Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр ОХУ болон БНХАУ-д хийсэн ажлын айлчлалынхаа талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ онд ОХУ-д айлчлал хийхээр төлөвлөж байгаа.
Энэхүү айлчлалын бэлтгэлийг хангах зорилготой байсан. Ямар ч байсан энэ оны эхний хагас болж өгвөл эхний улиралд багтаан албан ёсны айлчлал хийлгэхээр болсон. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлал хийх үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдээ тохирсон. Үүнд төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцлийн талаар ярилцаж, гарын үсэг зурахаар болсон. Мөн байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчлан сэргийлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр хийхээр болсон.
Түүнчлэн эрчим хүчний салбарын ерөнхий хэлэлцээр хийхээр тохирсон. ОХУ-тай Эгийн голын УЦС-ын талаар дэлгэрэнгүй ярилцсан. Ингээд монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон. Хоёрдугаарт, Эгийн голын УЦС, Шүрэн голын УЦС баривал Байгал нуурын эко системд хэрхэн нөлөөлөхийг хамтарч судлана. Хоёр улсын эрдэмтдийг III, IV, V сард ажиллуулж, хурал семинар зохион байгуулаад тэдний дүгнэлт дээр үндэслэн асуудлаа шийдэхээр болсон" гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр “Өмнө нь Сергей Лавров сайд манай улсад айчлал хийх үеэр ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах тухай асуудлыг хөндсөн. Тиймээс хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хурдан шийдвэрлүүлэх талаар ярилцсан. ОХУ-ын тал Олон улсын валютын сангийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байна гэдгээ мэдэгдсэн. Бид бол хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дэд бүтэц УБТЗ, эрчим хүчний томоохон төслийг ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэх чиглэл баримталж байгаа. Орос улс энэ саналыг баяртай хүлээж авсан. Одоо хамтарч ажиллах төслөө тохироод, УБТЗ-д бэлдсэн хэд, хэдэн төсөлд анхаарал хандуулахаар болсон” гэж тодотголоо.
Харин БНХАУ-д хийсэн хоёр өдрийн айчлалын талаар Ц.Мөнх-Оргил сайд “Миний айлчлалын гол зорилго бол энэ оны 3-4 дүгээр сард урд хөршид хийх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалын бэлтгэл ажлыг хангах явдал байсан. Юуны өмнө Нэг зам-Нэг бүс олон улсын хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зинпингийн урилгаар оролцохоор боллоо.
Айлчлалын үеэр БНХАУ-ын тал Монголын талд нэн ач холбогдолтой БНХАУ-ны нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, буцаж ирэх, тээвэрлэн явуулах Засгийн газар хоонорын 2014 оны хэлэлцээрийг хятадын талаас соёрхон баталсан. Энэ нь худалдааны зардлыг бууруулахад ихээхэн түлхэц болох юм. Хэлэлцээрийн үр дүнд хятадын 7 боомтыг Монгол Улс ашиглах бололцоо нээгдэж байна. Өмнө нь манай улс Таньжин, олон улсын Сянган боомтыг ашигладаг байсан. Нэмэлт таван боомт үүгээр ашиглах нь. Мөн өмнө нь Монгол Улс БНХАУ-ын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцоор ачаа тээвэрлэдэг байсан бол одоо манай талаас БНХАУ-аас Монголын түр зуурын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлэхийг санал болгосон. Хятадын тал дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. ОУВС-тай тохиролцоонд хүрч байгааг олон улсын түвшинд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн урт хугацааны тогтвортой үйл явц бүрдүүлж байна хэмээн сайшаасан. БНХАУ ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкаар дамжуулан дэмжлэгээ үзүүлнэ.
Өнгөрсөн жил тус улсын Ерөнхий сайд манай улсад айлчлахдаа 1 тэрбум ам.долларын зээлийн асуудал огт хөдлөөгүй байгаа. Түүний шийдье, гэхдээ уг хөрөнгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин барилгажуулах, барилгажууаллтын явцад тухайн бүсийн иргэдийг амьдруулах 1000 айлын орон сууцны цогцолбор болон монголын боомтиуудыг бэхжүүлэхэд зориулна гэдгээ илэрхийлсэн” гэв.
Тэрбээр энэхүү мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Таныг ОХУ-д хийж байгаа айлчлалын үеэр "Ростех"-ийн удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан хариулт авсан гэх мэдээлэл явсан. Энэ үнэн бодитой мэдээлэл үү?
-Энэ худлаа мэдээлэл байсан. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг асуудал яригдаагүй. Албаны яриа хэлэлцээрийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудал огт яригдаагүй. ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөх үеэр ч энэ асуудлыг тодруулж асуугаагүй. Харин албан бусаар зоог барьж байхад С.Лавров сайд “Танайд “Эрдэнэт”, Монросцветметтэй холбоотой асуудал гараад байгаа юм уу. Манайхтай асуудал байна уу” гэж тодруулж байна. Би хариуд нь, “ОХУ-ын хувьд ямар ч асуудал байхгүй. Хоёр улсын засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд асуудал байхгүй. Бидэнд зөвхөн дотоодын асуудал байгаа” гэж хариулсан. Лавров сайд “За за, тэгвэл хоёр орны харилцаанд хамааралгүй юм байна. Ашгүй дээ” гэсэн. Ийм л яриа болсон.
-ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгээр Хятадын Ардын банктай Төв банк 2 тэрбум ам.долларын своп хэлцэл хийхээр болсон. Айлчлалын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал яригдсан нь ямар учиртай юм?
-ОУВС-тай хийсэн тохиролцоон дотор “БНХАУ-ын Ардын банк, Монгол Улсын Төвбанктай байгуулсан своп хэлэлцээрийг сунгана” гэсэн заалт орсон юм. Энэ асуудал дээр Хятадын Ардын банк албан ёсны шийдвэрээ гаргаж, сунгаж байгаа. Одоо хоёр банкны хооронд яригдаж хэлцлийнхээ хэмжээг жаахан нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ. Яг хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх нь банкуудын хоорондын асуудал. БНХАУ-ын талаас энэ хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллана, судлаж үзнэ гэсэн хариултыг өгсөн.
-БНХАУ-ын талаас нийтдээ яг хэдэн ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон бэ?
-Эхний ээлжинд БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 1 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг өгөхөөр тохирсон.
-Засгийн газраас томоохон төслүүдээ хөдөлгөхдөө хоёр хөрштэйгээ хамтрах асуудлаар ярилцсан уу?
-Ярилцсан. ОХУ-тай 100 миллард рублийн хөнгөлөлттэй зээлийг тус улсын хөрөнгө оруулалт, технологи, хувийн хэвшлүүдтэй хамтарсан байдлаар томоохон төслүүд хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. ОХУ-ын тал үүнийг маш сайн дэмжиж байгаа. Ялангуяа төмөр зам, гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудал дээр манай улстай хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Хятадын талтай яригдаж буй томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг очиж холбогдох яриа хэлэлцээрийг хийнэ. У.Хүрэлсүх сайд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц гэсэн маш том сарлбаруудыг зангидаж, Хятадтай уул уурхайн, төмөр зам, эрчим хүч дамжуулах шугмуудын асуудлаар хэлэлцээр хийх юм. Ажлын хэсэг ирэх гуравдугаар сард, амжихгүй бол дөрөвдүгээр сард явна.
Сэтгэгдэл (20)