Маргааш “Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Сүрьеэ өвчнөөр өвчлөгсдөөс гадна голомт дээр ажилладаг эмч, мэргэжилтнүүд сүрьеэгийн халдвар авах нь ихэссэн аж. Дээрх асуудлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, АУ-ын доктор Д.Наранзултай дэлгэрэнгүй ярилцлаа.
Сайна байна уу. Өнөөдөр сүрьеэтэй өвчтөнөөс гадна голомтод нь ажиллаж буй эмч, сувилагчдын дунд сүрьеэ өвчин их гарах болсон гэж сонссон. Эмч, сувилагч нарын дунд сүрьеэ өвчний халдвар хэр байгаа вэ? Энэ талаар хамгийн сүүлд ямар судалгаа хийгдсэн бэ?
Сүрьеэ амьсгалын замаар халдварладаг өвчин учраас сүрьеэтэй өвчтөн амьсгалах, ханиалгах төдийд тухайн өвчний халдвар агаарт цацагдаж байдаг. Тиймээс эрүүл мэндийн ажилтнууд сүрьеэтэй өвчтөнтэй өдөр тутамдаа харьцдаг учраас өвчин халдварлах эрсдэл маш өндөр байдаг. Дэлхийн олон орны эрүүл мэндийн ажилтнууд сүрьеэгээр өвчлөх, халдвар авах эрсдэл өндөр байгаа. Манай оронд 2012 онд хийсэн судалгаагаар нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын 52 хувь нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн дүн гарсан. Үүнээс хоёрдогч шатлалд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд хамгийн их халдвар авсан нь судалгаагаар гарсан. Ялангуяа олон эмийн дасалтай сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд өвчилдөг бөгөөд улмаар нас барах тохиолдол нэлээдгүй байна. Тийм учраас эрүүл мэндийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нэн шаардлагатай. Үүний үндсэн дээр бид өнгөрсөн долоо хоногт МЭМАҮЭ-ийн холбооноос “ Хөдөлмөрлөх эрх-Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн эмч, мэргэжилтний улсын зөвлөгөөн болж, салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Тэгвэл ХӨСҮТ-өөс сүрьеэгийн клиникт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах нь бүх ажил олгогч нарын үүрэг байдаг. ХӨСҮТ-ийн хувьд энэ тал дээр олон арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, ОУ-ын Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөлд эрүүл мэндийн ажилчдын тусгай хамгаалалттай амны хаалт /маск/-ыг захиалан хийлгэж хэрэглэдэг. Мөн сүрьеэгийн тасаг нэгжүүдийн агааржуулалтын системийг механик агаарын систем рүү шилжүүлсэн. Тодруулбал, олон эмийн дасалтай болон халдварын эрсдэл өндөртэй өвчтөний тасгуудын өрөөний агаарыг цэвэршүүлж, гадаад орчноос цэвэр агаар оруулах зориулалтын агаарын систем суурилуулсан. Нөгөө талаас эрүүл мэндийн ажилтнуудын дунд амны хаалтаа хэрхэн хэрэглэх, агаарын системийн төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, халдвартай өвчтөнтэй хэрхэн ажиллах зэрэг халдвар авахаас сэргийлсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.
Эрүүл мэндийн салбар тэр дундаа хүнд нөхцөлд ажилладаг сүрьеэгийн чиглэлд хүний нөөцийн асуудал чухал байх. Энэ талаар...
Дэлхий нийтэд тулгамдсан асуудлын нэг нь эрүүл мэндийн ажилчдын хомсдол байдаг. Энэ нь эрүүл мэндийн ажилчид удаан хугацаагаар бэлтгэгддэгтэй холбоотой. Нөгөө талаар, шинэ боловсон хүчин энэ чиглэлийн салбарт ажиллах сонирхол бага болсон. Учир нь цалин бага, ажлын нөхцөл хүнд, ажлын байрнаасаа халдвар авч нас барах гэх мэт хүчин зүйлсээс болж салбарт ажиллах сонирхолгүй байдаг тохиолдол ихээхэн ажиглагдаж байгаа. Энэ чиглэлийн хүний нөөц хомсдолд орсон тул ажлын ачаалал ихтэй байдаг. Нэг өвчтнийг 6-8 сар, цаашлаад 24-36 сарын хугацаанд эмчлэх шаардлагатай байдаг. Энэ нь нэг талаар ажлын байрны дарамт болж байдаг жишээтэй. Энэ асуудал бол эрүүл мэндийн бодлогоос шууд хамааралтай.
ХӨСҮТ нь сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв гэж хэлж болох байх. Танайх сүрьеэгийн чиглэлийн залуу боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хэрхэн анхааран ажиллаж байна вэ?
Боловсон хүчин бэлдэх асуудал ер нь нэгдүгээрт байх ёстой гэж бодож явдаг. Манай байгууллагын зүгээс залуу эмч нарыг дэмжих бодлого баримталж ажиллаж байна. Зарим мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал болон халдвартын нэмэгдэл олгох буюу үндсэн цалингийн 10 хувийг олгох, цаашлаад олон улсын сургалтанд хамруулах зэрэг урамшуулал олгон ажиллаж байна.
Сүрьеэгийн резидент эмч мэргэжлийг эзэмшихийн тулд хэдэн жил суралцдаг вэ?
Нарийн мэргэжлийг 1,5 жилээр суралцдаг байсан. Бидний зүгээс богино хугацаанд сургах шаардлагатай тул халдвартын мэргэжил эзэмшсэн хүнийг 6 сарын хугацаанд мэргэшүүлэх хөтөлбөрийг Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд сүрьеэгийн 20 гаруй эмчийг бэлтгэж байна.
Сүрьеэгийн эмчээр ажиллахын тулд эхлээд халдвартын ерөнхий эмчээр сурсан байх шаардлагатай юу?
Эхлээд эмчийн мэргэжлээр сураад дараа нь 2 жил сүрьеэгийн ресидент эмчээр суралцана. Үүний дараа мэргэжил олгох сургалтанд сурч ажиллах эрхээ авдаг. Цаашлаад магистр, докторын түвшинд суралцана. Ингэж байж зэргийн нэмэгдэл цалин авдаг. Эмч хүн суралцахад маш их цаг хугацаа зарцуулдаг шүү дээ.
Салбарын хүний хувьд та төрийн бодлогын түвшинд юуг анхаарасай гэж бодож явдаг вэ?
Сүүлийн үеийн боловсон хүчин чадварлаг болсон. Тийм учраас дотооддоо гэхээсээ илүү гадаадын олон улсын байгууллагад ажиллах нь ихэссэн. Харин чадварлаг боловсон хүчнээ дотооддоо ажиллуулахын тулд нийгмийн баталгаа, цалин өндөр байх хэрэгтэй. Одоогийн ажилчид шөнийн ээлжинд жижүүрт хонож, маш хүнд нөхцөлд ажиллаж байж л цалингийн нэмэгдэл авч байна. Тиймээс нэгдүгээрт төрөөс цалинг дорвитой нэмэх шаардлагатай байна. Жишээ нь, Казакстан улсын Сүрьеэгийн эмч нарын цалин бусад эмч нарын цалингаас 190 хувиар өндөр байдаг. Хоёрдугаарт, шөнийн ээлжинд гарч байгаа ажилчдаас зөвхөн эмч нар л хоолтой байдаг. Харин сувилагч, асрагч нарт хоол өгдөггүй. Энэ бүхнээс дархлаа суларч халдвар авах эрсдэл өндөр байдаг. Тиймээс энэ салбарын цалинг нэмэхээс гадна нийгмийн халамж тал дээр нь анхаарах зайлшгүй шаардлага байна.
Их ажлын хажуугаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл (1)