"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр гурван жил зургаан сарын хорих ял шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа болоод байгаа. Тэгвэл Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэж, Л.Гансүхийг суллах эсэхийг шийдэх юм байна.
Энэхүү асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий Прокурор Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүсэлт гаргажээ.
Тус хүсэлтэд "Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга, Байгаль орчны сайд, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан, Ардчилсан намын гишүүн Л.Гансүх нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний төлөө шүүхээс 3 жил 6 сарын хорих ял оноосон.
Л.Гансүх нь 1 жил 11 сарын хорих ялыг биечлэн эдэлж байгаа бөгөөд тэрээр "Багануур"-ын уурхайд учирсан хохирлыг төлж барагдуулан гэм хорыг арилгасан, ял эдэлж байх хугацаандаа ямар нэг зөрчил гаргаагүй нь Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1261 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан байна гэж үзэж байна.
Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хугацаанаас өмнө тэнсэн суллах нь Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал байтал Төв аймгийн Прокурорын газар нь суллах эсэх асуудлыг шийдвэрлэж, үндэслэлгүйгээр материалыг буцааж байгаа нь Л.Гансүхийн эрхийг ноцтойгоор хохироож, бусад ял эдэлж байгаа ялтнуудаас ялгаварлан гадуурхаж харьцаж байна. Тухайлбал 2016 оны 12 дугаар сард ШШГЕГ-ын харьяа Хорих 417 дугаар ангиас 7 хүнийг магадлан суллуулахаар Төв аймгийн Прокурорын газарт хүргүүлэхэд хүний амь насыг хохироосон 2 бага насны хүүхдийг хүчиндсэн нийт 6 хүнийг магадлан суллуулахаар материалыг шүүхэд шилжүүлж Л.Гансүхийн материалыг шүүхэд шилжүүлэлгүйгээр хорих байгууллага руу буцаасан байна. Буцаасан тогтоолын үндэслэл нь “...таныг заавал суллах албагүй" гэсэн байна. Прокурорын байгууллага нь дур зоргоороо, үзэмжээрээ бус Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй, ял эдэлж байгаа бүх ялтанд адил хандах, ялгаварлан гадуурхахгүй байх ёстой.
Түүний хоригдож буй хорих ангийн дарга прокурорт удаа дараа саналаа явуулсан боловч хүлээн авсан прокурор шийдвэр гаргах эрх бүхий шүүхэд ямар шалтгааны улмаас хүргүүлэхгүй буцаагаад байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна.
Иймд хуульд заасан шаардлагыг хангасан Л.Гансүхийн асуудалд хуулийн дагуу ажиллаж, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэн Монгол улсад хуулийг нэг мөр, ижил тэгш хэрэгжүүлэхийг уламжилж байна" гэжээ.
Б.Энхжин
Сэтгэгдэл (5)