Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.16
-21
Өдөртөө
-23
Шөнөдөө

Багц 24: Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах дараагийн алхамаа хийж эхэлжээ

2017 оны 3 сарын 3

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “дайн” зарлаад удаж байна. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг дурдаж, олон нийтэд мэдээлж байсан. Үүнийхээ дараа уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Жавхлантай хамтрахаар болсон гэдгээ мэдэгдсэн билээ. Харин энэ удаа тэрбээр Ерөнхийлөгчийг шалгуулах хүсэлтээ илэрхийлж, АТГ-т мэдээлэл хүргүүлсэн байна.

 

Тус мэдээлэлд ТТЭНН-аас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг нийтэд зарласан. Энэхүү үндэслэлд дурдсан ноцтой мэдээллүүдийг шалгаж өгөхийг хүсчээ. Тодруулбал “2012 онд Ц.Элбэгдорж “Оюу Толгой” компаний Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж 3 сая хүртэл америк доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан...” гэдгийг онцолсон байна.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан, ТТЭНН-ын дарга Г.Уянга нар өмнө нь мэдээлэл хийх үеэр Г.Уянга "Би Жавхлан гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг УИХ-д оруулах болсонд баярлаж байна. Энэ асуудлыг ажил хэрэг болгох гэж байгаад нь баяртай байна. Улстөрчийн хэлж байгаа үг бүр нь үйлдэл болох ёстой. Ийм хариуцлагатай үйлдлийг хийж байгаа Жавхлан гишүүндээ талархаж байна. Байнга дэмжиж, хамтран ажиллах болно" гэдгээ хэлж байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан "Би хувьдаа энэ үндэслэлүүдийг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Их хуралд хандана" гэсэн. Харин тэрбээр энэ асуудалд хэрхэн хандаж, ажил хэрэг болгож буй нь одоогоор тодорхойгүй байгаа бол Г.Уянга тэмцэлийн дараагийн арга хэмжээгээ ийнхүү авч эхэлжээ.

 

Харин Г.Уянгын АТГ-т хандсан мэдээллүүд нэлээд ноцтой, анхаарал татсан сэдэв яах аргагүй мөн. Гэхдээ энэ асуудлыг АТГ төдийлөн дуулиан тарьж, шалгахгүй байх магадлалтай гэх хардлага нийгэмд төрөөд байгаа юм. Учир нь АТГ Ерөнхийлөгчийн “мэдэлд” байдаг нь энэ асуудлыг намжаах том шалтгаан гэдгийг ч хэлэх хүн олон байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа энэ оны 6 дугаар сард дуусгавар болно. Харин Г.Уянгын тэмцэл үүнээс өмнө биелэлээ олж, Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулж дөнгөх үү эсвэл тэгэсхийгээд намжих уу гэдгийг цаг хугацаа харуулах буй за.

 

ТТЭНН-ын дарга Г.Уянгын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд

 

Нэгдүгээрт, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах ажиллагааг зохион байгуулсан.

 

Хоёрдугаарт, 35 тэрбум төгрөгийн хохирол барагдуулаагүй Жастин Каплад өршөөл үзүүлсэн.

 

Гуравдугаарт, Рио Тинто копаниас байр авсан нь авлигын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгой компанитай гэрээ хийж “Breu House” хотхоноос долоон тоот байрыг 36 сая 396 мянган төгрөгөөр хувьдаа авсан.

 

Дөрөвдүгээрт, 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг ТББ-д зориулж 3 сая хүртэлх ам.доллар цуглуулах хандивын аяныг АНУ-д зохион байгуулсан нь илт авлигын шинж чанартай үйлдэл болсон.

 

Тавдугаарт, "Оюутолгой" компанид зөвлөгөө авах нэрээр төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, энэ мөнгөний тодорхой хувийг өөрийн найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн.

 

Зургадугаарт, санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан.

 

Долдугаарт, “Байнга төвийг сахих бодлого”-ыг баримтална хэмээн дэлхий нийтэд дур мэдэн зарлаж Монгол улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.

 

Наймдугаарт, Монгол улсыг нэгдмэл биш, “холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна. 

 

Есдүгээрт, Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ анх удаа давхар дээлний асуудлыг санаачилж, өөрөө гардан хэрэгжүүлсэн. Энэ нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн үйл явдал болсон.

 

Аравдугаарт, Ухаалаг төр гэгчээр төрийг өмчгүй болгож хүчгүй болгох бодитой алхам хийсэн.

 

Аравнэгдүгээрт, Ерөнхийлөгч УИХ-д ажлаа жил тутам танилцуулах атал найман жилд нэг л удаа хуулийн дагуу  үйл ажиллагааныхаа тайланг тавьсан.

 

Арванхоёрдугаарт, хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж Гадаад хэргийн яам, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан. Ингэснээр Засгийн газрын кабинетын чадавхийг бууруулж, Засгийн газрын үйл ажиллагаанд дур мэдэн оролцож, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, өөртөө төвлөрүүлэх санаархлаа зогсоохгүй байна хэмээн үзээд байгаа юм.  

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 1
  • 2
  • 0
  • 7
  • 1
  • 9
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан