Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.26
-1
Өдөртөө
-5
Шөнөдөө

С.Зоригийн хэрэг дэнслэгдэж, АН-ынхан үймж, Ерөнхийлөгчийн авлигын “хэрэг” прокурорт шилжив

2017 оны 3 сарын 19

Амьдралын эрээн, бараан ээлжилсэн нэгэн долоо хоног шувтарч байна. Улс төр бужигнаж, нийгэм ч тэр хэрээр хөдөлгөөнтэй байлаа. УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлига авсан байж болзошгүй гэсэн шалтгаанаар АТГ-т шалгуулахаар баримтуудаа хүргүүлсэн. Улмаар АТГ үүнийг нь шалгаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ. Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ долоо хоногийн гол үйл явдал байлаа.

 

 

 

 

Түүнчлэн Ардчилсан намын дотоод сонгууль ирэх сарбн 2-нд болохоор товлогдсон. Гэвч тус сонгуулийг гишүүд дэмжигчид нь хууль бусаар зохион байгуулагдаж байна, хэтэрхий өндөр хураамж болоод дэнчин авч байгаа нь намын жирийн нэгэн гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байна хэмээн мэдэгдсэн. Ингэхдээ АН-ын удирдлагууд МАН-ын 60 тэрбум төгрөгийн схемийг өөрийн нам дээрээ бий болгож байна гэсэн бол МАХН Ардын намын сонгуулийн өмнө дэлгэгдсэн 60 тэрбум төгрөг хэрхэн босгох талаар ярьсан бичлэгийн талаарх шинэ баримтыг дэлгэсэн юм. Ингээд өнгөрч буй долоо хоногийн онцлох мэдээллийн хураангуйг хүргэж байна.

 


 

С.Зоригийн хөнөөсөн этгээдүүдийг Б.Булган зөв танив уу

 

Монголын ардчилалд томоохон толбо суулгаад байсан УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэх хэргийг Монголын шүүх 19 жилийн дараа дэнсэллээ. Хэрэг гарснаас хойш улс төрийн нэр бүхий хүмүүсийг уг хэрэгт сэжигтнээр татан, шалгаж байсан ч 18 жилийн дараа онц хэрцгийгээр хүний амь насыг хөнөөсөн гэмт этгээдүүдийг илрүүлж, шүүхээс хорих ялын дээд хэмжээг оноосон. Тодруулбал анхан шатны шүүхээс С.Зоригийн амь насыг хохироосон хэмээн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жилийн хорих ял оноож, 23 жилийг гянданд, үлдсэн хоёр жилийг онц дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноож, чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болсон билээ. Шүүхийн шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж,  давж заалдах хүсэлт гаргаснаар шүүх 12 цаг хуралдсаны эцэст анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

 

Ингэхдээ “Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзлээ. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна. Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ” гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хэргийн газар ганц гэрч болох С.Зориг агсны эхнэр Б.Булган Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг Б.Булган шууд таньсныг шүүх нотоллоо.  

 

Гэвч Б.Булган шүүх хуралд оролцоогүй нь хэрэгтнүүдийг зөв таньсан эсэхэд эргэлзэхэд хүргэсэн. Учир нь өнгөрсөн жилүүдэд Б.Булганыг хууль хяналтынхан хараандаа байлгаж байсан гэдэг. Тиймдээ ч нэг бус удаа нэлээд удаан хугацаагаар цагдан хорьж, зарим үед “Б.Булганд эрүү шүүлт тулгасан байж болзошгүй” гэх мэдээллүүд хүртэл гарч байсан юм. Нөгөө талаар С.Зоригийн ар гэрийнхэн энэ хэргийн үнэнийг дэнсэлсэн эсэхэд эргэлзэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Улмаар давж заалдах шатны шүүх хурлыг олон нийтэд ил явуулж өгөхийг хүссэн ч шүүх хүсэлтийг нь хүлээж аваагүй юм.


 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн С.Зоригийн хэргийн талаарх Ерөнхийлөгчид гаргасан хүсэлт

 

Шүүх хурлын дараах нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандаж бичиг хүргүүлэхээр болсон. Энэ тухайд тэрбээр, "Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд манай багийн иргэд тухайн хэрэгт холбогдож, ял шийтгэл авч, он удаан жилээр хоригдох болж байгаад би гүнээ харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Тиймээс нэгэнт гарсан шийдвэрийг шүүх эрх надад байхгүй. Гэхдээ иргэд сонгогчдоос өргөдөл гомдол ирүүлсээр байна.

 

Тодруулбал, Шүүх хурлыг хаалттай хийсэн нь Үндсэн хуульд заасан “Аливаа иргэн шударга шүүхээр шүүгдэх ёстой” гэсэн эрхийг бүрэн эдэлж чадсан эсэхэд эргэлзэж байна. Шүүгдэгч нар захиалгат аллага үйлдсэн гэж байгаа боловч захиалагч нь өнөөг хүртэл хэн болох нь тогтоогдоогүй байгаа нь нийгэмд эргэлзээ төрүүлж байна.

 

 Тухайн хэргийн амьд гэрч гэгдэх Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг  дээрдүүлсэн, дордуулсан эсэхийг мэдэхийг ард түмэн хүсч байна. Хэрэгт авагдсан нотлох баримт нь онц ноцтой гэдгийг бүрэн нотолж байгаа эсэх нь мөн эргэлзээтэй байгаа тул Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү гэсэн бичиг илгээж байна" гэсэн юм.


 

Ардчилсан намынхны өрсөлдөгчгүй сонгуулийн өмнөх өдрүүд

 

Ардчиллын алтан хараацай С.Зоригийн хэрэг дэнслэгдэж байх зуур АН-ынхан дотроо үймэв. Учир нь долоо хоногийн эхний өдөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүтэй АН-ын хэсэг гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өгч АН-ын удирдлагын зүгээс намын үзэл санаанаас гажсан, ардчиллын үнэт зүйлийг үл тоомсорлосон үйлдлийг ихээхэн гаргадаг болсон талаар мэдэгдсэн юм. Тэнд намын дүрмийн төслийг эцэслэн боловсруулах, намын их хуралд танилцуулах, намын дүрмийг УДШ-д бүртгүүлэх явц бүгд гишүүдээс далд, нууцлагдмал явж байгааг гишүүд эсэргүүцэж,  “АН шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө VI их хурлаар баталсан. Энэ хөтөлбөрт одоогийн явуулж буй дотоод сонгуулийн зохион байгуулалт нийцэхгүй байгаа. Манай намын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулга нь намыг нээлттэй болгох явдал. Гэтэл дотоод сонгууль явуулж буй дүрэм журам хаалттай нөхцөлд хийгдэж байна. Ялангуяа намын VII их хурлаар баталсан шинэчилсэн дүрэм намын гишүүдэд танилцуулагдаагүй. Улсын дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэх асуудлаар хуралдаагүй байгаа.

 

Тийм байтал дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулах гэж байна. Үр дагаварыг нь хэн хариуцах вэ. Дотоод сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэсэн саналыг С.Эрдэнэ даргад олон удаа тавьсан ч хариу өгөөгүй. Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байна. АН-ын сонгуульд оролцох хүн дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Авч байгаа татвар хураамж, дэнчингийн хэмжээ нь МАН-ын хэрэгжүүлсэн 60 тэрбумын схемийг АН-д авчирч, гоц халдварч өвчин халдаах гэж байгаа шиг юм боллоо” хэмээн мэдэгдсэн. Эсэргүүцэл нэлээд газар авсан бөгөөд энэ хооронд Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм.  Тухайн өдөр Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийж дараах мэдээллийг өгсөн.


