Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.23
11
Өдөртөө
3
Шөнөдөө

Муудалцахаараа...

2017 оны 3 сарын 15

Монголчууд бид өдөр тутмын янз бүрийн асуудлаар өөр хоорондоо муудалцдаг. Хүн болгон адилгүй болохоор өөр өөрийн сэтгэл дотроо буй үзэл бодлоо хамгаалах гэж санал зөрөлдөнө. Ажлаас бас хувийн асуудлаас эсвэл хэн нэгний тухай илэрхийлсэн сэтгэгдлээс болж санал зөрөх нь олонтаа. Нэг хэвэнд цутгасан тоосго биш, бор тархины гадаргуу дээрх олон үрчлээсүүдийн өөр өөр атираанууд энэ санал зөрөлдөөнийг дэвэргэдэг. "Үгүй ер, энэ мууд дээрэлхүүлээд байхдаа яанам билээ" гэсэн сэтгэл доторхи омогшоон ийм хэрүүл маргааныг улам ихээр өгдөөнө. Ийм хөөргөн омогшил маргалдаж буй сэдвэээсээ хальж, огт өөр мэдээллүүдийг тархины багтаамжаасаа гаргаж түүнийг ялан дийлэх хүсэлд ташуурдах авай. Тэмээний тухай маргалдаж байсан мэтгэлцээн, ямааны тухай доромжлолоор дэвэрч, эцэс сүүлдээ юуны талаар маргалдаж байснаа мартаж санахын зааг дээр аваачих нь зөндөө. Энэ тэнэглэл нь "Салшгүй сайн хүндээ марташгүй муу үгийг бүү хэл" хэмээх дүрмийг зөрчсөнөөр төгсдөг. Дараа нь хичнээн харамсавч амнаас нэгэнт гарсан муу үгсийг эргүүлж залгилж болдоггүйн зовлонг эдэлнэ.


Дотно сайн найзууд чин сэтгэлээсээ зовлонгоо хуваалцан ярьж байсан үгс маргалдаж мэтгэлцэх цагт "Чи муу тийм л амьтан биз дээ?" гэсэн хачираар даруулахад, итгэсэн сэтгэл доромжлол дунд хиртэж эргээд хичнээн сайхнаар угаах гэвч өнгө ордоггүй нь гачлантай. Зүгээр л итгэж ярьсан бүхнийг нь зүггүйтэж найз нарынхаа дунд доог тохуу болгон ярьж хээв нэг инээхэд, тэр л өдөр ганцаардахдаа хань татсан бүхэн нь энэ өдөр доромж болон хувирахад, итгэж ярьсан бүхнээ эргүүлж залгилж болдоггүйн харууслыг амандаа дэмий л залгилна. Өөрөө сэдэж яриулчихаад өрөвдсөн сэтгэлээ угаадас мэт өөр рүү нь эргүүлээд асгах хэн нэгний өчүүхэн сэтгэлийн сүүдэр дор даарч жиндэн жихүүцэх бас л амаргүй. Тэгээд л хүмүүс дотно нэгэнд итгэснийхээ хариуд доромж амсах бүрдээ гутарч гунин, бусдад итгэх итгэлээ алдаж толгой гудайн, нүднийх нь харц хиртэж эхэлдэг. Сайхан сэтгэлээр өөдөөс нь инээсэн хүн руу итгэж ядсан харцаар гунитайяа харах нь өрөвдмөөр. Энэ ертөнцөд "Сайн хүмүүс муугаасаа олон" гэдэгт итгэж өгөхгүй, сэтгэлийн шаналлаа улам л дотор руугаа чихнэ. Хааяадаа хүмүүс рүү мушилзах гэвч, итгэхгүйн зовлон төрхөнд нь тодрох. Бид энэ ертөнцөд бие биенээ заавал ингэж тарчлаах шалтаг юу билээ.


Хүмүүс минь өөр хоорондоо элдэв асуудлаар муудалцах бүрдээ тэр л сэдвээсээ бүү хальж бай. "Агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй" хэмээн өвөг дээдэс минь дэмий нэг хэлээгүй дээ. Маргалдаж муудалцах бүрдээ сэтгэлийнхээ чанадад эвлэрэх жижигхэн зайг заавал үлдээж бай. Давж гарахын тулд аман дээр гарсан хорон үгсээ асгарах шүлс мэт цааш нь залгилж бай. Эвлэрэх нэгэн өдөр тэр л муу үгсийг түүнд хэлээгүйнхээ төлөө өөртөө талархдаг юм. Сайн найзууд жижигхэн асуудлаас болж маргалдахдаа, тэр л өдөр гомдоосон жижигхэн шалтгаас илүүтэй, өмнө нь чамд гаргаж байсан сайхан сэтгэлүүдийг заавал дурс. Зүгээр л түүний төлөө найзыгаа бас дотно хүмүүсийг уучилж сур. Уул шиг харагдаж буй хар бухимдлыг туулай шиг цагаан дурсамж гүйцдэг юм. Дараа нь хүн болгоныг үзэн ядахын оронд сайн найзтайгаа эвлэрээд гараасаа атгалцан инээж алх. Зүгээр л хүмүүсийн тэнэглэлийг тайван хүлээж авч "Тэнэг мунхаг хүмүүстэй тэрсэлдэж маргалдаад хэрэггүй дээ" гэж өөртөө хэлэн тайвширч бай. Чамайг муулсан хүмүүсийн бахыг ханган, муу явахын оронд эелдэгээр инээмсэглээд өөрийнхөөрөө бай. "Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог" жамтай. Чиний хэн болохыг, бас хэн байсныг тэд биш цаг хугацаа л шүүдэг юм шүү дээ. 


"САЛШГҮЙ САЙН ХҮНДЭЭ МАРТАШГҮЙ МУУ ҮГ БҮҮ ХЭЛЖ БАЙ" Зүгээр л бүх зүйлд уужуу тайван ханд. Муу хүмүүсийн мунхаг үйлдлийн өмнөөс эелдэг сайхнаар инээмсэглэж бай. Тэд яаж ч чаддаггүй юм. Хэрэлдэж маргалдан хэл амаа билүүдэх аваас хэзээ ч чи ялагч болж чаддаггүйг бүү март. Маргалдаж хэрэлдэхэд ялагч хэзээ ч байдаггүй юм даа. Чиний бас тэр хүний сэтгэл л хиртдэг юм. За тэгээд өөр зүйлгүй дээ.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


www.galbadrakh.com 2017-03-15

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан