УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр С.Зориг агсны хэргийн баримт нотолгоо, мөрдөн байцаах явцын талаарх зарим баримт болох хэрэгтэн Ц.Амгаланбаатарын Т.Чимгээ болон Т.Содномдаржаа нарт илгээсэн мессеж, мөн Ц.Амгаланбаатар хүний өмнөөс ял үүрдэг гэсэн нотлох баримтуудыг дэлгэсэн юм. Энэ үеэр Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
- Та дээрээс энэ хоёр хүнийг хэрэгт холбогдуулж байна гэлээ. Таны бодлоор энэ хоёр хүнийг холбогдуулах шалтгаан нь юу юм бол?
- Би яаж мэдэхэв. Миний ярьсан зүйлүүд тухайн үедээ шалгагдаж байсан зүйлүүд шүү. Илэрхий ойлгогдож байгаа юм бол Ц.Амгаланбаатар худлаа хэлдэг, хүн гүтгэдэг. Дэндүү ойлгомжтой харагдаж байгаа биз дээ. Нэг зүйлийг хэлье. Жилийн өмнө надад энэ талаар өргөдөл ирсэн. Тухайн үед алдаа гарах магадлал өндөр байна шүү. Хэргийг таньдаг прокуроруудын баг гаргаад давхар хянуул гэж цагдаа, шүүхийнхэнд хэлсэн. Нууцын журмаар албан бичиг явуулсан. Гэвч хүлээж аваагүй.
- Та бол Хууль зүйн сайдаар олон жил ажилласан хүн. Тухайн үед энэ хэргийг илрүүлэх боломж байгаагүй юм уу?
- Хууль зүйн сайдаар ажиллаж байхад энэ хэрэг дээр ажлын хэсэг гарч нууцын журмаар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ сайд хүн хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажилд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Тэр дундаа улс төрч. 2003 онд нотлох баримттай мэдээлэл өгвөл 500 сая төгрөгийн урамшуулал өгнө гэсэн Засгийн газрын тогтоол гаргуулах гээд бүтээгүй л дээ.
- Та УИХ-ын даргын хувиар мэдээлэл хийж байна уу эсвэл прокурор, мөрдөн байцаагчийн зүгээс мэдээлэл хийж байна уу?
- Би УИХ-ын дэд дарга хэвээрээ байгаа. Би мөрдөн байцаагч биш. 61 хавтаст хэрэг байна гэж дуулдана билээ. Би тэр хэргийн хавтасыг ч үзээгүй. Тийм эрх надад байхгүй. Миний ярьж байгаа зүйл бол эдгээр хоёр хүнийг баривчлахаас өмнө юу болсныг дэлгэж байна. Би баримтгүй, хуулийн байгууллага шалгаагүй юм яриагүй. Яагаад энэ талаар дуугарч байна вэ гэвэл хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна. Миний бурхан болсон ээжтэй ижил хүмүүс өдөр, шөнөгүй нойргүй хоноод арга нь барагдаад байна. Төр хэтэрхий их дээрэлхэж байна. Монголын төрд, хуулийн байгууллагад ийм зүйл байж болохгүй.
- Таны ярианаас Ц.Амгаланбаатар бол олон хүний амь насыг хөнөөгөөд бүх насаараа хоригдох хүн. Энэ хүн энэ хэргийг үүрээд, хажуугаар нь олон хүнийг золиос болгож байгаа нь хууль хяналтын шударга бус байдлаас ийм байдалд хүрлээ гэж ойлгогдож байна?
- Тэгж ойлгож болно. Нэг зүйлийг хэлье. Чимгээд бичсэн мессэж дотор “Гэрт чинь орой хүмүүс ирнэ. Хүйс тэмтэрнэ”. Бас нэг заваан үг хэлсэн байна. “Гичий минь надад цаазыг ял оноосон. Гэхдээ юу болсныг мэдэж байна уу чи” гэсэн байна. Энэ хүн хичнээн хэрэг хийгээд ч цаазын ял сонсохгүй гэдгээ мэдэж байна шүү дээ. Аюул байна уу.
- Нэг ярилцлагандаа прокурор шүүхийн байгууллагын захиалгаар ажиллаж байна гэж ярьсан байсан. Хэний захиалгаар энэ хүртэл явчихав. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
- Энэ талаар шалгаж байж ярина. Ямар ч байсан захиалга байгаагүй бол ийм баримтаар, ийм хаалттай байдлаар хэргийг шийдэхгүй. Би уг нь прокурорын боловсон хүчин. 10 жил хэрэг уншчихсан. Хэргийн өнгө, цаад учиг, сүлжээ холбоог гадарлаад байдаг хүн шүү.
Яахаараа Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаядаг юм. Цогцос аваачиж хаяхын өмнөх өдөр нэг хүн Чимгээгийн нөхөртэй тааралдсан байгаа юм. Гэрт нь ирж архи ууж хоночихоод маргааш нь гар утсаар оролдож байгаад аваад алга болчихсон. Өглөө нь хашаанд нь цогцос байсан. Энэ юу вэ? Аюултай юм бодогдохгүй байна уу. С.Зоригийн хэрэг яагаад илэрдэггүй юм бэ гэж их асуудаг. Хэрэг гарсан орой гэрээр нь 70 хүн ороод гарсан шүү дээ. Хэргийн бүх ул мөр алдагддсан. Хэргийн газрын үзлэг хаагдвал хэрэг илрэх бүх боломж хаагдчихдаг. Хэргийн газар дээр бурхан багшийг ч бүү оруул гэж би хуулийнханд хэлдэг.
- Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээчихлээ. Одоо Дээд шүүх ямар шийдвэр гарах бол гэсэн хүлээлттэй байна?
- Би яагаад энэ асуудлаар хэвлэлд мэдээлэл өгөөд байна вэ гэвэл шүүхийн таслан шийдвэр нь хүчин төгөлдөр болчихсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээчихээр хүчин төгөлдөр гэсэн зэрэглэлд ордог. Үүний дараа юм ярьж болдог юм. Одоо Дээд шүүх гэсэн ганцхан бололцоо бий. Гэхдээ би эргэлзэж л байна. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал болох өдөр бүлгийн хурал дээр урьдчилсан байдлыг харахад таслах бүх байдлаа хангачихлаа. Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээнэ шүү. Харж л байгаарай гэж хэлж байсан. Яг л хэлснээр болсон.
- Б.Булганы талаар ОХУ-д оргонол хүссэн гэх мэдээлэл гарсан байна. Оргонол хүсэх боломжтой юу?
- Б.Булгантай холбоотой зүйлийг ёстой мэдэхгүй. Ганцхан зүйл хуулийнхнаас асуугаад байгаа юм. Бүтэн жил хорьчихоод суллаж байгаа юм. Одоо наад хүн чинь хохирол нэхнэ. Яах вэ гэж. Гэвч хариулт байдаггүй. Үнэндээ Б.Булганыг өнгөрсөн хугацаанд сэжигтэн ч биш, хохирогч ч биш хэн ч биш болгочихсон. Тэгэхээр хуулиараа төрөөс хохирол нэхэх эрх түүнд бий. Эрүүгийн хуульд энэ талаар бүхэл бүтэн нэг бүлэг байдаг. 90-ээд онд Барамсай гэдэг хүн “Шоронгоос өшөө авагчид” гэсэн юм бичээд бөөн шуугиан болж байлаа. Тэр үед Мягмар гэдэг хүний мэдүүлгээр Улсын прокурорын газар Дугархорлоо гэдэг хүний хэргийг шийдвэрлэж байсан юм. Яг үүнтэй ижил үйл явдал эргэн тойронд болоод байна. Нарийндаа энэ хэрэг өмгөөлөгчгүй явагдаж байна шүү дээ. Захиалгаар хөнөөсөн гэдэг. Яахаараа хэрэгтнүүдэд нь ял өгчихөөд захиалагчийг нь хайдаг билээ. Тэр захиалагч нь энэ хүмүүс биш байна гээд, өөр хүмүүсийг гаргаад ирвэл яах вэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (29)