Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.26
15
Өдөртөө
-2
Шөнөдөө

АН-ын дарга С.Эрдэнэд: Таныг дэмжихгүй байх ”Дордохын долоон” шалтгаан байна

2017 оны 3 сарын 15

АН-ЫН ДАРГА, ЖУРМЫН НӨХӨР СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ-Д


 

 

АН-ын дарга таныхаа волюнтюрист бодлогыг энэ намын анхдагчдын нэг би эхлэлээс нь эсэргүүцэж байна. Яагаад?

 

Яагаад гэвэл би таныг сонгоогүй. Яагаад сонгоогүй вэ?. Надад "дордохын долоон" шалтгаан байсаар байна.

 

Таныг дэмжиж чадаагүй миний шалтгаан:


 

1. АН-ын үндсэн дүрмийг хурлын тэргүүлэгчид давуу байдлаа ашиглан хүчирхийлж, үүрт байгаа энэ намын үүх түүхийг мэдэхгүй, энэ намын үнэт зүйл, давуу талыг мэдэрч амжаагүй, зарим нь энэ намд байтугай МАН-ын байж мэдэх өндөр магадлалтай, зохион байгуулагдсан, татварыг нь төлж, "мөнгөн" шагнал авсан байж болзошгүй шинээр бүртгүүлсэн гэх "амьгүй" гишүүдийн оролцоотой намын дотоод сонгуулиар хардалт төрүүлэн байж гарч ирсэн тул

 

2. Анхнаасаа мөнгөөр бус сэтгэлээрээ дэмжиж ирсэн олон мянган гишүүн дэмжигчийн хажуугаар энэ намын гишүүдийг ялгаварлан сортолж харьцдаг, газрын эзэн тариачинтайгаа харьцдаг шиг гишүүдээ алагчилдаг, энэ намын нэр хүнд, дотоод бүтэц,сонгуулийн үед ажиллах тактик,нэр дэвшүүлэлт, сонгуулийн тогтоцод хандах хандлага, сонгуулийн дүнг бүрэн сүйрүүлсэн өмнөх дарга З.Энхболдын аль эрт зайлвал зохих ч түр орогнолоо ашиглан, мөнгөөр хайрцаглан, захиалгаар хийсэн дотоод сонгууль боллоо гэж үздэг тул

 

3. Жагсаалтанд багтсан нийт гишүүдийн 70% сонгуульд жагсан орсон, түүний 30 хүрэхгүй хувиар гарсан гэж үзвэл, АН-ыг хайрцагласан байхад 200 мянган гишүүнтэй байхад хайрцаглаагүй бол 250 гэж үзвэл 80%- нь таныг намын даргаа гэж үзэхгүй байна. Энэ тоогоор бол 200 мянган гишүүн над шиг таныг сонгоогүй тул.

 

4. 1990 оноос хойшхи Ардчилсан хүчний намуудын хуралд, 2000 оноос хойшхи АН-ын болон нийслэлийн АН-ын бүх хуралд үргэлж намын даргыг огцруулахаас өөр ямарч шинэ сайн зүйл сэдэж байгаагүйг харж, сонсож, мэдэрч, гэмгүй хамт зүтгэж бас үргэлж эсэргүүцэж байсныхаа хувьд

 

5. АН-ыг мөнгөний калькуляцад оруулж, бурантаглан хөтлөж болно, нийгмийн халамжийнх шиг тийм сүлжээнд оруулж, хэнтэй ч зөвлөлдөхгүй, эз дийлж, олдсон боломжоо ашиглан, дуртай хүнээ намын аппарат, генсекээр тавьж, дур зоргоороо волюнтюрист зан гаргаж болох итгэл үнэмшил олж авсан, түүнийг уйваагүй хэрэгжүүлсэн, түүндээ эрэмшиж эхэлсэн тул.

 

Яагаад энэ гадаад үгийг 2 удаа хэрэглэв гэвэл: ЗХУКН-ын дарга болонгуут Н.С.Хрущёв гэгч зоргоороо хохол эр эх орны их дайны дараа том дарангуйлагч Сталиныг үхэнгүүт, атомын бөмбөгтөө болмогцоо ВОЛЮНТЮРИСТ буюу аливаа бодит үйл явцыг үл хайхран, зөвхөн өөрийн дур зоргоор шийдэх, тэр ч бүү хэл НҮБ-ын хурлын индэрийг гутлаараа балбаж, намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэх танхайрлыг үүсгэж байсантай жишэж байна.

