С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж, шүүхээс Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ялын дээд хэмжээ оноосон. Харин тэдний ар гэрийнхэн эл хэргийн талаар “С.Зоригийн хэрэгт гэмгүй хүмүүсийг буруутган хэлмэгдүүлж, жинхэнэ захиалагч, алуурчид нь нууц хэвээр үлдэх гэж байна” хэмээн удаа дараа мэдээлж, хууль хүчний байгууллагаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаад байгаа. Тэгвэл өчигдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн мэдээлэл хийж, тэднийг “Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон” хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Амгаланбаатарын хэлсэн үгийг няцааж, дээрх галын хэрэг нь цахилгааны утаснаас болсон хэрэг гэсэн галын нотломж гарсан гэх шинэ баримтыг дэлгэсэн. Энэ үеэр анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхнээс зарим нэгэн таавар хэвээр байгаа зүйлийн талаар тодруулснаа сийрүүлье.
-Та бүхэн Ц.Амгаланбаатарыг ойр дотно өссөн хүмүүсээ эл хэрэгт буруутган татаж байна хэмээн үзэж байгаа. Яагаад ингэж ойлгож байгаа талаараа тодруулаач?
-Ц.Амгаланбаатар бид хоёр нэг айлын өргөмөл эгч, дүүс. Уг нь Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр 25 жилийн ял сонссон ч эдлэх ялынхаа 10 жилийг суучихсан. Одоо 15 жил гэдэг залуу хүний хувьд гайгүй хугацаа шүү дээ. Гэтэл яагаад өөрийгөө яллаад давхар эдгээр хүмүүсийг яллуулж байгаа нь үнэхээр гайхаж, эргэлзээ төрүүлж байна. Харин чанга дэглэмтэй хорих газарт байсан хүн ямар бодолтой ингэж байгааг нь бодоод ч олохгүй юм. Гэхдээ ямар нэгэн шалтгаан байгаа байх л даа. Ц.Амгаланбаатар ял аваад явсныхаа дараа надтай утсаар холбогддог байсан. Нэг удаа “Намайг Улаанбаатар хотын дамжин өнгөрүүлэх төвд хоёр хүн авч ирж, эмнэлэгт хэвтүүлсэн. Надад санаа зовох хэрэггүй” гэж 94965934 гэсэн дугаарын утаснаас ярьсан. Үүнээс хойш 2 жил хаана байгаа нь мэдэгдэхгүй болчихсон.
-Тэгэхээр та Ц.Амгаланбаатарыг ч эл хэрэгт холбоогүй гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Би Ц.Амгаланбаатарыг ч энэ хэргийг хийгээгүй гэж бодож байгаа. С.Зоригийн хэргийг гарах үед энэ хүн чинь 16 настай, хээр морио унаад л явж байдаг хүүхэд байсан юм шүү дээ. Юун тэр С.Зориг гэдэг хүнийг таниж, алах. Харин эрх мэдэлтэй хүмүүс Ц.Амгаланбаатарыг жүжгийнхээ гол дүрд тоглуулчихаад жинхэнэ эзэд нь олдохгүй үлдэж байна даа л гэж бодож байна.
-Ц.Амгаланбаатар багадаа хэр хурц ааштай хүүхэд байсан бол. Таксины жолоочийг мөчилж хөнөөсөн гэхээр?
-Багадаа хөдөлгөөнтэй сэргэлэн л хүүхэд байсан болохоос ширүүн дорвиун ааштай хүүхэд байгаагүй. Харин 2000 оноос л хойш жаахан ааш нь эвдрээд байх шиг санагддаг байсан юм. Таксины жолоочийг хөнөөсөн талаар би юу ч мэдээгүй байж байгаад баривчлагдаад явсных нь дараа л мэдсэн.
-Ц.Амгаланбаатартай хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?
