Дорноговь аймгийн Өргөн суманд цементийн үйлдвэр нээлтээ хийлээ. Энэхүү мэдээллийг 2015 оны 8 дугаар сард сонсоод баярлах басхүү харамсах сэтгэгдэл төрж байв. Хөдөө орон нутагт ажлын байр бий болох томоохон үйлдвэр үүдээ нээсэн нь сайшаалтай ч цементийн үйлдвэр гэхээр тус сумын иргэдийн эрүүл мэнд, говийн усан хангамжинд сөрөгөөр нөлөөлөх болов уу гэх халаглал тухайн үед төрж байсныг нуух юун. Тэгвэл “Чих худалч нүд үнэнч“ гэгчээр Улаанбаатараас хотоос 520 км-ын зайд байрлах Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Монполиментийн харьяа Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар тус үйлдвэрийг зорилоо.
Эл өдөр гурван есийн ид хүйтэн хангинасан жихүүн өдөр байсан ч их бүтээн байгуулалт өрнөж буй говийн нэгэн сум руу хүлгийн жолоо залж буй нь сэтгэл дулаацуулж байв. Монцементийн үйлдвэр нь цементийн гол түүхий эд болох шохойн чулууны Сэнж худгийн уурхайг түшиглэн Өргөн сумын нутагт үйлдвэрээ байгуулсан байна. Сумын төвөөс нэг км орчим зайд байрлах Монцементийн үйлдвэрийн бүсэд ирвэл ёстой л бүтээн байгуулалт өрнөж буй нүднээ илт.
Үйлдвэрийн бүс нь уртаашаа нэг км, өргөөшөө 450 метр талбайд байрлаж, дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгджээ. Тодруулбал цахилгаан эрчим хүч, 3.5 км урт төмөр замыг барьж байгуулсан байна. Мөн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцны хотхоныг ч сүндэрлүүлжээ. Тус үйлдвэр дотоодын цементийн тээрмүүдийг 170 жил цемент, чулуунцараар хангах Монголд төдийгүй дэлхийд цөөхөн үйлдвэрүүдийн нэг учир ийнхүү эхнээсээ бүтээн байгуулалтыг өрнүүлж, цементийн үйлдвэрт хувьсал хийж, Өргөн сумыг хот болгох их зорилтыг өмнөө тавин ажиллаж байна гэдгээ бидэнд танилцуулж байсан юм.
“Монцемент” цементийн үйлдвэр нь орчин үеийн хуурай аргаар хоногт 3000 тонн чулуунцар, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Харин “Монцемент” үйлдвэрийг бүтээн байгуулах зардлын 25 хувийг бондоос, 33 хувийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас, 42 хувийг "Монполимет" групп санхүүжүүлсэн байна. Хөгжлийн банкнаас гаргасан тайланд дурдсанаар цементын үйлдвэрийн төсөлд 65 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Харин төслийн нийт зардал 260 сая ам доллар болсон аж. Тэгвэл тус үйлдвэрт зочлох, тэднээс мэдэж авахыг хүссэн цөөхөн зүйлийн нэг болох дээр өгүүлсэнчлэн цементийн үйлдвэр нь иргэдийн эрүүл мэнд, говийн усан хангамжинд хэрхэн нөлөөлөх гэх мэт эргэлзээ төрүүлсэн асуултынхаа учгийг тайлахаар холбогдох албаны хүмүүсээс дараах зүйлийг асууж тодрууллаа.
-Танай үйлдвэрт зочилж, их бүтээн байгуулалттай танилцаж байгаадаа таатай байна. Та үйлдвэрийнхээ талаар танилцуулаач?
-Монцемент үйлдвэрийн хамт олон орчин үеийн хуурай аргын технологитой цементийн үйлдвэр барьж байгуулах ажлыг Монгол Улсын инженерүүд, Их Британи, Швейцарт, Энэтхэг, Франц, БНХАУ-ын төслийн багийнхантай хамтран гүйцэтгэж, өнөөдөр үйлдвэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Бид олон улсын ISO, Монгол Улсын MNS 974 болон Европын стандартыг хангасан олон төрлийн, өндөр чанартай цемент, чулуунцар үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг хангаж байна.
-Та бүхэн хэдэн нэр төрлийн цемент үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна вэ?
-Монцемент үйлдвэр PC 42.5, OPC 42.5, PC 52.5, сульфатад тэсвэртэй цементийг үйлдвэрлэж, 50 кг болон 1 тонн ууттай, задгайгаар зах зээлд нийлүүлж байна. Манай бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн гар дээр очоод жил гаруйн хугацаа болж байгаа болохоор хэдийнэ олонд “тэмээтэй цемент” гээд танигдчихсан эрэлт ихтэй бүтээгдэхүүн болоод байгаа. Ер нь бид импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрийг байгуулсан болохоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, хөрш орнууд руу бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.
-Энэхүү төслийн хэрэгжүүлэгчээр ямар, ямар байгууллага ажиллаж байгаа талаар сонирхуулаач?
-Монполитент групп энэхүү төслийг санаачлан дэлхийд цементийн үйлдвэр байгуулах төсөлд хамгийн олон хөрөнгө оруулалт хийсэн технологийн хяналтын туршлагатай Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танай үйлдвэр хуурай аргын технологитой цементийн үйлдвэр гэсэн. Үүнийг та жаахан тодруулж өгөөч. Цементийг хуурай аргаар гаргаж авахын давуу тал юу байх юм бэ?
-Бид орчин үеийн хуурай аргын технологиор үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ нь нойтон аргын технлогиос үйлдвэрийн усны хэрэглээ нь 4 дахин бага байдаг. Мөн үйлдвэр хэрэглэсэн усаа цэвэрлэж, дахин ашигладагаараа онцлог. Манай үйлдвэр ахуйн хэрэглээний усыг 98 хувь хүртэл цэвэршүүлэх байгууламжтай. Энэ нь говийн бүс нутгийн усан хангамжинд сөргөөр нөлөөлөхгүй байх давуу талтай юм.
-Говийн бүсийн усан хангамжинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг үнэхээр таатай сонсогдож байна. Харин цементийн үйлдвэр болохоор нарийн тоосжилт их гарч, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болов уу?
-Хуурай аргын технологи нь нойтон аргын технологиос 2 дахин бага эрчим хүч, түлш зарцуулж, тоосжилт, хүлэмжийн хийн ялгаруулалт маш бага байдаг. Мөн манай үйлдвэр бүрэн автоматчилагдсан болохоор нарийн тоосжилт гарахгүй учраас иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй.
-Үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан эрчим хүч гаргаж авдаг гэсэн. Тэгвэл хаягдал халуун хийгээр хэрхэн эрчим хүч гаргаж авдаг юм бол. Мөн хоногт хэдэн квт-ын эрчим хүч гаргаж авдаг вэ?
-Монцемент үйлдвэр цементийн үйлдвэрээс гарах хаягдал халуун хийгээр 5000 кВт эрчим хүч, дулаан үйлдвэрлэх WHR үйлдвэрийг Монгол Улсад анх байгууллаа. Энэхүү үйлдвэрийг эргэх зуухнаас гарч буй халуун уурыг чулуунцарын хийн хөргүүрээс гарах агаарын солбилцолтой урсгалыг зохицуулснаараа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ төв шугам руу холбож өгсөн. Ингэснээрээ бид төв шугамаас авах эрчим хүчээ хэмнэж байгаа төдийгүй байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл явуулж байгаагаараа онцлогтой. Дулаан үйлдвэрлэх WHR үйлдвэр нь нэг цагт 4 мВт цахилаан үйлвэрлэх хүчин чадалтай.
Монцемент үйлдвэр нь цементийн зах зээлд 200 жилийн туршлагатай, чанар эко технологи борлуулалтаар дэлхийн тэргүүлэгч Франц улсын Лафарж болон Швейцар улсын Холсим нарын хамтарсан группын технологийг анх удаа Монголд нэвтрүүлж буй. Тэгвэл тус үйлвэрийн дарга Ehab Dewidor үйлдвэрийнхээ талаар “Манай үйлдвэр нь шохойн чулууны бутлуураас савлах хэсэг хүртэл бүрэн автоматчилагдсан эко үйлдвэр. Монцемент үйлдвэр нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай гэдгээрээ ихээхэн онцлогтой. Энэхүү банк нь зөвхөн санхүүгийн талаасаа дэлхийд тэргүүлэгч байгууллагууд болохын зэрэгцээ компанийн засаглал, тоног төхөөрөмжийн тэргүүлэл, байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэлийг дэлхийд нэвтрүүлэхийг зорьдог байгууллагад л хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс энэ бүхнээс манай үйлдвэрийг ямар үйлдвэр вэ гэдгийг шууд харж болох юм.
Өнөөдөр төсөл хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж байгаа ч саад бэрхшээл багагүй байгааг энд өгүүлэх нь зүйтэй болов уу. Жишээлбэл Монгол Улсын Хөрөнгө оруулалтын хууль болон импортын бараа таваарын хуулийн хэрэгжилт нь төслийн явцад багагүй хүндрэл учруулж байсан. Үүнийг онцолж байгаагийн учир нь Монгол Улсад бизнесийн, хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох нь бусад хөрөнгө оруулагчдыг өөртөө татах боломжийг бүрүүлэх учиртай. Бид өмнө нь нэлээд олон улсад хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлсэн. Ингэхэд дээрх улс орнууд энэ мэт үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтын ажилд төрөөс дэмжлэг үзүүлж, татвараас чөлөөлөх ч юмуу ямар нэгэн бизнесийн таатай орчинг бүрдүүлж өгч байсан нь амжилтын бас нэгэн тулгуур болж байсан юм. Монцемент үйлдвэр өдгөө 300 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 40 орчим хувь нь орон нутгийн иргэд гэдгээрээ онцлог. Мөн үйлдвэрт ажиллах боловсон хүчинг төслийн хүрээнд гадны томоохон улс орнуудад сургаж, өндөр түвшний мэдлэгтэй боловсон хүчинг бэлтгэх, өдөр тутамд үйлдвэрт ажиллах ажилчдыг талбайн сургалтаар боловсруулах зэрэг стратегийн чухал ач холбогдолтой төсөл хэрэгжиж байна гэж ойлгож байгаа” хэмээсэн юм.
Ийнхүү Монцементийн үйлдвэртэй танилцаж, албаны хүнээс үг сонсоод буцах замд “Үнэндээ хөдөө орон нутаг энэ мэт үйлдвэрүүд сүндэрлэж, ажлын байр бий болвол Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөн багасаж, өнөөдөр хүн бүрийн толгойн өвчин болоод буй утааны асуудал ч цэгцрэх байх даа” гэх бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Мөн хотын төвөөс 500 гаруй км-ын зайд үйлдвэрлэл явуулж, их бүтээн байгуулалтыг өрнүүлж буй Монцементийн хамт олноор бахархаж, бардамнах сэтгэгдэл төрж байсныг нуух юун.
Б.Энхжин
Сэтгэгдэл (9)