БНСУ-ын ард иргэд баярлаж байна. Тиймээ, тэд баярлах эрхтэй ард түмэн. Үндсэн хуулиараа олгогдсон эрхээ эдэлж, авлигын хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хег албан тушаалаас нь буулгаж чадлаа. Ард түмэн хэр хүчтэй, эрх мэдэлтэй, буруу зөвийг хэрхэн тунгаадаг вэ гэдгийг зөвхөн монголд төдийгүй дэлхий дахинд тунхагласан тэд баярлахаас яахав.
Ардчиллын үнэт зүйл нь ард түмэндээ байдаг. Иргэдийнхээ дуу хоолойг сонсч, шударга үнэнийг эрхэмлэх нь гол зарчим нь. Гэтэл ардчилсан гэх Монгол Улсад “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хор хөнөөлтэй” хэмээн сануулсаар байтал цаасан тунхагласан эрхээ 25 жилийн дараа ч унших төдий л бувтнасаар. БНСУ-ын иргэд эрхээ эдэлж баярлаж байхад Монгол Улсын иргэд эрхээ нэхэж “уйлсаар” байна. 25 жилийн Ардчиллын түүхтэй Монголд энэ үнэхээр эмгэнэл биш гэж үү. Ардчилал жаахан гуйвахад л анархизм руу хазайдаг гэдэг. Үүрэг хариуцлагыг хүний эрх, эрх чөлөөтэй холбон хийрхэх үеийг бид хэзээ даван туулах вэ?
БНСУ-ын иргэд эрхээ эдэлж баярлаж байхад Монгол Улсын иргэд эрхээ нэхэж “уйлсаар” байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн огцорсон шалтгааныг энгийн үгээр тайлбарлавал найзаасаа зөвлөгөө, тусламж авсан төдий. Дэлгэрүүлбэл, тэрбээр Ерөнхийлөгч болохоосоо өмнө олон нийтийн өмнө хэлэх үгээ өөрийн дотны найз Чой Сун Силд илгээж, зөвлөгөө тусламж авдаг байсан нь тус улсын нууцад хамаарах гэмт хэрэг болон хувирсан юм.
Пак Гын Хе найзынхаа талаар “Хүнд хэцүү цаг үед тусалж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны материал, хэлэх үг зэрэгт түүний туслалцааг авч байсан. Хэд хэдэн удаагийн материалд түүний санаа бодлыг сонсч байсан удаатай. Гэхдээ Ерөнхийлөгчийн туслахыг томилсноос хойш больсон” хэмээн тайлбарласан ч бизнес эрхлэгч Чуй Сүн Шил Ерөнхийлөгчийн нэрийг барьж, олон нийтийн сан байгуулсан, тэрхүү сангийн хөрөнгийг өөрийн нэр дээр байгуулсан санд шилжүүлэн авч завшсан хэрэгт буруутгагдсан юм. Мэдээж, ёсзүйн хувьд том алдаа гаргасан Ерөнхийлөгчтэй байхыг БНСУ-ын иргэд хүсээгүй. Удаа дараагийн жагсаал цуглаан, санал асуулгын үндсэн дээр тус улсын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хег хугацаанаас нь өмнө огцоруулж, улс төрийн хариуцлагаа хэрэгжүүллээ.
Харин Монгол Улсад улс төрийн энэ соёлын түвшин аль хавьд байгааг дурьдахад ч илүүц биз. Төрийн эрхэнд гарсан улс төрчид нь ардчиллыг зөвхөн сонгуулиар төсөөлүүлж, ард түмнийг хуурах ажлаа хуулийн байгууллагын далбаан дор гүйцэлдүүлж, мөнгөө төлсөн нь дуугаа захиалах үлгэрийн өөрийн биеэр үзүүлж байгаа цагт соёлын тухай дурсаад ч хэрэггүй.
Гэвч бид сүүлийн 25 жилийн турш “Ардчилал” гэж хаширсны хувьд хариуцлага, соёл гэдэг үгийг өнөөдрөөс ч болтугай хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхдээ “Ардчилал” нэрийг барих дуртай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хариуцлага тооцож, хугацаанаас нь өмнө огцоруулахыг өнөөгийн үүссэн нөхцөл шаардаж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцоруулах 12 үндэслэл байгааг УИХ-ын гишүүн асан Г.Уянга танилцуулж, үүнээс хамгийн ноцтой гурван үндэслэлийг баримттай нь хамт АТГ-т хүргүүлж, Ерөнхийлөгчид хариуцлага тооцохыг шаардаад байна.
Баримтаас харахад хэд хэдэн ноцтой асуудлууд сөхөгдөж мэдэхээр байна. Тодруулбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оюу Толгой” компаниас авлига авсан байж болзошгүй аж. Учир нь Ц.Элбэгдорж 2012 онд Оюу Толгой компанийн Brian Marsden гэгчтэй P13271 гэрээ хийж, Brauhaus хотхоноос 7 тоот байрыг 36 сая 369 төгрөгөөр хувьдаа хүлээн авсан талаарх баримт тус компанийн санхүүгийн тайланд бэлхэнээ тусгагджээ. Түүнчлэн 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь хөшигний ард нуугдсан авлига байх магадлал өндөр байна. Мөн үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮҮН гэх шашны урсгалтай байнга нэр холбогддог. Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Үүний том баталгаа нь анх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн өмнө энэ шашны нөхдүүдээс дэмжлэг авч байгаа тухай бичлэг цахимд бишгүй тархсан. Үүний учрыг тайлуулахаар АТГ-т ханджээ.
Хамгийн ноцтой нь эдгээр баримтууд хууль хяналтныхны нүдэн дээр ил байсан. Яагаад өдий хугацаад шалгаж, асуудлыг шийдэхгүй байна вэ гэдэг асуулт хэвээр байгаа юм. Улс төрийн хүрээнийхэн “Хууль хяналтыг Ерөнхийлөгч гартаа барьж байна” гэдэг. Хэрвээ үнэхээр ардчилсан гэх Ерөнхийлөгч хуулийнхны атгандаа оруулсан юм бол авлигын гэх энэ хэрэг замхарна. Прокурор дээр очоод "үсэрнэ". Харин үгүй бол цааш шалгагдаж, улмаар огцоруулах хэмжээнд ч хүрч мэдэх баримтууд бидний өмнө дэлгэгдээд байна.
БНСУ-ын энэ жишээ ардчиллын ард нуугдагсдыг ил гаргаж, зохих хариуцлагыг хүлээлгэхэд зөв жишиг болж байна. Зарим хүмүүс ажлаа өгөхийн даваан дээр хэмээн төвөгшөөж мэднэ. Гэхдээ хууль зөрчиж огцрох, бүрэн эрхийн хугацаа нь дуусч ажлаа хүлээлгэж өгөх хоёр тэс өөр зүйл. Ард түмэн эрхээ мэддэг, хэрэгжүүлдэг болохыг нэг ч гэсэн хүнд мэдрүүлбэл дараа дараагийн цагаан захтнуудад сургамж болох учиртай.
24tsag.mn
Сэтгэгдэл (46)