-2013 оны 10 дугаар сард л дээрх зүйлийг яриад түүнээс хойш холбогдоогүй. Харин 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тагнуулынхан надтай уулзуулсан. Тэр үед би "Миний дүү даанч яав даа. Ах дүү хамаатан садан, таньдаг хүмүүсээ ийм муухай зүйлд гүтгэдэг нь яаж байгаа юм бэ" гэж асуухад надтай үнэхээр аймаар харьцсан. Намайг ална хядна гээд нүд ам нь аймаар болоод байсан. Би гарах гэтэл тагнуулын тэр хоёр халх хувцастай хүн уулз гээд намайг зөндөө дарамтлуулсан. Харин би дараа нь тэр тагнуулын хүмүүсээс яагаад ингэж намайг дарамтлуулж байгаа юм бэ гэж асуухад “Шоронд байгаа 25 жилийн ял сонссон хүмүүс угаасаа ийм араншинтай болчихдог юм. Та энэ тухай ямар нэгэн хүн, хэвлэл мэдээлэл яривал төрийн нууц задруулсан хэрэгт орно. Эл хэрэг чинь төрийн нууцын зэрэглэлтэй болохоор та нэг ч хүнд хэлж болохгүй" гэсэн. Тиймээс ч би 1 жил 5 сар хэнд ч юу ч хэлэлгүй шаналаад л явсан хүн шүү дээ.
-Та Ц.Амгаланбаатарыг шоронд орсноос нь хойш эргэж тойрч байсан уу. Танд ямар нэгэн байдлаар өс санах шалтгаан байсан юм болов уу?
-Уг нь үгүй л баймаар юм. Би шоронд орсноос нь хойш зөндөө л олон удаа эргэж, тойрч холбоотой байсан.
-Ц.Амгаланбаатарын тухайд өргөмөл хүүхэд байсан гэсэн. Түүний төрүүлсэн аав ээжтэй нь та ямар нэгэн холбоотой байдаг уу?
-Ц.Амгаланбаатарын төрүүлсэн ээжийг нь би огт харж байгаагүй. Харин аав нь энх тунх Эрдэнэт хотод амьдарч байгаа. Би төрүүлсэн аавд нь энэ тухай хэлсэн. Тэр хүн даанч яав даа л гэж халаглаж сууна лээ.
-Ц.Амгаланбаатар хашаандаа цогцос авч ирсэн гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Танд энэ талаар мэдэж байгаа зүйл байгаа болов уу?
-Үүнийг би ташаа мэдээлэл гэж бодож байна. Ц.Амгаланбаатар хашаандаа цогцос авч ирсэн биш. Харин манай дүү Т.Бямбасүрэнгийн хашаанд нэгэн цогцос оруулаад хаячихсан байсан юм. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад тогтоосон зүйл байх аа.
-С.Зоригийн хэрэгт яагаад танай хүү холбогдчихов оо. Та бүхэн удаа дараа мэдээлэл хийлээ?
-С.Зоригийн хэрэг гэдэг чинь улс төрийн л хэрэг байсан биз дээ. Гэтэл энгийн номхон иргэдээр энэ хэргийг хаалгаж, улс төрчдийгөө нуун дарагдуулах гэсэн шалтаг байна л гэж би бодож байгаа. 25 жилийн ял авсан Ц.Амгаланбаатарыг л бамбай болгож байна шүү дээ. Түүнээс биш жирийн малчин, ногоочин хүүхэд яах гэж тэр хүний аминд хүрсэн байх вэ дээ. Тэр 22-хон настай хүүхэд улс төрч хүний албан тушаал, эд хөрөнгийг нь авах гэж алсан байна гэж байхгүй биз дээ.
-Улсын Ерөнхий прокурор Б.Содномдаржаа нарыг “Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон” хэмээсэн. Энэ талаар?
-Улсын Ерөнхий прокурор Амгаланбаатар гэдэг хүнд сая Ц.Элбэгдорж том албан тушаалд томилсон байна лээ. Гэтэл тэр хүн төрийн том индэр дээрээс “Энэ хүмүүс С.Зоригийг алчихаад мөрөө баллахын тулд айл шатаасан гээд хэлээд сууж байгаа юм. Тэр хүн яаж чадаж байна. С.Зоригийн хэргээс хойш 8 сар 10 хоногийн хугацааны дараа болсон хэргийг мөрөө баллахын тулд гэж яаж хэлж чадаж байна вэ. Үүнийг би бүгд хуйвалдаан гэж үзэж байна. Би тэр хүнд хандаж, “Та ёстой болиорой. Энэ сайхан төрийн дээд индэр дээрээс ард түмний сэтгэл санааг үймүүлж худал хэлэхээ болиоч. Ингэж хэлснийхээ төлөө дахиад өндөр албан тушаалд очих уу” гэж хэлж, асуумаар байна. Үнэхээр гомдож байна.
