Монголчууд бид сүүлийн жилүүдэд Цагаан сар, Наадам зэрэг үндэсний баяраараа монгол уламжлалыг хадгалсан дээл, хувцас өмсөхийг илүүд үзэх болсон. Энэ нь сайшаалтай хэрэг. Үндэсний үйлдвэрлэл өргөжин тэлж, өв уламжлал маань сэргэн мандана. Тэгвэл хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж буй энэ үед цагаан сарын гоёл болох дээл хувцас ямар үнэ ханштай байгааг сонирхохоор “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.
Тус газарт баярын уур амьсгал хэдийнэ оржээ. Үүднээсээ эхлээд л гарын бэлэг гэгддэг хятадын хямд, бараа сүр ихтэй хайрцаг савалгаатай алаг эрээн зүйл өрөөстэй. Харин дээлний эгнээнд хүрч очвол баярын гоёлоо сонгох гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн их байв. Өнгөрсөн жилүүдэд хүннү загварын даавуун, кашмеран дээл моод болж байсан бол энэ жил булган эмжээртэй, торгон дээл эрэлт ихтэй байгаа аж. Жил бүр үндэсний хувцасны загвар хувьсан өөрчлөгдөж, хэв маяг нь орчин цагийн шинжийг харуулах болсон билээ. Харин энэ жил жирийн монгол энгэртэй, шулуун ханцуйтай дээл моод болж байна гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Мөн эмэгтэй дээл нь мөрөөрөө залгаа оёдолтой загвар зонхилж байгаа болохыг ч онцолж байсан юм.
Үнийн тухайд булган эмжээр, торгоны үнэ шингэснээс бус өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй бөгөөд материал, хийцээсээ шалтгаалаад 80-450 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Тодруулбал эрэгтэй дээл 80-250 мянга, эмэгтэй дээл 100-220 мянган төгрөгийн үнэ байгаа бол хос дээл 280-450 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин эрэгтэй хүрэм 130-600 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Энэ талаар нэгэн худалдаа эрхлэгч “Энэ жил дээлний үнэ төдийлөн өсөөгүй. Харин зарим дээлэнд булган эмжээр, үнэтэй торгоны үнэ л нэмэгдсэнээс бус дээлний оёдлын хөлсний үнэ сүүлийн 5 жил нэмэгдээгүй” гэдгийг онцолж байсан юм. Тухайлбал булган эмжээртэй хос дээлэнд 5 метр булган эмжээр ордог бөгөөд нэг метр булган эмжээр 15 мянган төгрөгийн үнэтэй байдаг нь зарим дээлний үнэд нөлөөлсөн учир арай үнэтэй сонсогдож байгаа аж.
Энэ жилийн дээлний өнгийг тод хурц бус бууралттай, солонгорч харагддаг буюу үзмэн яагаан, хар хөх, хар ногоон өнгө тодорхойлж байгаа юм байна. Тэгвэл иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа, дээлний өнгө загварын хувьд ямар дээл гүйлгээ ихтэй байгаа талаар дээлний худалдаа эрхлэгч Б.Мядагбадамаас тодруулахад “Сүүлийн жилүүдэд манайхан баяр наадмаараа монгол үндэсний дээл хувцасаараа гоёх сонирхолтой болжээ. Ингэхдээ хос дээл ихээр худалдан авч байна. Аав хүү, ээж охин хоёр ч гэдэг юм уу, эхнэр нөхөр ч гэдэг юм уу хосоороо гоёох болсон. Өнгөрсөн жил иргэдийн худалдан авах чадвар жаахан тааруу байсан. Энэ жил харьцангуй сайжирчээ. Иргэд өөрт таарсан, өнгө үзэмж нь таалагдсан дээлээ үнэ тохироод л авч байна. Ер нь иргэд дээлний материал чанар, хийцийг их сайн мэддэг болсон нь илт мэдрэгдэж болсон. Зарим хүмүүс “Өнгөрсөн жил айлд ороход ганцаараа европ хувцастай байсан ёстой муухай юм билээ” гээд л дээл худалдаж авч байх жишээтэй. Энэ үнэхээр сайхан хэрэг. Монголчууд бид өв уламжлалаа хадгалж, монгол дээл хувцасаараа гоёж байх нь үнэхээр чухал” хэмээн өгүүлж байв.
Монголчуудын ур ухаанаа шингээж оёсон монгол дээлнээс гадна урд хөршөөс орж ирсэн дээл ч тус захад худалдаалагдах болжээ. Загвар, материалын хувьд нэг их зөрүүгүй ч хийцийн тухайд ёстой нойл. Тухайлбал дээлний гадаад энгэр нь дутуу эсгэгдсэн, энгэр заам нь хэт урт эсвэл хэт богино, шилбэ нь үйлдвэрийн хятад шилбэтэй, дээлний ханцуй урт хоёр нь ямар ч харьцаа байхгүй гэгчлэнгээр өө олон. Мэдээж өвөг дээдсээс маань уламжилж ирсэн дээлийг тэд яаж урлаж дөнгөх билээ. Гэхдээ үнийн тухайд хямд худалдаалагдаж байгаа учраас иргэд худалдан авах нь их байгаа нь ажиглагдав. Харин үүнийг хараад өөрийн эрхгүй эмзэглэх басхүү халаглах сэтгэгдэл төрж байсныг энд нуух юун. Нэгэнт монгол дээлний, өв уламжлагдан ирсэн гоёлын тухай сурвалжлахаар гарсан учраас энэхүү хятад дээлний араар өнгөрөөд гарахыг тэвдээгүй юм.
Энэ жил Нарантуул худалдааны төвд нэлээд олон эгнээ лангуунд монгол загварын дээл худалдаалагдаж байгаа аж. Харин тэдний цөөн хэд нь төрөлжсөн бус, урд хөршөөс хямд үнээр орж ирсэн дээлийг үнэ нэмж зардаг лангуу юм байна. Тэд нэг дээлний үнэ дээр ойролцоогоор 20-25 мянган төгрөг нэмж зардаг бөгөөд иргэдэд урд хөршөөс орж ирсэн гэдгийг нь ч хэлэхгүй худалдаалдаг гэдгийг ч төрөлжсөн лангууныхан хэлж байсан байв.
Энэ талаар дээлний худалдаа эрхлэгч Б.Мядагбадам "Өнөөдөр өвөрмонголчууд биднээс монгол дээл, цамц бөөндөж авч явчихаад түүнийгээ задлаж загвар хийцийг нь хуулбарлан, олон тоогоор үйлдвэрлэн оруулж ирж байгаад үнэхээр харамсаж байна. Уг нь бид монгол дээлээ өвөг дээдсээс уламжилж ирсэн арга хийцээрээ ур ухаанаа гарган байж урлаж байгаа. Гэтэл хятадууд зүгээр л дуурайлгаад хэдэн зуу мянгаар нь үйлдвэрлээд оруулж ирж байгаад үнэхээр эмзэглэдэг. Ингэж хэн ч тоохгүй явсаар байгаад монгол ур хийц байхгүй болох вий гэхээс айдаг. Миний хувьд зах дээр 18 жил дээл худалдаалж байгаа хүний хувьд үндэсний дээл хувцасаа хамгаалахын тулд сүүлийн 3 жил хэлж ярьж, эсэргүүцэж байгаа ч үнэндээ хүч хүрэхгүй байна. Хятадуудын хийсэн дээл 5 настай хүүхдэд таарна гэж байгаа ч үнэндээ 9 настай хүүхдэд таарахаар хийж байх жишээтэй. Мөн ханцуйн урт, дээлний урт нь асар зөрүүтэй, хийц эсгүүр, товч шилбэ гэх зүйл байхгүй. Гэтэл үүнийг ард түмэн Нарантуулынхан л ийм зүйл оёж байна гэх ойлголттой болж, бидний хөдөлмөр үнэгүйдэх болж байгаад сэтгэл дундуур эмзэглэж явдаг. Бидний хувьд олон жил өөрийн гараар дээл оёж урласан болохоор ямар насны хүнд ямар хэмжээтэй дээл таарах уу тэр ч бүү хэл өнгийг нь хүртэл тохируулаад л оёдог. Ингэж байж л худалдан авагчдынхаа сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж нийлүүлдэг. Нэгэнт сэтгэл хангалуун худалдаа хийсэн хүн дараа жил нь эргээд л ирдэг. Бид чинь ингэж л хоолныхоо мөнгийг олж амьдарч байгаа хүмүүс. Ер нь үндэсний хувцасаа оёоод таарсан хүн нь сэтгэл хангалуун худалдаад авч байгааг харах үнэхээр бахдалтай байдаг. Тиймээс Цагаан сарын дараа сэтгэл санаа нийлсэн эмэгтэйчүүд зохих газарт нь өргөдөл бичиж, хандана гэж бодож байгаа" хэмээн хуучилсан юм. Түүнчлэн дээлний лангууныхан монгол гэх бүхнийг хуулбарлан хувилж, үйлдвэрлэж байгаа урд хөршийнхөний толгойг илж, тэдний бизнесийг дэмжихгүй байхыг уриалж байв.
Үнэндээ энэ бүхнийг холбогдох албаныхан нь анхааралдаа авч, дээлний хийц, өв уламжлалын тал дээр анхаарал хандуулахгүй бол монгол үндэсний дээлийг өвөрмонголчууд үйлдвэрлэж, өв уламжлал маань мөхөж магадгүй болоод байна.
Дээлтэй хослох төгс зохицол бол мэдээж яахын аргагүй малгай, монгол гутал байдаг. Тиймээс ч бид малгай, гутлын үнийг ч мөн сонирхолоо. Захын зүүн эгнээнд байрлах малгайны тасагт ирвэл дээлний тасгаас хөл хөдөлгөөн арай сийрэг байв. Гэхдээ л малгай сонирхож, худалдан авч буй иргэд олон. Энэ жил булган эмжээртэй дээл моод болж байгаа бол түүнд зохицох булган хүрээтэй торгон лоовуузан малгай ч эрэлт ихтэй байгаа аж. Үнийн хувьд доллар, юанийн ханш өссөн ч малгайны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй гэнэ. Үс, сорноосоо шалтгаалаад 200-300 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол дөрвөн талтай монгол малгай 250 мянга орчим төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Харин иргэдийн худалдан авалт өнгөрсөн жилийнхийг бодвол төдийлөн сайнгүй байна гэдгийг хэлэх хүн олон тараач байв.
Монголчуудын эрт дээр үеэр нэг насны гутал гэгддэг байсан монгол гутал хээ угалз, чанараасаа шалтгаалаад том хүний гутал 130-700 мянга, хүүхдийн гутал 65-130 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Иргэдийн хувьд монгол гутлыг сүүлийн үед ихээр сонирхох болжээ. Тиймээс ч Нарантуул захад нэлээд олон лангуу тус гутлыг зарах болсон байна. Энэ талаар монгол гутал урладаг оёдолчин Б.Ганцэцэг "Би нэг насаараа л монгол гутал оёж байна. Анх ахуй үйлчилгээнд оёдолчин байхдаа л монгол гутал оёдог байсан тэр үеэс өнөөг хүртэл оёж байна. Нэг гутлыг ойролцоогоор 10 хоног тасралтгүй сууж, зөвхөн гар аргаар оёдог. Үүнийг ч худалдан авагч нар сайн ойлгодог, үнэ ханшийг нь хүлээн зөвшөөрдөг болсонд талархаж явдаг. Ер нь залуучууд их үндсэрхэг үзэлтэй болсон нь бидний борлуулалтад нөлөөлөөд зогсохгүй эх оронд маань хэрэгтэй юм даа л гэж бодож сууна" гэв.
Б.Энхжин
Сэтгэгдэл (17)