 

6. АН-ын шинэ дүрмээр ҮБХ сонгох дотоод сонгууль, дүүрэг намын дарга нарыг сонгох явцыг зоосны нүхээр харж, хэзээ ч энэ намын түүхэнд байгаагүй их мөнгө дэнчин тавиулж бас түүнийгээ ялагдсан ч өгөхгүй дээрэмдэх журам гаргаж, дуран дээр нь хясах, цаашид энэ мөнгийг яаж ч зарцуулах, юунд зориулах бол гэх түмэн сэжгийг олон гишүүдийн дунд үлдээж, над шиг нь Арабууд шиг Шонхор тэжээхэд зарах вий гэсэн хардлага төрүүлж байгаа тул.

 

7. Хэзээ байхдаа нийслэлийн намын хороонд орохдоо 3 жилийн ҮЗХ-ийн татвартай тэнцэх мөнгө дэнчинд тавьж өрсөлдөж байлаа. Тэгж ярьвал Нийслэлийн намын хороо, аймгийн төвийн намын хороо гэж мухар олгой мөнгө саахаас өөр хэнд ч хэрэггүй, төв намын дэргэд нохойн жогорхойшдээ..


Өнгөрсөн сонгуулиар Э.Бат-Үүл нар нийслэл, дүүргийн намын сонгуульд өрсөлдүүлэх нэрээр миний мэдэх хүнээс дэнчинд 50 орчим сая төгрөг аваад СБ дүүрэг дээр нэр бүхий хэдэн феодал газрын эзэд нь хуйвалдан унагааж, шатаасаныг би мартаагүй. Тэгээд ялсан уу. Цунамид өртөөд, өрөнд ороод хоёр нүдээ тас аниад, хорон санаагаа тас нуугаад өнгөрсөн тул энэ процесс улам даамжрах хандлагатайг над шигээ энэ намын Эмэгтэйчүүд, Ахмадууд, Залуучуудын байгууллага санал нэгтэй эсэргүүцэж байгаад би огт эргэлзэхгүй.

 

Энэ нам дотор над шиг ноёнтой хэрэлдэж толгойгоо алдах, нохойд халдаж хормойгоо уруулах хүмүүс хаа очиж мянга мянгаараа байгаа бөгөөд Д.Дорлигжавыг 8 удаагийн дайралтаар огцруулсан шиг 8 удаа ээлжит бус их хурал хуралдуулхыг шахаж, айлгах хугацаа, эсэргүүцэгч энэ нам дотор төчнөөн байгааг араншинг нь мэддэг миний найз сайн мэдэж байгаа.

 

Бас хүний баримжаа авч, хор найруулахаас өөр ямарч хэрэггүй АТГ-ийн тодорхойлолт шиг коммунизмаас үлдсэн өв гэмээр бичиг нэхэж, Туваанд очиж намын гишүүн мөн үү бус уу, хаанаа өрсөлдөх гэж байна гэсэн хөгийн тодорхойлолт нэхэж бүртгэж байгаа чинь олон гишүүдийн хар сэдрээж, шал дургүй хүргэж байна.

 

АН-ЫН ЗӨВШӨӨРӨХӨӨС ӨӨР АРГҮЙД ХҮРСЭН ДАРГА С.ЭРДЭНЭ ТАНД СОНСГОХОД:


 

1. АН бодлогын нам байх ёстой. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ ДОТООД СОНГУУЛЬ ГЭЖ 700 ХҮН ЗОДОЛДУУЛЖ, ТАМИРАА, МӨНГӨӨ БАРЖ, ЭВ ТҮНЖИН ХАГАЛЖ БАЙГААГАА ХОЙШЛУУЛЖ, АН-ААС ХОЁР ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРҮҮЛЭХ БОДЛОГО ГАРГАХ НЬ ТАНЫ НЭН ТҮРҮҮНИЙ ҮҮРЭГ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.

