Төр,нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн билээ. Шүүх хуралд хохирогч С.Баяр оролцох байсан ч шүүх хурлыг нээлттэй явуулахгүй байгааг эсэргүүцэж шүүх танхимаас гарч явсан.
Харин тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “С.Зориг бол Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтний хувьд улс орондоо төдийгүй, дэлхийд танигдаж хүндлэгдсэн улстөрч хүн байсан. Түүний араас монголчууд бид харамсан гашуудсаар ирсэн. Яагаад түүнийг хөнөөв, хэргийг хэзээ илрүүлэх вэ гэдэг нь 18 жилийн турш манай нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал. Нээлттэй, ардчилсан нийгэмд олон түмэн үүнийг мэдэх эрхтэй.
Манай С.Зориг бол Монголд ардчилсан нийгэм байгуулахын төлөө журмын нөхдийнхөө хамт тэмцэж яваад бусдын гарт хөнөөгдсөн хүн. С.Зоригийн хамтран зүтгэгчид энэ хэргийг илрүүлэхийг байнга шаардсаар ирсэн боловч харамсалтай нь өнөөдөр өөрийх нь нам юу ч дугарахгүй байна. Дахин хэлэхэд, хэргийн талаарх мэдээллийг ил болгохыг зөвхөн С.Зоригийн ар гэр бид хүсээд байгаа юм биш, үүнийг олон нийт хүсэн хүлээж байна” гэдгийг онцолсон байна.
Мөн тэрбээр “Энэ олон жилийн дараа хэргийг төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах гэсэн хуулийн зүйл заалтаар шийдсэнгүй. Бидний ойлгож байгаагаар аллагад захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нар оролцсон, тэд нар нь хоорондоо салшгүй холбоотой.Тиймээс энэ хэрэг бүрэн гүйцэд шийдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Миний дүү С.Оюун бид хоёр хохирогчийн хувьд хэргийн материалтай танилцсан. Бид хоёрт хэрэг бүрэн гүйцэд илэрсэн гэдэг итгэл үнэмшил төрөхгүй байна” хэмээжээ.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (52)