Ирэх сарын 1-ээс эхлэн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар болсон тухай шийдвэрийг “Улаанбаатар смарт карт “ХХК-ийн удирдлагууд мэдэгдэж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Иймээс нийтийн тээврээр зорчигч иргэд бэлэн мөнгөөр бус зөвхөн смарт картаар төлбөрөө төлөх юм.
Хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар смарт картны үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ “2015 оны долдугаар сарын 29-ний өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага,мэдээллийн болон цахим төлбөр”-ийн систем нэвтрүүлсэн. Бэлэн мөнгөний хайрцаг хараа хяналт үнэхээр муу байсан. Иргэд хуурамч мөнгө хэрэглэх, мөнгөний хайрцагт уранхай мөнгө хийхээс авахуулаад дутуу мөнгөөр үйлчлүүлэх тохиолдол ихээр гарч байсан.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдийн 63 хувь нь бэлэн мөнгөөр тооцоогоо хийж байна. Харин үлдсэн 37 хувь нь картаар зорчилт хийж байгаа. Бэлэн мөнгөөр зорчих иргэдийн зөрчилтэй үйлдэлтэй холбогдуулан нийтийн тээврийн салбарт багагүй хохирол учирсан. Энэхүү шинэчлэгдсэн систем нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар болоод хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг олон нийтийн тээврээр зорчих соёл, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх зорилготой” хэмээн ярилаа.
Одоогоор ”Улаанбаатар смарт карт” ХХК-иас карт цэнэглэх, борлуулах 438 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бол ирэх сарын 1-ээс 480 цэг ажиллаж эхлэх юм.
Мөн ирэх сарын 1-ээс нийтийн тээврийн хэрэгслээр зорчих смарт картыг нийслэлийн захын бүсүүдэд 20 мянган карт үнэгүй тараахаар болсон тухай албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл (8)