Туркийн гадаад бодлого Тайип Режеп Эрдоганыг Ерөнхийлөгч болсноос хойш буюу 2014 оноос эрс идэвхжиж “Исламын улс” болон курдуудын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг нь Турк болон Ерөнхийлөгч Эрдоган болов. Дэлхийн хэвлэлүүд “Исламын улс”-ын эсрэг Туркийн довтолгооны тухай биш, харин курдуудыг хэрхэн бөмбөгдөж, Ерөнхийлөгч Эрдоганы Турк Улсыг ганцаар хаанчлах гэсэн хүслийн тухай илүүтэй бичиж байна.
“Исламын улс”-ыг бус Курдыг дарах гэсэн оролдлого
Туркийн эрх баригчид өөрсдөө Курдистаны ажилчны намын (КАН) эсрэг байлдаж байгаа хэмээн тайлбарлаж байна. Харин курдууд Эрдоганыг 2012 онд байгуулсан энхийн гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Энэ гэрээг байгуулахаас өмнө Турк, КАН хоёрын хооронд олон жилийн дайн өрнөж 40 орчим мянган хүн амиа алдсан юм. Курдуудын хөдөлгөөн нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд зөвхөн КАН-аас бүрддэггүй.
АНУ Иракт дайн эхлүүлснийхээ дараа курдуудыг дэмжих болсон. Тиймээс Эрдоган курдуудыг гэнэтхэн довтолж эхэлсэн нь Вашингтоныг эвгүй байдалд оруулав.
Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл америкчууд Турк, КАН хоёрын аль нэгийг сонгон холбоотноо болгох хэрэгтэй болно. Вашингтон Сириг бөмбөгдөхөөс татгалзсанаас хойш Турк, АНУ-ын харилцаа муудсан. Гэхдээ геополитикийн хувьд туркууд АНУ-д илүү хэрэг болно. Ийм байдлаар Ойрхи Дорнодын болон Туркийн нөхцөл байдал дарьтай торх шиг болж байна. Ажиглагчид Турк нь “Исламын улс”-тай тэмцэх нэрийдлээр курдуудыг дарахыг оролдож байна гэж үзэж байна. Хэдийгээр Туркийн эдийн засаг, армийн хүчин чадал муугүй ч 30 жил болоход курдуудыг дарж чадаагүй. Харин одоо Анкарагийн хувьд нөхцөл байдал улам хүндрэв. Хэрэв бүх хүчээ курдуудын эсрэг чиглүүлбэл хэтэрхий эрсдэлтэй алхам болно. Эрдоганы цаад санаа нь “Исламын улс”-ыг биш, КАН-ыг дарж авах явдал гэсэн санааг дэлхийн хэвлэлүүд тодотгож байна.
Замдаа таарсан бүхнийг зайлуулагч
Ататурк шашныг улс төрөөс тусгаарлаж, орчин үеийн Турк Улсыг байгуулсан. Харин Эрдоган шашны үйл ажиллагаанд маш идэвхтэй нэгэн. Түүний байгуулсан Шударга ёс, Хөгжлийн нам Засгийн эрхэнд гарахаас өмнө шашны туйлшралаас нь болж, цэргийн эрхтэнүүд түүнийг улс төрд ороход нь дөрвөн удаа хориг тавьж байжээ. Харин 2013 онд Шударга ёс, Хөгжлийн намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэргээр армийн өндөр албан тушаалтай 17 хүнд бүх насаар нь хорих ял оноосноор Эрдоган саад болж байсан цэргийн эрхтэнүүдээс ангижирсан юм. 2011 онд Туркийн 200 гаруй цэргийн, тэнгисийн цэргийн болон нисэх хүчний албан хаагч, сэтгүүлч шашингүй үзэлтэн, улстөрчдийг шорон руу илгээсэн явдал дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байсан. Энэ үед Ерөнхий сайд байсан Тайип Режеп Эрдоганыг сөрөг хүчний улстөрчдийг замаасаа зайлуулахын тулд шүүх тогтолцоог ашигласан хэмээн буруутгаж байсан ч газар авалгүй намжсан юм. 2013 оны зургадугаар сард Эрдоган Станбул хотод гарсан эсэргүүцлийн томоохон жагсаалыг хүчээр тараасан. Шударга ёс, Хөгжлийн намыг исламын хэт туйлширсан суурьтай гэж буруутгадаг тэрс үзэлтнүүд эсэргүүцлийн хөдөлгөөнийг бусад хотод дэвэргэж байв. 2013 оны арванхоёрдугаар сард Туркийн Засгийн газар авлигын хэрэгт орооцолдсон тухай шуугиан дэгдэж, олон хүн баривчлагдсаны дотор кабинетын гишүүд болон хүүхдүүд нь байсан билээ. Тус улсад өнгөрсөн долдугаар сард болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа Эрдоган хэдэн зуун мянган хүнийг ажлаас нь халж, хорьж, гадуурхаж байгаа юм. Түүнээс гадна хэд хэдэн хэвлэл мэдээллийг террорист бүлгэмүүдийн ухуулга сурталчилгаа хийсэн гэж буруутган хаасан төдийгүй парламентын курд гишүүдийг энэ шалтгаанаар баривчилжээ. Энэхүү өөрийнхөө эсрэг буй хүмүүсийг цэвэрлэх ажиллагааг