Монгол улсын иргэн, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын дарга Гантөмөрийн Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлига авсан байж болзошгүй хэмээн шалгуулахаар хууль хяналтынханд хандсан билээ. Тодруулбал "Рио тинто" компаниас байр, эхнэрийнхээ сангаар дамжуулж их хэмжээний мөнгөн авлига авсан байж болзошгүй, мөн Солонгос дахь Мүүний шашинтнуудаас их хэмжээний мөнгө авч, сонгуулийн зардлаа босгосон байж болзошгүй гэж үзэн, холбогдох баримтуудыг АТГ-т хүргүүлсэн.
Түүний өгсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой авлига авсан байж болзошгүй баримтуудыг Авилгалтай Тэмцэх Газар Нийслэлийн прокурорт шилжүүлсэн юм. Тэгвэл Нийслэлийн прокурор УИХ-ын гишүүн асан Г.Уянгад хариуг нь өгсөн. Тэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл алга хэмээн түүнд хэрэг үүсгэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл эрүү үүсгэхээс татгалзсан АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвойн саналыг Нийслэлийн прокурор дэмжсэн юм. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол бүрэн эхээр нь хүргэж байна.
Тогтоолоос харахад Хаан брой ХХК-ийн захирал С.Отгонбаатар тус төвийн барилгаа 2001 онд барьж ашиглалтад оруулжээ. Ингэхдээ дээд талын гурван давхар байрыг орон сууцны зориулалттай барьж бусдад зарсан байна. Одоогоос 17 жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын ажлаа өгсөнийхөө дараа тус байрны 7 тоот өрөөг гээр хийж авч байжээ. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нь бусдад түрээслүүлэх маягаар барагдуулсан. Ам метрийг нь 600 ам доллараар худалдаж байсан талаар С.Отгонбаатар мэдүүлсэн байна.
Үүнээс хойш “Болд” компанийн захирал Х.Болдбаатар буюу Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү нь бусдад түрээслэжээ. 2013 оны 10 дугаар сараас Турк улсын иргэнд хөлслүүлж байгаа аж. Үүнээс өмнө Оюу толгой компанид 2 жилийн өмнө хугацаатай хөлслүүлж байжээ. Дунджаар сарын 3 сая төгрөгөөр түрээслэсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (44)