ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жил, Я.Батсуурьт 2 жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Д.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулахаар шийдвэрлэв. Мөн Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан юм.
Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасны дараа Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Одонгэрэлийн байр суурийг нь сонирхолоо. Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Одонгэрэл “Таван өдөр үргэлжилсэн анхан шатны шүүхийн шийдвэр дүүд минь 3,6 жилийн хорих ял оноосонд үнэхээр гомдолтой байна. Өнөөдөр миний дүүг зүгээр л улс төрийн золиос болгочихлоо. Анх энэ хэрэг мөрдөн байцаалтанд явагдаж, прокурор дээр ирэхдээ тусгай ангийн 265,2 150,3 гэсэн зүйл ангитай байсан.
Гэтэл шүүх дээр 263,2 болгон өөрчилсөн байдаг. Уг нь нэгэнт зүйл заалтыг нь өөрчилсөн бол анхны мөрдөн байцаалтад буцаагдаж, шалгагдах ёстой. Гэтэл тэгээгүй долоо хоногийн дотор л АТГ-ын комиссор, мөрдөн байцаагч нь зүйл заалтыг нь 263,2 болгон өөрчилж, зүйлчилээд шүүх хуралд оруулаад ирсэн. Харин өнөөдөр шүүх энэ зүйлчилдээр нь шийдвэрээ гаргаж, дүүд минь ял өгч байгаад үнэхээр харамсаж байна.
Мөн дүүг маань 5,5 тэрбум төгрөг идэж уусан, төлөх ёстой гэлээ. Үнэхээр ийм их мөнгийг идэж уух нь бүү хэл барьж ч үзээгүй бид энэ мөнгийг төлж чадахгүй” гэсэн юм. Харин ямар учраас улс төрийн золиос болж байгаа хэмээн үзэж байгааг тодруулахад “Энэ хэрэг эхнээсээ л улс төрийн явуулга байсан. Хэд хоног үргэлжилсэн шүүх хурлаар ч энэ бүхэн нь ил боллоо. Шинжээчийнх нь дүгнэлт, ял төлөвлөсөн прокурорынх нь мэдэгдэж байгаа нь Г.Дэнзэн идсэн уусан байж магадгүй, би Г.Дэнзэнг энэ хэрэгт буруутай гэж бодож байна гэхчлэнгийн зүйл ярьсаар байхад шүүх бүрэлдэхүүн энэ бүхнийг үл харгалзаад алхаа зохисонд үнэхээр гомдолтой байна. Бид давж заалдана. Би Монгол Улсын иргэн хүний хувьд ч шүүхэд үнэхээр их гомдож байна” гэсэн юм.
Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “Улс төрийн гэх тодотголтой энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа 3 жил гаруйн хугацаанд явагдсан ч хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, миний үйлчлүүлэгчид 3,6 жилийн хорих ял оноосонд туйлын харамсаж байна. Учир нь Г.Дэнзэнг буруутгах нотлох баримт шүүх хурлын хавтаст хэрэгт байхгүй. Ганц буруутгаж байсан “Говь повер” ХХК-ийн гэх хэрэг нь миний үйлчлүүлэгчид хамааралгүй, тус компанийн захирал Д.Баярмаа нь би энэ компанийн захирал гэдгээ шүүх бүрэлдэхүүнд хэлж, байгууллагын дансаар орж гарсан бүх баримтуудаа ил болгоод байхад л миний үйлчүүлэгчийг энэ компанитай хамааралтай гэж буруутгаж байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах болно” гэсэн юм.
Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа “Шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсангүй гэж үзэж байна. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хандах болно. Учир нь миний үйлчүүлэгчид хоёр ял ногдуулж, нэгийг нь өршөөж, нөгөөд нь хорих ял оноолоо. Тодруулбал 5,5 тэрбум гэх нэг л хохирлын тухай ярьж байж, үүнд нэг болохоор завшсан, нөгөө болохоор албан тушаалаа урвуулсан гэж үзээд ялласан. Гэтэл Я.Батсуурьт хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэнгүй. Ингэхээр энэ хүн хохиролгүй байж л хорих ялаар шийтгүүлчихлээ.
Шүүх хуралд иргэний төлөөллөөр оролцсон Л.Лхагвадоржоос шүүх хурлын явц болоод шүүхийн шийдвэрийн талаар байр суурийг нь сонирхосон юм. Тэрбээр “Шүүх хурал зарчмын дагуу явагдлаа. Харин шүүх хуралд иргэний төлөөллөөр оролцож байх явцад шүүгдэж байгаа хүмүүс үнэхээр улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм уу даа л гэх бодол төрж байлаа. Үнэхээр хийсэн хэрэг байдаг бол эдгээр хүмүүст оноосон ял нь хөнгөн, харин идэж уугаагүй бол хүнд л ял байна даа гэж харж байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (31)