ӨВӨЛ, ХАВРЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ХҮҮХДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛТАЙ!
Хурдан морины хаврын “Дүнжингарав” уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болон зохион байгуулдаг ч Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.
Гэтэл тушаалыг үл ажран Засгийн газрын тогтоолоор хаврын уралдааныг 2016 оны 3 сарын 2-нд зохион байгуулсан. Энэ жил ч тус уралдаан зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэллээ.
Иймд, Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагууд хурдан морины ХАВРЫН уралдааныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлж байна.
Хаврын уралдааны бэлтгэл ӨВӨЛ хийгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд сунгаа, үсэргээнд оролцож хавар уралддаг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлсөөр байна.
Сүүлийн 5 жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан байна.
Хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн. Гэвч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ ЭЭ. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна.
ХАВРЫН хурдан морины уралдаан нь хүүхдэд аюултай хөдөлмөрийн хэлбэр бөгөөд хүүхдийн сурч боловсрох боломжийг хаагдуулж, эрүүл мэнд, амь нь насанд нь эрсдэл учруулан, улмаар хүүхдийн хамгаалагдах эрхийг НОЦТОЙ зөрчиж байгаа явдал юм.
Иймд, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 сарын 8-ны А/36 тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар онцгой анхаарч, Хаврын улирлын хурдан морины уралдаанд хүүхэд оролцохыг улсын хэмжээнд хатуу хориглохыг уриалж байна.
Сэтгэгдэл (5)