Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан амжилтын нууцыг нь судлаачид тайлжээ. Түүний ялалтыэ нууц нь “би” гэдэг үгийг ашиглаж буй байдал болон сонгогчидтой шууд харьцах чадвар ажээ.
Швейцарийн хэл судлаач Жак Савой-гийн хийсэн судалгааны дүн "Digital Scholarship in the Humanities" хэвлэлд нийтлэгдсэн байна.
“Трамп нам доторх сунгаа, сонгуулийн санал хураалтын аль алинд нь ялсан. Тэгэхээр энэ нь түүний харилцааны “twitter” загвар нь дараа дараагийн сонгуульд зонхилно гэсэн үг мөн. Улс төрийн илтгэл, үг яриа улам бүр хялбаршиж, өгч буй “мессеж” нь богиносох тал руугаа явж байна гэж Невшатель их сургуулийн эрдэмтэн Ж.Савой үзэж байна.
Савой үе үеийн 17 нэр дэвшигчийн хэлсэн үгийг судалж үзээд “Трамп үг хэлэхдээ “би” гэдэг үгийг олонтаа ашигладгаас гадна тэрбээр үг яриандаа маш энгийн бүтэцтэй өгүүлбэрүүдийг ашигладаг байна. Чухамхүү энэ нь түүний онцлог юм.
Түүнээс гадна, Трампын хэлсэн үгийн ердөө гуравны нэг нь л утгынх байсан бол бусад нь утгыг бус сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн янз бүрийн хэллэгүүд, аялга үг, угтвар үгээс бүтсэн байжээ. Өөрөөр хэлбэл Трамп нийгмийн янз бүрийн давхаргын сонгогчидтой ойлгомжтой хэлээр ярихын сацуу сэтгэл хөдлөлийг чухалд үздэг” гэсэн байна.