 

2. ДОТООД СОНГУУЛЬ ХИЙЖ АМЖИХ НЬ БҮҮ ХЭЛ ТУУЛ ГОЛД ХАЯСАН ЧҮДЭНЗНИЙ МОД ХОЙД МӨСӨН ДАЛАЙД 3 УДАА ХҮРЭХ ХУГАЦАА БИДЭНД БАЙНА ГЭДГИЙГ ТА АНХААРАЛДАА АВНА УУ.

 

3. АР ХУДАРГААР ЧИНЬ МАН-ЫН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХЭЭ СОНГУУЛИЙН АЖЛЫГ АЛЬ ХЭДИЙНЭЭ ЭХЛҮҮЛЖЭЭ.


Яаж гэвэл:



а. Тэд албан тушаалаа худалдаж мөнгө хөрөнгөө босгож амжсан


б. төрд болон хууль хяналтын байгууллагад байсан АН-ын үнэрийг ч арилгасан.


в. АН-ыг Ерөнхийлөгчтэй хамтран муу муухайн үүр болгон харагдуулж эхэллээ. АН-ын гишүүдийг цагаан сараар ч баривчлан эд нар л идээчин уугаачин бид шудрага ёс тогтоож байна гэж харуулах бүх хар пиараа хийгээд эхэллээ.


г. Монгол 21 аймаг 300 гаруй сумын морь малын холбоог босгож, хаврын уралдааныг УИХ-ын, МАН-ын дарга гэх морь уях, унах нь бүү хэл жороо илжиг унуулахад хүчтэй унгавал газар хөлбөрөх "уяач" нөхөр хуулиа ПААКЮ хэмээн зөрчиж, хамгийн тогтвортой, хамгийн олон гишүүнчлэлтэй, хүртээлтэй Уячдын холбоогоо ажилд нь орууллаа.


д. Өрсөлдөгч намын чинь дарга нь АНУ-гийн сонгуульд хувийн өмчийг дээдэлдэг тул, өмчөө,амь насаа хамгаалахад галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрдөг хуулийн хүрээнд Галт зэвсэг эзэмшигчдийн холбоо, клубын гишүүдийг бодлогоор татаж чадсан нам ялдаг туршлагыг ашиглан холбоо клубаа байгуулаад жагсаалд нь оруулсан байна.

 

Тэгэхээр монголын төр барьдаг үндэсний хэмжээний том намын дарга боллоо гэж та дахин дахин ярьдаг тул БОДЛОГЫН НАМЫН даргын хэмжээнд тулгамдаж байгаа ажлуудынхаа ЛОГИК дарааллыг зөв тогтоосноор ажлаа эхэлнэ үү гэж хүсэж байгаагаа илэрхийлье.


Таны зөв бодлогыг намын олонтойгоо санал хуваалцан байж дэмжинэ, буруу гэж үзснээ хуучны ЗХУ-ын үеийн газар унагаад машинаар дайрсан ч ярьж л байдаг СЕВЕРЬ цагаан хоолой шиг ярьсаар байх болно шүү.

 

Энэ нам бол С.Эрдэнэ та бид нарын хамтын зөв шийдвэрээр явах ёстой газар тул хүслээ хязгаарлаж, хүмүүсээ сонсож, дур зоргоо хазаарлаж, тэвчишгүй муу хүмүүсийн үгийг ширгээж, хүчний харьцааг мэдэрч явахыг хичээнгүйлэн хүсье.

 

Ард чинь урвагчдын балгаар амьдралын баталгаа нь алдагдсан олон зуун мянган гишүүн гаднаа Моно Лизагийн инээмсэглэлтэй ч, кармаандаа салаавчтай, шүдэндээ хорхойтойгоор намын амьдралыг анхааралтай харж байгаа бүү мартаарай.

 

Мартвал данхны таглаа, отго жинстэй малгайг аваад ширээн дээр тавьдаг шиг авчихаж мэднэ.


Таныг хүндэтгэсэн журмын нөхөр, Ардчилсан хүчний 1990 оны, АН-ын 2000 оны гишүүн Сонгины ҮЗХ байсан Ц.Сосорбарам

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 3
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан