Улаанбаатар
Өнөөдөр / 2017.05.28
20
Өдөртөө
4
Шөнөдөө

Г.Батбаяр: Нууцын зэрэглэлтэй гэх ТЕГ-ын шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох ёстой

2017 оны 3 сарын 17

Одоогоос 20 орчим жилийн өмнө үйлдэгдсэн аймшигт хэргийн учиг өнөөдөр ч бүрэн тайлагдалгүй, олон нийтийн эргэлзээг төрүүлсэн хэвээр байна. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны сүүлчээр болж, шүүхээс тус хэрэгт буруутгагдаад байсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ ногдуулсан билээ. Улс төрийн нарийн зохион байгуулалттай гэгдэж олон жил шалгагдаж байсан энэхүү хэрэг ахуйн хүрээний захиалгат аллага болон дэнслэгдсэн нь олны анхаарлыг татаж, эргэлзээг улам бүр лавшруулсан. 

 

 

1998 оны 10 дугаар сарын 3-ны өдөр. Тэрхүү аймшигт хэрэг үйлдэгдсэн эл өдрөөс өнөөдрийг хүртэл ард түмэн С.Зоригийг хөнөөсөн алуурчин хэн байсан, ямар зорилгоор энэхүү хэргийг үйлдсэн гэдгийг мэдэхийг туйлын ихээр хүсч, үнэн мөнийг олоосой хэмээн залбирч суусан нь лавтай. Монголчуудын энэхүү хүслийг олон сонгуулиар ашиглаж, иргэдийн итгэлийг хүлээж явсан улс төрч гарын арван хуруунаас ч их. Гэвч тэд С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэх сайхан амлалтаас өөр юу ч хийж дөнгөөгүй. Тиймээс өнөөдрийн нийгэмд газар аваад байгаа таамаг, эргэлзээ борооны дараах мөөг шиг олширсон билээ. Тодруулбал анхан шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийг энэхүү хэргийг үйлдсэн жинхэнэ эзэд мөн эсэх, жирийн нэгэн тариаланч, тогооч нар энэ аймшигт хэргийг үйлдсэн бол яагаад энэ олон жил баригдахгүй явсан, хууль хүчний байгууллагынхан ердөө хаяанд байсан алчуурчдаа илрүүлж чадахгүй энэ хүрсэн үү, эсвэл энэ бүхэн зүгээр л хэн нэгний найруулсан жүжиг байв уу, жирийн иргэдэд хэргийг үүрүүлээд эл хэргийг хаах санаархал хэн нэгэнд байна уу гэгчлэнгийн олон асуулт өнөөдөр хариултаа хүлээсээр байна.

 

Тиймээс ч шүүгдэгч нарын ар гэрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсанаар өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэхүү хэргийн шүүх хурал болсон. Энэхүү хурал нь ямар нэгэн зүйлийн учгийг тайлах байх гэсэн найдлага олон хүн байсан ч эцсийн шийдвэр тэдний зулын галыг мөнхсөн.

 

Хохирогч, шүүгдэгч нарын хүслийг Дээд шүүх ёсчлох болов уу

 

Улсын Дээд шүүх. Энэ л шүүх одоо итгэлийн ганцхан хонгил. Хоёр ч шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн энэхүү шүүхэд хандах нь ойлгомжтой. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг олонтой хүссэн хохирогч, шүүгдэгч нарын хүслийг энэ удаагийн шүүх хурал ёсчлох болов уу, эсвэл өнөөх л Төрийн нууцад хамааралтай гэх шалтаанаар шүүх хурлыг хаалттай явуулж, хэргийн эцэслэх үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.  

 

Эргэлзээ, таамаг төрүүлсэн шүүх хурлын яллах дүгнэлтэд авагдсан материал, мэдээллийг ил болгож өгөхийг ард түмэн ч ялаагүй хүсч байгаа. Энэ ч утгаараа өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандаж, зарлиг гаргахыг хүссэн.  

 

Г.Батбаяр: Шүүх хурлыг нээлттэй явуулвал хуулийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагаа ил болчих гээд байсан байх

 

Нууцын зэрэглэлтэй гэгдэх шалтгаанаар хаалттай явагдаад буй шүүх хурлын мэдээллийг ямар тохиолдол ил болгох боломжтой гэдгийг өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр “С.Зоригийн хэргийн шүүх хурлын яллах дүгнэлтэд авагдсан мэдээллийг ил болгох боломж бий. Энэ хэргийг анх 81.1 буюу улс төрийн зорилгоор төр нийгмийн нэрт зүтгэлтний амь насыг хороосон гэсэн зүйл ангиар шалгаж байсан. Тухайн үед ийм зүйл ангиар шалгаж байсан учраас Тагнуулын Ерөнхий газарт хамаарч тус газрын шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тус дүгнэлтэд С.Зоригийн хэрэг нь төрийн байгууллагын нууцад хамрагдана гэсэн учраас өнөөдрийн энэ төрийн нууцад хамааралтай гэх шалтгаанаар шүүх хурлыг хаалттай явуулаад байгаа юм. Гэтэл мөрдөн байцаалтын явцад зүйл анги нь өөрчлөгдөж 91.2 буюу захиалгаар хүний амь насыг хөнөөсөн болж таарсан. Уг нь энэхүү зүйл ангиа дагаад Тагнуулаас гаргасан шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөх ёстой байсан. Гэсэн ч тэгээгүй. Үүнд ч бас шалтгаан байгаа байх гэж хардаж байгаа. Учир нь хэрэв энэ шүүх хурлыг нээлттэй явуулчихвал хуулийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагаа ил болчих гээд байсан байх. Тэр ч бүү хэл удирдлагууд нь ч хариуцлага хүлээх хэмжээнд хүрсэн учраас энэ хэргийг тэр чигт нь нүд аниад явуулаад байна даа гэж харж байна.

 

Харин Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 165.1-д зааснаар хохирогч С.Оюун, С.Баяр нар дээрх шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгөөч, энэ дүгнэлтээс чинь болоод шүүх хурал хаалттай яваад байна гэх гомдолыг гаргах боломжтой байсан. Ингэхдээ Улсын Дээд шүүхэд хохирогчийн тал гомдол гаргах эрх нь нээлттэй учраас өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргаж, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгөхийг хүсч болно. Хэрэв нууцын зэрэглэлээсээ гарчихвал шүүх хурлын мэдээлэл нээлттэй болох бүрэн боломжтой” гэсэн юм.

 

Түүний өгүүлснээр олны анхаарлыг татсан эл хэргийн мэдээлэл ил болох боломжтой аж. Харин нууцын зэрэглэлээс гарах эсэх, Тагнуулын Ерөнхий газрын гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулж өгөхийг хүсэх эрх хохирогч нарт л нээлттэй болж таарав. Тэгэхээр энэ бүхний учгыг С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун, С.Баяр болон зарлиг гаргах Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар л тайлж дөнгөх болоод байх шиг.

      

Ямартай ч энэхүү хэргийн учиг тайлагдахыг ард түмэн хүсч хүлээж байна.

 

Б.Энхжин

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан