УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн үйлдлүүд сүүлийн үед шүүмжлүүлэх болсон. Байнгын хорооны хурал дээр бохь зажилсан, оффшор данстай улс төрчдийг шалгах хүсэлтийг тоомжиргүй хүлээж авсан гээд л. Тэгвэл эрхэм гишүүн энэ бүхэнд тайлбар хийжээ. Ингэхдээ бас л хэд хэдэн “тоомжиргүй” үг унагаагаад авчээ.
Тэрбээр “Бид хэд эмэгтэйчүүдээрээ нэлээд амь нэгтэй байгаа. Намрын чуулганы хугацаанд эмэгтэй гишүүд рүү чиглэсэн ээлж дараатай сөрөг мэдээллүүд ч нэлээд цацагдлаа. Ийм асуудал үүсэхэд сэтгэл санаа ч тавгүй болдог юм байна. Зохион байгуулалттай эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ эмэгтэй гишүүд рүү ингэж дайрч байгаа явдлыг бид дотооддоо ярьж, нэгэндээ “Болгоомжтой байгаарай” л гэж захидаг. Өөр юу гэж ч хэлэх билээ. Бид чинь тус тусдаа завгүй, мундаг боловсролтой хүмүүс.
Цаг зав гаргаад, сууж ярих нь ховор ч гэсэн нэгнээ дэмжээд, сонсоод явдаг. Нөгөө талаар МАН парламентад олонхи болж, албан ёсоор бүлгээ байгуулсан. Тийм учраас бүлэг дотор бүлэг байгуулах шаардлагагүй гэж бид үзсэн юм. Гэхдээ эмэгтэй гишүүд намын даргатайгаа ярилцаж байгаад, Б.Саранчимэг гишүүнийг бүлгийн дэд даргаар томилуулах шийдвэрт хүрсэн. Ямар ч байсан удирдах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл багтсан. Намын дэргэд эмэгтэйчүүдийн байгууллага байгаа учраас дуу хоолойгоо намдаа хүргэх боломж нь ч нээлттэй байдаг. Энэ утгаараа бид бүлэг байгуулъя гэж зүтгээгүй” гэсэн байна.
Сэтгэгдэл (65)