Шүүх хурлыг нээлттэй явуулах нь аливаа хардлага сэрдлэгийг ил болгодог давуу талтай. Бүх зүйл олны өмнө нээлттэй байна гэдэг сайхан ч зарим талдаа шүүх хуралд оролцож буй хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг шууд харуулж, ичих нүүргүй болгож орхих юм. Тодруулбал Г.Дэнзэн нарт холбогдох шүүх хурал эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Хоёр дахь өдрөө болсон шүүх хурлаар /өчигдөр/ шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судлахаар болоод түр завсарласан. Тэгвэл шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр тус хэргийг шинжлэн дүгнэлт, тайлан гаргасан шинжээч Д.Соёлмаа ёстой л олны хөх инээдийг хүргэж орхив.
Аливаа шүүх хуралд шинжээчийн гаргасан дүгнэлт маш чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тодруулбал шинжээчийн дүгнэлтийг үндэслэн улсын яллагч яллах дүгнэлт үйлддэг гэхээр шинжээчийн гаргасан дүгнэлт аливаа хэрэгт буруутгагдаад буй хүмүүсийн хувь заяаг шийдэх гол үндэслэл болдог учиртай. Гэтэл гаргасан дүгнэлтээ ямар эх сурвалж, баримт үндэслэн гаргасан гэдгээ мэдэхгүй, зах зээлийн үнээ ч судлаагүй “алибаба” гэх сайтаас авсан үнээр тооцоолж дүгнэлт гаргасан гэх шинжээч шүүх хуралд оролцож олны өмнө шившигээ тариад зогсож байгаа нь үнэхээр харамсалтай.
Шинжээч Д.Соёлмаа: Салхины хаалт гэж бичих ёстой зүйлийг хашаа гээд биччихжээ. Мөн газрын хэмжээг буруу бичсэн байна. Энэ бас миний алдаа. Миний баримтууд ажлын архивт байгаа. Хавтаст хэрэгт хавсаргаагүй болохоор та нар ойлгохгүй байх шиг байна.
Ийнхүү өгүүлэхийн учир нь Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шинжлэн судласан Д.Соёлмаа шинжээч өчигдөр болсон шүүх хурлын үеэр өмгөөлөгч нарын асуусан асуултад хариулахдаа ёстой л нүүр хийх газаргүй болов. Тодруулбал, тэрбээр газрын үнэлгээг гаргахдаа 2008 онд 1мкв газрын үнийг 6340 төгрөгөөр бодсон бол 2013 онд 4000 төгрөг болгон бууруулж үнэлсэн байх аж. Гэтэл хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх баялагтай газар бүү хэл айлын хашааны газар хүртэл өдөр хоногоор үнэд хүрээд байгааг шинжээч тооцоолоогүй гэдэг нь шүүх хурлын үеэр ил болсон. Үүгээр ч үл барам яллах дүгнэлт үйлдэх нотлох баримт дээр газрын хэмжээг буруу биччихээд энэ нь ил болохоор “Би андуурсан байна. Миний буруу” гээд хэнэг ч үгүй хэлээд зогсож байсан нь олны гайхширлыг төрүүлж, шүүх танхимд байсан хүмүүсийн инээд, дургүй хоёрыг хүргээд авна лээ.
Шинжээчийн ёс зүйгүй үйлдэл үүгээр дуусаагүй. Д.Соёлмаа шинжээч 200 тоннын пүүг үнэлэхдээ зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулж байгааг судлаагүй бололтой өмгөөлөгчийн асуусан асуултад бүтэрч байгаа харагдсан. Мөн “Салхины хаалт гэж бичих ёстой зүйлийг хашаа гээд биччихжээ. Энэ бас миний алдаа байна. Миний баримтууд ажлын архивт байгаа. Хавтаст хэрэгт хавсаргаагүй болохоор та нар ойлгохгүй байх шиг байна” гэх зүйл яриад зогсож байв. Тиймээс ч өмгөөлөгч нар “Д.Соёлмаа шинжээч ээ! Та ямар сургууль төгссөн, ямар мэргэшилтэй хүн бэ. Яг үнэндээ та өнөөдөр шинжээч үү, хөрөнгийн үнэлгээчин үү гэдгээ ч ялгахгүй байна шүү дээ. Таны шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг чинь үндэслээд энэ олон хүн олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдоод шүүхийн өмнө шүүгдэж байна. Энэ бүхнийг ойлгож мэдэж байгаа биз дээ” хэмээн асуухад “Би технологич мэргэжилтэй хүн. 1997 онд мэргэжлийн үнэлгээний сургалтад сууж, үнэлгээчин болсон. Үүнээс хойш дунд нь хэсэг завсарлаад энэ ажлыг хийж байгаа. Харин одоо энд гаргасан дүгнэлтээ тайлбарлахыг хичээж байна. Зарим нэгэн зүйл дээр алдаа гаргасан байна” гэх хариултыг өгсөн.
Энэ мэтээр шинжээч өөрийн хийж, судлаж гаргасан тайландаа тусгагдсан баримтуудыг тайлбарлаж чадахгүй, ээрч мууран, өмгөөлөгч нарын асуусан асуултад хариулт өгөхөөс татгалзаж байсан нь үнэндээ их эргэлзээтэй, басхүү өрөвдөлтэй харагдаж байсныг энд нуух юун.
Ер нь сүүлийн үед олны анхаарлыг татсан шүүх хурлын үеэр шинжээч нь гаргасан дүгнэлт тайлангаа хамгаалж чадахгүй шившиг болдог үзэгдэл олонтой ажиглагдах болсон. Хамгийн сүүлд л гэхэд Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлын үеэр мөн л шинжээч нь гаргасан дүгнэлтээ тайлбарлаж чадахгүй толгойгоо маажин зогсож байсныг олон нийт мартаагүй байгаа. Хамгийн хачирхалтай ч эдгээр шинжээчийг АТГ санал болгосон гэдэг. Тэгэхээр тус газар үнэхээр гаргасан дүгнэлтээ тайлбарлах чадваргүй шинжээч, үнэлгээний газрыг сонгоод байна уу эсвэл ямар нэгэн шалтгаанаар ийнхүү “ардын элч” томилоод байна уу гэдэг ч мөн л олны анхаарлыг татаж байгаа юм. Ямартай ч Г.Дэнзэн нарын хэрэгт шинжээчээр ажилласан Д.Соёлмаа олны өмнө мөн л шившигээ тарьж, нүүр хийх газаргүй боллоо. Хийсэн ажилдаа бардам, хэлэх үгтэй байна гэдэг юунаас ч илүү бахдам зүйл байдагсан.
Б.Энхжин
Сэтгэгдэл (52)