Европын холбоо шүүмжилж, гэрээ хэлэлцээрээ царцаахыг анхааруулаад байгаа. Гэвч Эрдоган үүнийг үл тоон, “Босогчид одоо ч манай цэрэг, цагдаа, шүүхэд орогносоор байна. Бид тэдэнд улс үндэстнээ өгөхгүй. Тиймээс хэрэгтэй бүхнийг хийнэ” гэдгээ мэдэгдээд байгаа юм. Цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойших хугацаанд л гэхэд аюулаас хамгаалах хүчний 9997 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Албан ёсны мэдээнд дурдсанаар, төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбоотойгоор онц байдлын дэглэм зарлах тухай хуулийн хүрээнд аюулгүй байдлыг хангаж, нийгэмд хэв журам сахиулах үүднээс хамгийн багадаа 550 ТББ, 19 хувийн эмнэлэг болон есөн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаажээ. Мөн Дотоодыг хамгаалах яам, Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн, Эрчим хүчний, Хуульзүйн яам болон бусад төрийн байгууллага, төрийн мэдлийн телевиз, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 55 мянган албан хаагчийг ажлаас нь халсан байна.
Туркийг бүх насаараа хаанчлах гэсэн хүсэл
Режеп Таийп Эрдоган Турк Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай орон болгохоор зүтгэж байгаа. Парламент дахь үндсэрхэг үзэлтнүүд түүний саналыг хүлээн авч, үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүнийг 2029 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжихээ илэрхийлсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Туркийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үйл явц дахин нэг алхмаар урагшиллаа гэж хэлж болно. Туркийн Ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган болон түүнийг хүрээлэгчид өнгөрснөөс сургамж авч, Засгийн газрын хэврэг бүтэц, хагарлаас хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Харин эсэргүүцэгчдийн зүгээс засаглалын шинэ хэлбэрт шилжсэнээр авторитар дэглэмийг бий болгоно гэж шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламентын анхан шатны санал хураалтаар 338 хүний дэмжлэг авчээ. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болж байна. Санал асуулгыг ирэх хавар зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Туркийн Үндэсний ассамблей 550 хүний суудалтай бөгөөд хуулийн төслийг дэмжин батлахад 330 санал шаардлагатай байсан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы гарт хэмжээлшгүй эрх мэдэл төвлөрч, тэр Засгийн газрын сайд нарыг томилох, огцруулах, эрх баригч намыг тэргүүлэх эрхтэй болохоос гадна 2029 он хүртэл Туркийн төрийн эрхийг барих боломжийг бүрдүүлнэ.
“Maarif” сан
Ахмет Давутоглу Туркийн Ерөнхий сайдаар ажиллах үедээ Боловсролын яамны харьяа сан байгуулах саналыг парламентад оруулж байсан. Үүний дагуу Ерөнхийлөгч Эрдоганы зарлигаар нэг сая турк лирийн хөрөнгөтэй “Maarif” хэмээх сан байгуулагдсан юм. Энэхүү сан нь гаднын улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжин оюутан, багш нарын дотуур байр, соёлын төв, номын сан, лаборатори, урлаг, спортын танхим зэргээр хангах үйлчилгээг үзүүлэх юм. “Maarif” сангийн комисст Боловсролын яамны хоёр, Гадаад хэргийн яамны нэг, Сангийн яам болон Дээд боловсролын байгууллагын тус бүр нэг, Засгийн газрын гурван гишүүн багтдаг. Тэгвэл тус сан нь Саудын Арабын Засгийн газраас санхүүждэг тухай “TR724” сайт мэдээлжээ. “Maarif” сан нь Туркийн Засгийн газраас санхүүждэг атлаа өөр улсаас санхүүгийн дэмжлэг авч буй нь олон хүний гайхашралыг төрүүлж байгаа ажээ. Түүнчлэн тус сан байгуулагдсанаасаа хойш гадаад улс орнууд дахь турк сургуулиудын үйл ажиллагааг дэмжих дорвитой юу ч хийгээгүй бөгөөд гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх мэдэлтнүүдийн мөнгө завших гэсэн нэг хэлбэр хэмээн бичиж байна.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Сэтгэгдэл (2)