Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.03.20-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зөвлөлийн даргаар Сангийн сайд ажиллах бол гишүүдэд ХЗДХ болон Гадаад харилцааны сайд, гааль, хил хамгаалах, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяат, МҮХАҮТ, Логистикийн холбооны дарга багтжээ.
Зөвлөл хилийн боомт байгуулах, өргөтгөх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, боомтын ажлыг сайжруулах талаар зөвлөмж гаргах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал боловсруулах, боомтыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, боомтод мөрдөх журмыг батлах эрхтэй юм. Зөвлөл шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бөгөөд ажлаа Засгийн газарт тайлагнах үүрэг хүлээжээ.
Үндсэн чиглэлийн биелэлт 61 хувьтай гарчээ
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлд тусгасан 158 арга хэмжээнээс 19 нь 100 хувь буюу бүрэн, 39 нь 90 хувь, 23 нь 70 хувь, 33 нь 50 хувийн биелэлттэй, бусад нь 30-аас доош хувьтай байна.
Макро эдийн засгийн бодлого 64.3, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 67.9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад болон батлан хамгаалах салбарын бодлого 64.6 хувьтай гарчээ.
Цаашид Үндсэн чиглэлд тусгаан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг улсын төсөвт бүрэн тусгаж байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар жил бүрийн Үндсэн чиглэлд тусгасан өөрийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, оны эхнээс жигд хэрэгжүүлэх, тухайн онд хүрэх түвшингээ бодитой тогтоохыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Товч мэдээ
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Энэ сарын 30-31-ний өдрүүдэд болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар талууд улс төр, эдийн засгийн харилцааны асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцон, байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог юм. Хуралдааны үеэр Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хурлаас гадна Хүний эрхийн асуудлаарх яриа, хэлэлцүүлэг болох юм байна.
- Энэ сарын 27-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан болно. Хуралдаан нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
- Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдрийн “Усны болон цаг уурын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болов.