Ирэх сарын нэгний өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зөвхөн картаар зорчуулах болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, ирэх бямба гаригийн өглөө гэхэд бүх автобус бэлэн мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарах юм байна.
Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн Тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргал “2015 оны долдугаар сарын 29-нөөс нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлсэн. Карт хэрэглэгчдийн тоо нийт зорчигчийнхоо 90 хувьд хүрсэн тохиолдолд бэлэн мөнгөний хайрцаггүй болгох төлөвлөгөөтэй байлаа. Харамсалтай нь, картаар үйлчлүүлэх иргэдийн тоо өсөж буй ч 90 хувьд хүрээгүй.
Сүүлдээ жолооч нар орлогоос хулгайлах, иргэд хуурамч, тал, дутуу мөнгө хайрцагт хийх нь олширсон. Орлогын 30-40 хувиа алдаж байна гэсэн судалгааг Нийтийн тээврийн газраас гаргасан. Үүнээс гарахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зөвхөн картаар зорчуулах шийдвэр гаргаад байна. Ирэх бямба гаригийн өглөө гэхэд бүх автобус бэлэн мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарна. Улаанбаатарт карт борлуулах, цэнэглэх 449 цэг ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын 1 гэхэд 31-ээр нэмж, 480 цэг болгоно. Эдгээр цэгийг өглөө 06.00, орой 19.00 цагаас хойш ажиллаж, карт цэнэглэвэл хоёр хувийн урамшуулал олгохоор болсон. 3600 төгрөгийн үнэтэй картыг 2000 болгож хямдрууллаа.
Мөн нийтийн тээврийн төлбөрийн картын төрлийг нэмэгдүүлж байна. Хураамжаа (25.000 төгрөг) төлөөд сарын турш хязгааргүй зорчих, банкны тусгай дансанд мөнгө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь картын дугаараа бичсэнээр автоматаар сунгаж, ашиглах карт гаргасан. Үүнийг манай компанийн Хэрэглэгчийн төв болон нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбараас авах боломжтой. Нийслэлийн Тээврийн газар, хороодтой хамтран амьжиргааны түвшин доогуур 20 мянган ширхэг карт үнэгүй тараана” гэв.
Сэтгэгдэл (3)