Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан нь сар шинийн дараа нэлээд дуулиан тарьж, цагдаа шүүх дээр тулаад буй. Дүүргийн Засаг даргын суудал хэтэрхий үнэ цэнэтэй болсон гэдгийг эдгээр өдрүүдэд өрнөх үйл явдал бэлхэн илчилж байх шиг. Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг даргын суудлын төлөө АН, МАН-ынхан "дайтаж", ээлж дараалан мэдээлэл хийх болов. Тэгвэл энэ талаарх намуудын байр суурийг "24 VS 24" буландаа онцолж байна.
С.Батболд: Миний гаргасан захирамж хууль зүйн үндэслэлтэй, үүнийгээ би хаана ч хамгаална
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүрэгт өрнөж буй асуудлаар тайлбар мэдээлэл хийв. Тэрбээр "Өнгөрсөн аравдугаар сард болсон аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулиар нийслэлийн есөн дүүргийн найман дүүрэгт нь сонгууль амжилттай явагдаж, Засаг дарга нарыг нь батламжилсан. Есөн дүүргээс долоод нь МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгчид олонх болсон, хоёрт АН олонх болсон.
Харин Баянзүрх дүүргийн 41 тойргийн 35 тойрогт нь сонгууль маргаангүй явагдсан бол зургаан тойрогт маргаан үүссэн. Дээрх суудалд нэр дэвшигчдийн талаарх шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би хүлээцтэй хандсан. Таван сарын хугацаанд хүлээсэн. Дүүргийн ИТХ асуудлаа шийдэх ёстой гэж хүлээсэн. Саяхан хоёрдугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хорооноос зургаан тойрогт дахин сонгууль явуулах ёстой гэсэн шийдвэр гарсан. Тиймээс олонх нь болох 35 төлөөлөгчийн саналыг харгалзан гаргасан ИТХ-ын шийдвэрийг үндэслэн Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар батламжилсан. Миний гаргасан захирамж хууль зүйн үндэслэлтэй, үүнийгээ би хаана ч хамгаална" гэв.
Мөн тэрбээр өнөө өглөө нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон захирамжийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна гэсэн. Би УИХ-ын гишүүн байсан хүн. Шүүхийн өмнө гаргасан шийдвэрээ нотлох болно. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна. Тиймээс миний гаргасан захирамжийн үйлчлэл зогсож байна. Захирамжийн үйлчлэл зогссон учир хуучин нөхцөл дахиад сэргэнэ" гэдгийг онцолсон. |
Э.Бат-Үүл “Засгийн эрх мэдлийг хүч түрэн булааж авч байна
Ардчилсан нам, Нийслэлийн ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр мөн мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Засгийн эрх мэдлийг хүч түрэн булааж авч байна. Засаг даргыг хүчээр томилж байна. Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна заасан. Хууль бусаар булаахыг нь хориглосон. Үүнийг эрүүгийн гэмт хэрэг үздэг. Гэвч шүүх эрх мэдэлтэй нь хамт булааж байна. Шүүхийн засаглал, хараат бус байдалд нөлөөлж байна.
Түүгээр ч барахгүй хууль бус зүйлийг таслан зогсоох цагдаагийн байгууллага нь үүнд дэмжлэг үзүүлж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж намынхандаа хандаж засгийн эрхийг хууль бусаар булааж авч болохгүй гэдгийг сануулсан байсан. Бид бүх шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулна. АН үндсэн хуулиа хамгаалж тэмцэнэ” гэсэн юм.
Харин энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Өнгөрсөн өдрүүдэд МАН-ынхан дэндүү их өрөөсгөл тайлбар хийлээ. Дээр нь хууль бус зүйлийг таслан зогсоох ёстой цагдаагийн байгууллага эрх баригчдын гар хөл боллоо. Тиймээс Ардчилсан нам ЦЕГ болон Улсын Ерөнхий прокурорт энэ талаараа тайлбар хийх шаардлагыг хүргүүлээд байна. Учир нь энэ бол нэг дүүргийн асуудал мэт боловч улс даяар үүсээд байгаа асуудал юм. Ардчилсан ёсонд бүдүүлгээр халдаж байгаа энэ үйлдлийг Ардчилсан нам хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээсэн юм. |
24tsag.mn
Сэтгэгдэл (22)