Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа дэнслэгдсэн ч олны эргэлзээг төрүүлсэн хэвээр байгаа. Анхан шатны шүүхээс энэ хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 24-25 жилийн хорих ял оноосон бөгөөд өнгөрсөн долоо долоо хоногт Давж заалдах шатны шүүх хуралдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Эл хэрэг эхнээсээ төрийн нууцад хамааралтай гэгдэж байсан учраас бүх зүйл хаалттай болж өрнөсөн.
Энэ нь ч олны хардлага эргэлзээг төрүүлж, улмаар шүүх хуралдаанд авагдсан нотлох баримтыг ил болгохыг хүсч, шаардаж байсан юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж байгаа төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна. Төрийн нууцыг ил болгох тухай уг албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 10-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцад явуулжээ.
Энэ дагуу өчигдөр Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож, Төрийн нууцын зэрэглэлээс гаргасан зарим мэдээллийг ил болгов. Ингэхдээ яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэний нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг асгны гэргий Д.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг үзүүлсэн юм. Харин энэ нь үнэхээр нууцын зэрэглэлд хамаарах нотлох баримт болж байгаа гэдэг нь энэхүү мэдээлэл ил болсноор дахин эргэлзээ төрүүлж эхэллээ. Ямартай ч анх удаа ил болгосон нууц баримтуудын талаарх мэдээллийг бичлэгээр хүргэж байна.
Сэтгэгдэл (93)