-Галын хэрэг цахилгааны утаснаас болсон гэдэг нотломж гарсан юм байна?
-Тийм ээ. Бүхэл бүтэн албаны хүний галын шалтгаан нь цахилгааны утаснаас болсон гэдэг нотломж гарсан байхад яаж ингэж хэлж чадаж байна вэ. Гал гарсан айлын хүмүүс хүртэл үнэхээр цахилгааны утаснаас болсон. Олон жил болсон утас байсан гэж хэлсээр байхад яагаад ингэж хэргийг жирийн хүмүүст тохох гээд байгаа нь үнэхээр гайхаж байна. Өнөөдөр хуулийн байгууллага гэж үнэхээр хачин болчихсон, шударга шүүх гэж байхгүй болчихсон юм байна гэж бодож байна.
-Та бүхэн шүүх хурлаас хойш ямар нэгэн байгууллага, хүмүүст хандсан уу?
-Бид шүүх хурлын дараа Эрдэнэтэд тайван жагсаал зохион байгуулсан. Өөрсдийн хөлөө хүрэх газар хүртэл явж, хандаж байна. Хамгийн гол нь ард түмэн хүүхдүүдийг минь буруугүй гэж харж, бидэнд сэтгэлийн дэм өгч байгаад нь туйлын их баярлаж байна. Үнэн мөн олдох байх аа.
- Б.Содномдаржаа хувь хүнийхээ хувьд ямар хүүхэд байсан юм бэ?
-Миний хүү их өрөвч, хүнд тусархуу хүүхэд байсан. Хүү маань Эрдэнэтэд 8 дугаар анги төгсөөд ТМС-д сурч төгссөн, гагнуурчин мэргэжилтэй хүн. Харин багаасаа аав ээждээ туслаад л ногооны талбай, малын фермд ажиллаж өссөн хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Хамгийн гол нь зүрх муутай зөөлөн хүн болохоор л хүний дарамт шахалтанд ороод л элдэв зүйл дээр гарын үсэг зурчихсан байх вий дээ л гэж айж байна.
-Уучлаарай нэгэн таагүй гэмээр зүйл асуух гэсэн юм. Танайх амьдралын хувьд хэр боломжийн амьдралтай айл вэ. Зарим хүмүүс эдгээр хүмүүс их хэмжээний мөнгө аваад эл хэргийг үйлдсэн байж болох гэх хардлагатай байх шиг байна?
-Манайх ер нь хэдэн үеэрээ боломжийн амьдралтай, хөдөлмөрч хүмүүс байсан. 50 тарлан үнээтэй түүнийхээ сүүг зарж борлуулдаг, 10 га газар ногоо тарьж, Эрдэнэтийн ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангадаг айл. Эрдэнэтийн хөдөлмөрчин олон, удирдах албан тушаалтнууд гээд бүгд мэднэ дээ. Манайхан арга ядсандаа хэн нэгнээс мөнгө аваад хүний аминд хүрчих хүмүүс биш.
-Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатарыг таксины жолоочийг хөнөөсөн гэх хэргийг нь илчилсэн болохоор өс санаж эл хэрэгт татаж байна гэх мэдээлэл байсан. Үүнийг та хэр сайн мэдэх вэ?
-Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай Эрдэнэт хотын мөрдөн байцаагч Эрдэнэбат гэдэг хүнтэй хүү маань найз байсан юм. Тэгээд л дуулж сонссон зүйлээ хэлснээс болсон байх магадлалтай. Энэ талаар яг өөрөөс нь сонсоогүй ээ. Харин хамгийн гол нь эргэж тойрч байгаагүй болохоор л өс санаж, дарамталж, элдэв мессеж бичиж, эцэстээ шоронд орууллаа л гэж бодож байна.
-Та шүүх хурлын дараа Б.Содномдаржаатай уулзсан уу. Юу гэж байх юм?
-Шүүх хурлын дараа 15 минут уулзсан. Тэр үед хүү маань “Ээжээ хүү нь үнэхээр энэ хэргийг хийгээгүй шүү. Шүүхийг ийм шийдвэр гаргана гэж үнэхээр бодсонгүй” гээд хоолоо ч идэхгүй уйлж байсан. Хүү маань эхнээсээ л их дарамтлуулж байсан. Одоо ч дарамтлуулж байгаа нь ойлгомжтой.
