap гадаадад амьдарсан гэдгийг бид нэмж оруулж байгаа юм. Та санал оруулж ирвэл УИХ хэлэлцэхэд бэлэн. УИХ-д суудал бүхий нам гэдгийг өмнө нь сайн тодруулаагүй байсан тул иргэдийн итгэл алдардаг зүйл гардаг байсан. Тиймээс цэгцлэх ёстой тул УИХ-д суудалтай нам эвслийг суудалтай нам гэж үзсэн. Таныг бие даагчийн хувьд сонгогчид сонгосон. Бие дааж нэр дэвшихээр чинь энэ хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй юм байна гэсэн ойлголтоор саналаа өгсөн байх. Инээх зүйл биш. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын хувьд бүх хүн оролцоно. УИХ-д суудалтай намаас нэр дэвшсэн хүнийг сонгоно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн заалт байхгүй. УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ гэж заасан байдаг. УИХ-д суудалтай нам гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. УИХ-д суудалтай нам нь дангаараа нэг, нэг хүн дэвшүүлнэ үү, хамтраад дэвшүүлнэ үү чөлөөтэй. Энэ бүх эрх нь нээлттэй. Нам бус хүнийг ч гэсэн, зөвшөөрлийг нь авсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж болно гээд байж байгаа.
Суудалгүй намтай хамтраад нэр дэвшүүлсэн ч хорьсон юм байхгүй. Цаад нам нь дэмжээд л оролцоно биз. Хоёр нам нийлэхэд нэг л хүн нэр дэвшүүлнэ. Энэ хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж, зургаан сараас дээш хугацаагаар гадаадад оршин суугаагүй гэж бичсэн нь, та нарыг өмнөх парламентад олонхи байх үед баталсан хуульд заасан заалт юм. Баасанхүү гишүүний уурыг хүргэх гэж ингэж оруулаагүй" гэв.
|
Б.Энхжин
Сэтгэгдэл (64)