 

С.Эрдэнэ: Хуучин дүрмээр сонгууль явуулна

 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Үндсэн дүрмийг зүйл нэг бүрээр хэлэлцүүлсэн. Ардчилсан намын долдугаар Их хурал үндсэндээ долоо хоног үргэлжилсэн. Бэлтгэл ажлын хүрээнд бүх, аймаг дүүрэг дээр салбар хуралдааныг хуралдуулсан. Хамгийн олон санал авсан зүйл заалтыг нэгтгээд Их хурлаар хэлэлцүүлсэн. Томоохон хурал дээр үндсэн дүрмийг нэг бүрчлэн хэлэлцүүлдэггүй. Хэлэлцүүлэх шаардлагатай бол салбар хуралдаанаар хэлэлцүүлээд гарсан шийдвэрийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэж баталдаг олон улсын жишиг бий.

 

 Манай улс орон ч энэ жишгийн дагуу явдаг. АН-ын анхан, дунд шатны намын удирдах бүрэлдэхүүнийг сонгох бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Энэ ажлыг дүрэм батлагдаагүй байхад, Дээд шүүх бүртгээгүй байхад дэнчин тогтоолоо гэдэг гомдол, яриа гарч байна. Хариуцлагатайгаар хэлэхэд Улсын Дээд шүүхэд өгсөн үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд хоёр асуудал байгаа. Хэрэв бүртгэж авахгүй бол нэгдүгээрт Үндэсний бодлогын хороо гэдэг нэр томьёо Үндэсний зөвлөлдөх хороо гэдгээрээ үлдэнэ. Хоёрдугаарт анхан, дунд шатны намын хороогоор батална гэсэн асуудлыг бүх гишүүдээс батална гэж өөрчилсөн байсан. Үүнийг анхан дунд шатаар батлах нэмэлт процесс гарахаар байна. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд намын бүх шатны удирдах бүрэлдэхүүнийг сонгодог байсан бол АН-ын бүх гишүүдийн сонголтоор удирдлагуудаа сонгодог өөрчлөлтийг оруулсан. 

 

Бүх гишүүдээр явуулдаг сонгуулиа явуулдагаараа явуулна. Дараа нь гарсан үр дүнг тухайн намын хорооны хурлаар оруулж баталгаажуулах нэмэлт ажил үүсч байна. Дэнчин тогтоох, хэмжээ, хураамжийг тогтоох асуудал хуучин дүрмээрээ явж байгаа. Харин дэнчин тавиад сонгуульд өрсөлдсөн хүмүүс алагдал хүлээвэл дэнчгийн мөнгөө буцаан авна” гэдгийг хэлсэн юм.

 

Мөн тэрбээр "Улсын дээд шүүхэд Ардчилсан намын үндсэн дүрмийг шинэчлэн найруулах ч юм уу, шинэ дүрмийн төслийг оруулаагүй. Энэ дүрэм Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй, Ан-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ дүрэмд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулж бүртгүүлэхээр өгсөн. Үүнийг Улсын Дээд шүүх үндэслэлээ гаргаад бүртгэхгүй гэх юм бол дээр дурдсан хоёр өөрчлөлтөөр явна. Үүнд цаг хугацаа болон боломжгүй нөхцөл үүсэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэсэн юм.


 

Э.Эрдэнэжамъян: МАН-ынхан 60 тэрбумын бичлэгийг дарахаар нэгэндээ 20 сая төгрөг шилжүүлснийг прокурор нотолсон

 

Ардчилсан намыхан намаа шүүмжилж, “МАН-ын хэрэгжүүлсэн 60 тэрбумын схемийг АН-д авчирч, гоц халдварч өвчин халдаах гэж байгаа шиг юм боллоо” хэмээн мэдэгдэлтэй зэрэгцээд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян УИХ-ын сонгуулиар шуугиан тариад байсан МАН-ын 60 тэрбум төгрөгийн бичлэгийн талаарх прокурорын баримтыг дэлгэсэн юм.

 

Тэрбээр  “2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хүмүүсийн ярианы бичлэгийг өөрт олдсон мэдээллийн дагуу олонд ил болгосон. Тухайн үед дуу хоолойг эвлүүлсэн гэж тайлбарласан байдаг. Гэтэл прокурорын газар, мөрдөн байцаах газарт өгсөн мэдүүлэгтээ өөрсдийнх нь дуу хоолой мөн, тухайн үед намын стратегийг боловсруулж байсан нэр бүхий хүмүүс бичлэгийг гар утас дээрээ хийж цааш нь дамжуулж нэгнийгээ сүрдүүлж мөнгө авсан гэдгийг нотолсон байгаа юм. Тухайлбал, А.Ганбаатарыг сүрдүүлж 20 сая төгрөг нэхэмжилснийг тухайн хүний данс руу шилжүүлсэн гэдгээ мэдүүлсэн байгаа юм.

 

Хамгийн сонирхолтой нь шинжилгээнд ирүүлсэн suudal_une.mp4 нэртэй бичлэгт хийгдсэн эвлүүлгийг хийхэд ашигласан программыг тусгай зориулалтын программ хангамж ашиглан тогтоох боломжгүй гэх дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, шинжээч нь эвлүүлэг хийсэн гэдгийг нотлох боломжгүй буюу эвлүүлэг биш байна гэсэн байгаа юм. Их соёлтойгоор хэлсэн байна. Тэгэхээр МАН-ын стратегийн баг гар утас дээр хийсэн бичлэгээрээ нэгийгээ шантаажилж мөнгө олох гэж яваад задруулсан юм байна. Ингэж яваад МАХН-ын төв штабыг удирдаж байсан надад ирсэн. Би одоо ч гэмт хэргийн шинжтэй зүйл гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байгаа.Цаашид иргэний шүүхэд тайлбараа тавина. Шүүхэд шинээр шинжээчид томилуулах зэргээр дараа дараагийн алхмаа хийнэ” хэмээн мэдэгдсэн юм.


 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлигын хэргийг АТГ шалгаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ


Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн бас нэг онцлох үйл явдал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлигын хэргийг АТГ шалгаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн явдал байлаа.  УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсан. Тэрбээр энэ асуудлаараа  АТГ-т тайлбар өгч хуулийн хугацаа буюу 19 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх талаар бид өмнө нь мэдээлж байсан.   Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлигын хэргийг АТГ шалгаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

 

Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Рио Тинто” компани болон Мүүнийн шашинтнуудаас авлига авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох баримтуудыг АТГ шалгуулахаар өгсөн юм.  Тодруулбал 2012 онд Ц.Элбэгдорж “Оюу Толгой” компаний Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж 3 сая хүртэл америк доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан...” гэх мэт ноцтой баримтуудыг АТГ-д өгөөд байгаа юм.


 

АНУ-ын цэргийн онгоц ослын буулт хийлээ

 

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын цэргийн онгоц ослын буулт хийсэн. АНУ-ын онгоц р ослын буулт хийсэн ч амжилттай газарджээ. Онгоц Катараас нислэг үйлдэж явсан бөгөөд Улаанбаатар хотод буух хуваарьгүй байсан байна. Нислэг үйлдэх явцад дөрвөн хөдөлгүүрийнх нь нэг ажиллахгүй болсон тул “Чингис хаан” нисэх буудалд буух зөвшөөрөл хүссэний дагуу Монголын талаас шаардлагатай арга хэмжээг авч ажилласнаар онгоц ямар нэгэн осолгүй, амжилттай газарджээ.

 

Энэ талаар албаныхан "Катараас нислэг үйлдэж байсан АНУ-ын цэргийн зориулалттай С17 маягийн агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон тул зөвшөөрөл хүсч, Улаанбаатарт 13:59 цагт газардсан. АНУ-ын цэргийн зориулалттай уг онгоцны  экипаж найман хүний бүрэлдэхүүнтэй байсан. "Чингис хаан" олон улсын нисэх буудлынхан бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Одоо нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Онгоц одоо Улаанбаатарт байгаа. Засварын хийж, нисэх боломжтой болсон үед хөөрнө" гэсэн тайлбар өгсөн юм.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 3
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан