“Илчгэний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ”. Үүнтэй нэгэн адил хаврын морин уралдааныг зохион байгуулах талаар хэн, юу ч гэж дуугарсан товлосон өдрөө, тогтсон цагтаа зохион байгуулддаг уламжлал тогтжээ. “Дүнжингарав” хаврын морин уралдааныг зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийг түр түтгэлзүүлэх тухай шүүхийн захирамж гарсан ч зохион байгуулагдаж, наадацгаасан.
Тэгвэл энэхүү захирамжийг үндэслэн Монголын Морин Спорт Уяачдын холбооноос Говь-Алтай аймгийн хаврын бүсийн морин уралдааныг зохион байгуулах комисст тус уралдааныг түр хойшлуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн билээ. Тус мэдэгдэлд "Хурдан морины бүсийн уралдааны 2017 оны хуваарийг тогтоох тухай” Монгол Улсын засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэр бүхий Төрийн бус байгууллагуудаас Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа билээ. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03-р сарын 03-ны өдрийн 128/11132017/1643 тоот захирамжаар засгийн газрын 63 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны гуравугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөсөн бүсийн хурдан морины уралдааныг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хойшлуулж байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
М.Энхболдын мэдэгдлийг үл тоомсорлон хангай бүсийн хаврын уралдааныг зохион байгуулав. Энэ нь М.Энхболдын мэдэгдэл замхарч, Ерөнхийлөгч гэх гуншин нь сэтэр төдий болсныг гэрчлэх шиг боллоо.
Гэсэн ч уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболдын мэдэгдэл болоод шүүхийн захирамж наадам зохион байгуулагчидад нөлөөлсөнгүй. Наадам болдогоороо болж, хүүхдийн эрх зөрчигддөгөөрөө зөрчигдөв. Үнэндээ Монголын Морин Спорт Уяачдын холбооны Ерөнхийлөгч гэх эрхэм гуншинтай УИХ-ын дарга М.Энхболд наадам зохион байгуулагчидад нөлөөлж, товлосон морин уралдааныг зохион байгуулах хугацааг хойшлуулж дөнгөхгүй юм бол энэ эрхэм сэтэрийг зүүх хэрэг юунд оршив.
Морин Спорт Уяачдын холбооны дээрх мэдэгдэл өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтэд хүрсэн ч тус холбооны үндсэн мэдээллийн хэрэгсэл болох “morinerdene.mn” гэх сайтад энэ талаар нэг ч үг, өгүүлбэр дурдаагүй байх аж. Уг нь тус сайтын Ерөнхийлөгчийн мэндчилгээн дээр “Та моринэрдэнэ.мн сайтаас Монголын хурдан морины уралдааны ертөнцөд өрнөж буй үйл явдлуудын талаар бодитой үнэн зөв мэдээллийг авах болно” хэмээн цагаан дээр хараар бичиж, мөнхөлжээ. Гэсэн ч уралдааныг зохион байгуулахыг хойшлуулах талаар нэг ч үг сийлсэнгүй. Энэ нь Говь-Алтай аймгийн морин уралдааныг зохион байгуулагчдад мэдээлэл хүрээгүй байх шалтгаан болсон гэж тэд өөрийсдийгөө зөвтгөж болох юм.
Гэтэл Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүд гэх 45 эрхмийн гурав нь Говь-Алтай аймгийнх байх юм. Тодруулбал “Монбазальт ХХК" захирал Л.Ариунболд, “Алтай констракшн ХХК захирал Х.Бат-Эрдэнэ, Макс группын захирал Д.Цэрэнжигмид нар Говь-Алтай аймгийнх аж. Тэд тэргүүлэгч учраас уралдааныг зохион байгуулах комисст багтсан нь лавтай. Гэсэн ч тэд холбооны Ерөнхийлөгч М.Энхболдын мэдэгдлийг үл тоомсорлон хангай бүсийн хаврын уралдааныг зохион байгуулав. Энэ нь М.Энхболдын мэдэгдэл замхарч, Ерөнхийлөгч гэх гуншин нь сэтэр төдий болсныг гэрчлэх шиг боллоо.
Түүнчлэн монголын их уламжлал, өв соёл хэмээн цээжээ дэлдэх дуртай эрхмүүдэд хүүхдийн эрх, амь нас төдийлөн хамааралгүй бололтой. Хаврын уралдаан нь хүүхдийн эрхийг зөрчсөн, эрүүл мэнд, амь насанд нь халтай тэвчишгүй хөдөлмөр мөн болохыг хүүхдийн төлөө байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комиссоос удаа дараа мэдээлж, сэтгэл эмзэглүүлэм тоо баримтыг дурдсаар байхад тэд уралдааныг зохион байгуулж, өөрсдийгөө баясгасаар байгаа нь үнэхээр харамсалтай.
Шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон хаврын уралдааныг зохион байгуулсаар байгаа эрхмүүдэд хэн хариуцлага тооцох вэ. Жил бүр энэ асуудал хөндөгддөг ч уралдаан болдогоороо болж, бяцхан үрс маань амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байгаагийн гол буруутан хэн бэ. Энэ бүхнийг тэргүүлж Ерөнхийлөгч гэх сэтэрийг олон жил зүүж яваа М.Энхболд хаана, юу хийж байна вэ. Энэ бүхний хариултыг ард түмэн нэхэж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (27)