-Та бүхэн шүүх, хуулийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргасан уу. Тухайлбал Б.Содномдаржаад элдэв дарамталсан мессеж ирдэг байсан гэсэн?
-Бид хуулийн байгууллагад гомдол гаргахаар огт авч хэлэлцдэггүй. Мессежний тухайд энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд л хэрэгсэхгүй болгочихсон.
-Таны охин яагаад С.Зоригийн хэрэгт холбогдоод ялын дээд хэмжээ сонссон гэж та үзэж байна вэ. Т.Чимгээ Ц.Амгаланбаатартай дотно харилцаатай байсан учраас өөр хүнтэй суухаар нь өс санасан гэх мэдээлэл байсан?
-Энэ бол Ц.Амгаланбаатарын л хийж байгаа ажил. Гэхдээ тэр хүн яагаад миний охиныг ийм муухай зүйлд гүтгэж байгааг нь үнэхээр ойлгохгүй юм. Охин маань тэр хүнтэй ямар ч ойр дотно холбоо байхгүй. Тэр хүн чинь 25 жилийн өмнө хүний хань болоод Эрдэнэтэд очсон Дорноговь аймгийн унаган хүүхэд шүү дээ. Харин Ц.Амгаланбаатар өөрөө 25 жилийн ялтай хүн болохоор хэн нэгэн эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүний гар хөл болж, ойр дотно байсан таньдаг хүмүүсээ л татаж, өөрөө шоронд арай гайгүй байх гэсэн санаа л байх л гэж бодож байна. Ер нь чанга дэглэмтэй шоронд байгаа хүн утас олоод хүүхдүүд рүү маань мессеж бичиж байсан гэхээр их л сонин байгаа биз дээ.
-Та Ц.Амгаланбаатарыг хэр сайн мэдэх вэ?
-Би Дорноговь аймгийн хүн болохоор тэр бүр Эрдэнэтэд охин дээр очоод байж чаддагүй байсан. Гэхдээ хоёр гурван удаа бол очиж байсан. Тэр үед бол харж ч байгаагүй.
-Анх охиныг нь ямар байдалтай баривчилж явсан бэ. Та бүхэн баривчлагдсныг нь мэдээгүй гэж сонссон?
-Тийм ээ бид мэдээгүй. Охиныг маань ажилдаа явж байхад нь л баривчилаад аваад явсан байсан. Харин гэрийнхэн нь хоёр хоногийн дараа надад утсаар хэлсэн. Тухайн үед үнэндээ яах аа ч мэдэхгүй шоконд орчихсон байсан. Гэтэл хэн хаанаас бариад явчихваа гэтэл тагнуулынхан баривчлаад явсан гэсэн. Тэр үед тагнуулын гэдэг хүмүүс чинь миний ой тоонд ч орж байгаагүй хүмүүс болохоор ямар хүмүүс вэ гэдгийг нь хүртэл асууж байлаа. Гэхдээ хүн андуурсан байх. Гайгүй байх гэж бодож байтал гэнэт энэ том хүний хэрэгт холбоотой болчихсон.
-Таниас охины чинь талаар байцаалт авсан болов уу?
-Охиныг маань баривчилсныхаа дараа нэг сар орчмын дараа тагнуулынхан гэдэг хүмүүс Дорноговьд манай гэрт очоод хамаг юмыг маань бусниулж нэгжлэг хийж, элдэв зүйл асуусан. Би тухайн үед үнэхээр охинд маань тус болох зүйл байвал бүгдийг нь л ав гэдгээ хэлсэн. Тэр үе бас үнэхээр аймаар юм билээ.
-Та охиноо хоригдсоноос нь хойш эргэж очсон уу. Сэтгэл санааны хувьд ямар байдалтай байсан бэ?
-Би охиноо нэлээд олон удаа эргэж очсон. Хамгийн эхэнд охинтойгоо уулзахад тагнуулын байцаагч н.Бямбажав гэдэг хүн намайг охинтой минь зэрэгцүүлж суулгаж байгаад 2 цаг орчим уулзуулсан. Би ч охиноо үнсээд л тэр хүнд их баярлаж байсан. Гэтэл энд ямар нэгэн зорилго байсан юм шиг байна лээ. Би үнэнийг л хэлнэ. Тэр хүмүүс намайг шорондоо хийвэл хийнэ л биз. Би айхгүй. Харин түүнээс хойш хоёр удаа уулзахад шилний наана цаанаас уулзуулсан. Т.Чимгээг маань шоронд байхад охин нь авто ослоор өөд болсон юм. Охиныг нь өөд болсны дараа очиход охин маань “Ээжээ надад үнэхээр хэцүү байна. Би амьд явах хэрэг байна уу. Би яах вэ” гээд л уйлж байсан. Өмнө нь намайг гаргаж аваач ээ гээд уйлдаг байсан бол охиноо өөд болсных нь дараа бол үнэхээр их гутарчихсан байсан.
-Т.Чимгээгийн ар гэрийнхэн хотод шилжээд ирсэн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн болов уу?
-Тийм ээ. Хүргэн маань эхнэрээ ийм хэрэгт холбогдчихоор нь эргэж тойроход ойр гээд хотод нүүж ирсэн. Энд айлын байшин түрээслээд амьдарч байгаа. Хүргэн маань ч шоконд орчихоод шокноосоо гарч чадахгүй үнэхээр хэцүү байгаа.
-Та шүүхийн шийдвэр гарснаас хойш охинтойгоо уулзсан уу?
-Үгүй ээ. Би үнэндээ эмээгээд охин дээрээ очиж чадахгүй байгаа. Охин маань очихоор ээжээ гээд л уйлаад үнэхээр хэцүү байдаг. Охиноо тийм аймаар хэрэгт гүтгүүлээд шоронд сууж, тарчилж байгааг нь харах эх хүний хувьд тамд очсон юм шиг л санагддаг. Үнэхээр аймаар.
Ийнхүү эдгээр хүмүүстэй ярилцаад гарах замд Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй таарсан юм. Тэрбээр “Би шүүх хурлын шийдвэрийг сонсоод үнэхээр шоконд орсон. Өнөөдөр ч энэ байдлаасаа гарч чадахгүй. Зүрх өвдөөд ямар сайндаа хэвлэлийн хуралд орж чадахгүй гадаа зогсож байх вэ дээ. 25 жил ханилсан ханиа хамгаалж чадахгүй, юу ч хийж чадахгүй ингээд байж байгаадаа үнэхээр гутарч байна. Би уг нь шүүх үнэн мөнийг тогтоогоод хань минь бидэндээ ирэх байх гэж бодож, хүлээж байсан. Үнэхээр энэ хүн хэрэг хийсэн бол надад ямар нэгэн зүйл хэлж, мэдрэгдэнэ биз дээ. Айдас түгшүүр ч гэдэг юм уу. Гэтэл огтхон ч тийм зүйл байгаагүй.
Ямар сайндаа л байцаалт өгөхдөө С.Зоригийн хэрэг гарсан өдөр гээд байгаа өдөр би хаана байсан юм бэ би огт санахгүй байна. Хэлээд өгөөч дээ чи сана л даа гээд уйлж байсан хүн шүү дээ. Үнэндээ хэрэг хийсэн бол аль эрт энэ бүхнийгээ бэлтгээд хэлэх үгээ тооцсон байх ёстой байсан байх. Бид ер нь Эрдэнэт, Дорноговь хоёрын хооронд явж амьдардаг байсан юм. Харин тухайн үед бид Дорноговь аймагт байсан юм билээ. Дунд охин маань сургуульд орчихсон, хөгшин ээжийнх нь бие тааруу тэнд сахиж байсан юм байна лээ. Энэ бүх нотлох баримтаа хүртэл шүүхэд өгсөн байхад авч хэлэлцсэнгүй.
Эхнэртэйгээ шүүх хурлын дараа уулзаагүй. Шүүх хурлын дараа нэг удаа уулзуулдаг юм билээ. Харин ах нь огт уулзаагүй болохоор уулзаагүй хүмүүсээ уулзуулъя гээд өөрөө уулзаж чадаагүй байгаа. Гэхдээ бид уулзсан ч эл хэргийн талаар юу болоод байгаа, яагаад ийм зүйлд холбогдчихсон талаар асуух гэхээр хэргийн талаар яривал уулзалтыг зогсооно. Ахиж уулзуулахгүй гэдэг болохоор ар гэрийнхнийхээ талаар яриад уулзалтаа дуусгадаг юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн буруу шийдвэрийг засч үнэн мөнийг тогтоох байх аа гэж найдахаас өөр арга алга даа” хэмээн ярьсан юм.
Б.Энхжин
Сэтгэгдэл (51)