Монгол хүн 60 хүрч ухаан суугаад 61 насандаа хорвоог орхидог гэдэг хоосон хошигнол биш. Үнэхээр ч 20-30 жил нийгмийн даатгал төлчихөөд тэтгэвэрт гарснаасаа хойш жил ч бололгүй өөд болох тохиолдол олон байна. Уг нь тэтгэврийг ирээдүйдээ зориулж хадгалсан хадгаламж гэдэг. Улс ингэж хадгалуулсны төлөө эрүүл мэнд болон бусад нийгмийн салбаруудад хөнгөлөлт үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хуулиараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлж буй хэнбугайч төрийн үйлчилгээг авдаг.
Тухайлбал эрүүл мэндийн эрсдэлд орох бүртээ тус сангаасаа төлбөрөө гаргуулан үнэгүй эмчилгээ, үйлчилгээ авах ёстой. Нэг хүн жилд 2 сая хүртэлх төгрөгийг эрүүл мэндийн сангаас гаргуулах эрх дархтай. Гэвч бодит амьдрал дээр байдал тэс өөр. Төлсөн мөнгөнийхээ хэрээр төрийн үйлчилгээг хүртэж чаддаггүй. Захын нэг эмнэлгийн үүдэнд очоод л зардал болгож төлсөн мөнгөө салхинд хийсгэчихдэг. Дараалал авах гэж гуйна, дарга цэрэгтэй нь уулзана. Арай хийж эмчдээ үзүүлээд эмнэлэгтээ хэвттэл эм тариагаа өөрсдөө авчир гэдэг.
Эдийн засгаа аврахын тулд иргэдийнхээ амьдралыг золиослов
Одоо эдийн засаг унаж, элэгээрээ хэвтсэний шалтгаан нь юу байв гэдэг сонин биш. Харин нэгэнт тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулах нь чухал. Энэ нь эрх барьж байгаа улс төрийн хүчний шийдвэрээс тун их хамааралтай. МАН уг нь сонгуульд өрсөлдөхдөө “Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” хэмээн амласан. Харин өнөөдөр тэд хэлсэн ярьснаа умартжээ. Нэлээд хэд хэдэн төрлийн татварыг нэмж, “Ингэхгүй л бол арга байсангүй” хэмээн гүрдийцгээж байна. Өнгөрсөн ням гаригт ОУВС болон Сангийн яамныхан мэдээлэл хийж "Extended facility fund" буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хамтран хэрэгжүүлэхээр болсноо дуулгалаа. Ингэхдээ төсвийн орлогын бүрдүүлэх хүрээнд шатахууны онцгой албан татвар, хувь хүний орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, автомашины гаалийн татварыг нэмэгдүүлэхээ зарлалаа. Түүнчлэн цалинг 2017, 2018 онд нэмэхгүйгээр барахгүй тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлнэ гэлээ. Тодруулбал 2026 оноос эрэгтэй 65 нас, 2036 оноос эмэгтэй 65 насанд тэтгэвэрт гардаг болохоор шийдвэрлэжээ.
Шатахууны онцгой албан татвар нэмэгдвэл шатахууны үнэ нэмэгддэг. Энэ нь өргөн хэрэглээний бараанаас эхлээд үсчний үс засах тарифийг ч нэмчихдэг талтай. Аль хэдийнэ 80-150 төгрөгөөр нэмэгдчихээд байгаа шатахууны өсөлт бүх салбарт нөлөөлчихөөд байхад дахин нэмэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмчихээр авсан хэдэн “бор” төгрөгөө албадан суутгагдсаар гардах юмгүй үлдэх нь ээ.
Нийтээрээ нэг ч төгрөгийн тэтгэврийн насны эрчүүдгүй аймгууд гарах вий
Эдийн засагт "амь тариа" болсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн орлогын бүрдүүлэхийн тулд тэтгэврийн насыг нэмэхээр болсон шалтгаанаа салбарын сайд нь хүн амын дундаж наслалт гэжээ. 2015 оны байдлаар Монгол улс хүн амын дундаж наслалтаараа дэлхийд 159 дүгээр байранд бичигджээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан статистикаас үзвэл манай улсын хүн амын дундаж наслалт өнгөрсөн оны байдлаар 69.89 байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.84, эрэгтэйчүүдийнх 66.02 болжээ. Аймгаар нь авч үзвэл Дундговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Булган, Төв аймгийнхан дундаж наслалтаараа хамгийн өндөр /72,6-73,8/ байгаа бол Хөвсгөл, Увс, Дорнод, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгуудынхан /66,3-69/ хамгийн бага байна.
Үүнээс харахад 9 жилийн дараа тэтгэврийн насыг нэмбэл нийтээрээ нэг ч төгрөгийн тэтгэврийн насны эрчүүдгүй аймгууд олон болох дүр зураг харагдаад эхэллээ. Мэдээж, тэтгэврийн насыг нэмэхэд манай улсын төсөвт ашигтай байх нь ойлгомжтой. Тэтгэвэр авах хүмүүсийн тоо ч цөөрч, зарлагадах мөнгөний тоо нь багасах нь дамжиггүй. Гэвч төр засаг ийм бодлого барьж эхэлсэн нь ард иргэддээ шууд л цаазын ял ногдуулсантай адил зүйл болжээ. Нөгөөх “60 хүрч ухаан суугаад 61 насандаа хорвоог орхидог” монголчууд тэтгэврийн насандаа хүрч ч амжилгүй ирээдүйд гэж хадгалсан тэтгэврээ улсдаа хандивлаад диваажинг зорих нь. Тэдэнд тэтгэврийнх нь оронд оршуулгын тэтгэмж өгөөд л өнгөрдөг байдал бүр "уламжлал" болжээ.
“Gtime” хэмээх сүлжээ манай иргэдийн дунд нэлээд дэлгэрсэн. Үүний шалтгаан нь цөөн хэдэн төгрөг түр хадгалуулаад түүнийгээ 2-3 дахин нугалж авдаг. Харамсалтай нь энэ нь цэвэр луйвар байсан нь илчлэгдэж, олон ч иргэд хохироод байна. Гэтэл манай нийгмийн даатгалын тогтолцоо түүнээс ч илүү том луйвар хийдэг систем болсныг цахим хэрэглэгчид сануулсаар нийгмийн даатгал төлөхгүй байх шийдэлд хүрцгээгээд байна.
20 жил хадгалаад 200 сая төгрөгтэй болох боломж
“Тэтгэвэрт гарах нас, хүн амын дундаж нас тэнцээд ирэхээр тэтгэвэр гэсэн ойлголт өөрөө алга болно. Түүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл төлөлт утгаа алдана” хэмээн эдийн засагч Д.Энхбат жиргэжээ. Үнэхээр л тэтгэврийн насыг нэмчихвэл нийгмийн даатгалын санд мөнгө шууд хандивлаж байгаатай адил зүйл болох нь. “Нэгэнт амьддаа тэтгэвэр авахгүй юм чинь төлөх шаардлага гарах уу. Тиймээс энэ шийдвэр Монголын эдийн засгийг аврах биш монголчуудыг сүйтгэх асуудал” гэдгийг ч олон хүн хэлж байна.
Саяхан "Ард" санхүүгийн нэгдэл нэгэн судалгаа гаргажээ. Монголчуудын сарын дундаж цалин 692 мянган төгрөг. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ 10 хувийн хүүтэйгээр 30 жил хадгалуулахад 210 сая төгрөгтэй болох гэнэ. Харин монголчуудын дундаж нас 69 байдаг бөгөөд дунджаар тэтгэврийн мөнгөндөө 24.4 сая төгрөг улсаас эргүүлэн авдаг аж. Улсдаа төлсөн 210 сая төгрөгөө бүрэн авахын тулд бид 137 наслах хэрэгтэй тухай судалгаанд өгүүлжээ.
Түүнээс гадна 2 сая төгрөг хадгаламжинд хийгээд нийлмэл хүү буюу хүүгийн хүү бодож өсгөөд насны эцэст өөрийн дураар зарцуулах мөнгөтэй болох боломж бас бий гэнэ. Ингэхдээ мэдээж эрсдлийг нь тооцож, ахиухан мөнгө олон банкинд хадгалуулах хэрэгтэй аж. Учир нь 70-90 оны хүмүүс тэтгэвэрт гарах үеэр Нийгмийн даатгалын сан ачаалалаа даахгүй Шимтгэл төлөх хүнээс тэтгэвэр авдаг хүний тоо хэд дахин их болно. Бас дээр нь зах зээл эхлэх үеэр авсан 20-30 жилийн хугацаатай баахан зээлүүдийн төлөлт давхцаж, Монгол Улсын эдийн засаг хүндэрсээр байх тул энэ хамгийн зөв зам аж. Хэрвээ та 300 000 мянган төгрөгийн цалинтай бол хүн байгуулгаас төлж буй 11% буюу 33000, хувь хүнээс төлөх 10 % буюу 30000 нийт 63000 төгрөгөө 20 жил 2 хувийн хүүтэй сар бүр хийж нийлмэл хүүтэй хадгалуулвал 284 689 241 төгрөг болох гэнэ.
Хэрвээ тэтгэврийн насыг уртасгах юм бол олон жил тэтгэвэр авах хүний тоо багасах нь тодорхой. Гэвч өнхрөөд өгдөг насан дээр нь тэтгэвэр тогтоож хэмнэлт хийх нь нүгэл биш гэж үү. Монгол хүнийг тэтгэвэрт гаргаж жаргаахгүй шүү гэсэн үзэл энд байх шиг...
24tsag.mn
Сэтгэгдэл (72)