Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг энэ сарын 7-нд Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд дуудлагаар очиж малчны хотонд хүндэрсэн жирэмсэн эхэд яаралтай хагалгааг амжилттай хийж, эх, нярайн амь насыг аварчээ.
Малчин Б-гийн эхнэр, 23 настай Б.С жирэмсний үеийн манас таталтын улмаас хүндэрч унаахгүй болж, улмаар эх, ургийн амь нас дээсэн дөрөөн дээр болсон байжээ.
Бөмбөгөр сумын эмнэлгийн эмч, эх баригч, сувилагч, лаборант, жолооч нар тус айлд очиж анхны тусламжийн үйлчилгээг үзүүлээд байхад нь Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг очиж, гуравдугаар сарын 7-ны өдрийн 17 цаг 32 минутад 1800 грамм охиныг эсэн мэнд төрүүлж, эх ургийн амийг аварчээ.
Улмаар сэхээн амьдруулалт хийж, эх, нярайн биеийн байдлыг тогтворжуулаад Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Эх 33-34 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд одоо эх, нярайн биеийн байдал сайжирч аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (1)