Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг аймагт Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.
Энэ сарын 21-24-ний өдрүүдэд 11 аймгийн 40 суманд 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэн (үүнээс Завхан аймгийн Баянхайрхан суманд 1, Говь-Алтай аймгийн Шарга суманд 1, нийт 2 иргэн нас барсан)-ээс 91 иргэнийг эсэн мэнд олж, 5 иргэнийг эрэн хайж, цасанд суусан 50 автомашин 332 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан байна.
Эрэн хайх, аврах ажиллагаанд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын 154 албан хаагч, 31 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 375 албан хаагч, иргэн, 72 автомашин, автозам арчлалтын компанийн 96 ажилтан, 36 автомашин, 58 машин механизм, нийт 625 хүн, 197 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.