Өнгөрсөн сарын сүүлээр 29 дүгээр сургуулийн сурагчид сурч боловсрох эрхээ хангуулахын тулд жагссан билээ. Ахлах, дунд ангийн сурагчид “Дохионы хэл”, “Бидэнд боловсрол олгодог арга зүйгээ өөрчил, шинэчил”, “Бүх хичээлээ дохионы хэлээр заа”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул” хэмээн сурах эрхээ сургууль болон багшаасаа нэхсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Үүний дараа тус сургуулийн нэгэн сурагч сургуульдаа бугшсан асуудлыг олон нийтэд дэлгэж, багш нарынхаа зүй бус үйлдлийг ил болгосон. Тодруулбал, сурагч А “Залуухан эрэгтэй багш нар нь эмэгтэй сурагчдаа хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг. Эрэгтэй хүүхдүүдийг нь байнга зоддог. Биднийг байнга дарамталдаг” хэмээн ярьсан нь дуулиан тарьж, өдгөө хэн нь үнэн ярьсныг холбогдох газруудаар тогтоолгох дээрээ тулаад байна. Энэ талаар хөндөж ярилцсан сэтгүүлчийн хэлж байгаагаар ярилцлага өгсөн хүүхдийн ээж, аав руу нь ангийн багш болон сургуулийн захирал залгаад “Танай хүүхдийг сургуулиас хөөнө, шоронд оруулна” гэж хэлж дарамтлаад тийм ярилцлага өгөөгүй гэсэн бичиг хийлгэж авчээ. Энэ асуудлыг “24VS24” буландаа онцолж байна.
“Ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч байнга гардаг”
29-р сургуулийн 12-р ангийн сурагч А:
Бид нэгэнт хичээлээ ойлгохгүй байгаа учраас хоорондоо “Бид нарт маш хүнд байна. Одоо бүгдээрээ яах вэ, хэнд хандах вэ” гэх мэтээр ярилцдаг. Манай сургуулийн орчин маш хэцүү. Нэг эрэгтэй багш завсарлагаа болгоноор охидод бэлгийн дарамт үзүүлдэг. Бүр сурчихсан. Их гаж донтой хүн байдаг. Тэврээд, үнсээд, хүүхдүүдийн нүдэн дээр байнга хүрэх ёсгүй газарт нь хүрээд, хүчээр бөгс, хөх зэргийг нь базаад байдаг. Залуухан, эрэгтэй 2-3 тийм гаж багш байдаг. Манай сургуульд олон залуу эрэгтэй багш бий. Миний үеийн олон сонсголгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг. Эрэгтэй хүүхдүүдийг нь байнга зоддог. Биднийг байнга дарамталдаг.
Би хэлэхийг маш их хүсэж байна. Анх удаа таньд хэлж байна. Би хэлэх гэхээр гэр бүлийн хүмүүс дохионы хэл ойлгохгүй. Би бичгээр бичиж чадахгүй. Багш нарынхаа тухай хуулийн байгууллагад хэлж чадахгүй маш их хаагдмал байдаг. Зүгээр доромжлуулаад л, хараад байж байдаг. Аав, ээждээ бичээд өгөхөөр наад бичсэнийг чинь ерөөсөө ойлгохгүй байна гэдэг. Хэн бидний төлөө дугарах вэ, хэн бидний төлөө зүтгэх вэ гэхээр хэн ч байдаггүй. Бид өөрсдөө л өөрсдийнхөө төлөө зогсоно. Бүүр бухимдаад аргаа бараад жагссан юм. Манай сургууль дээр бүх шаардлага болон асуудлаа бичээд зоочихсон байгаа. Одоо ч байгаа. Та очоод авчих, бид тэр бичгээ яаманд удахгүй өгнө.
Багш нар сурагч охидод дандаа бэлгийн дарамт үзүүлдэг. Бас өглөө очоод ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч байнга гардаг. Бидний насны хүүхдүүд бэлгэвч хэрэглэхгүй шүү дээ. Багш нар хоорондоо янз янз болдог. Хүүхдүүдийн хооронд бол тийм юм байхгүй. Залуу багш нар ангиа түгжиж байгаад бэлгийн ажил хийдэг. Бас маш их архидалт болдог. Багш нар хичээлдээ согтуу ирдэг. Амнаас нь их архи үнэртдэг. Бидэнд маш их хэцүү байдаг. Бидний хичээлийг эрт тараадаг. Эрт тарчихаад би нэг удаа ангидаа юмаа мартаад эргээд орсон чинь хоёр багш хаалгаа түгжээгүй, бэлгийн ажил хийж байсан. Би ичээд гараад явчихсан.
Эрэгтэй багш нар хөвгүүдийг байнга зоддог. “Битгий зод л доо, боль” гэж хэлж үзсэн ч бидний үгийг тоохгүй онгирдог. Хичээлээ ойлгохгүй байна гэхээр дараа тайлбарлана гээд хойшлуулаад заахгүй өнгөрдөг. Давтлага өгдөггүй. |
“Сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй”
Өмгөөлөгч Г.Батбаяр:
Цөөн хэдэн хүүхдийн хийсэн жагсаалаас үүдэн эрхзүйн чадамжгүй эрэгтэй сурагчаас ярилцлага авч, эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлж байсан гэх худал мэдээллийг тараасан байна. Сурагчдын ихэнх нь дотуур байранд амьдардаг хэдий ч бэлгийн дарамт үзүүлэх боломжгүй, эмч нарын үзлэгт хамрагддаг. Эрх зүйн чадамжгүй этгээдээс мэдээлэл аваад түүнийгээ орон даяар цацсан. Энэ нь эрүүгийн хуулийн 110,111- р зүйлд заагдсанаар хүнийг гүтгэх, доромжлох гэсэн зүйлд хамаарагдана.
Хүүхдүүд дохионы хэлний багштай болмоор байна гэсэн шаардлага ирүүлсэн. Тэгтэл тухайн сургуулийн үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй мэт ярьж бичиж байгаа нь буруу. Бэлгийн дарамт үзүүлдэг талаар мэдээлсэн ч гэхдээ хэн гэдэг хүүхдэд, хэн гэдэг багш бэлгийн дарамт учруулсан талаар дурдаагүй байна. Ямар ч нотолгоогүй зүйл дээр ийм мэдээлэл тарааж болохгүй. Бид энэ асуудлаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг байгууллагад хандсан байгаа. Тиймээс энэ ярьж байгаа зүйлээ эцсийн үнэн мэтээр битгий яриач. Нэг хүүхдийн тавьсан мэдээллээс болоод 300 гаруй хүүхдийн эрх зөрчигдөж байна. 120 гаруй багшийн эрх зөрчигдөж байна.
Нийгмийн ажилтан Р.Буянжаргал:
Гуравдугаар сарын 27-нд сурагчид багш нар дохионы хэлээр хичээл заахгүй байна гэсэн шаардлага ирүүлсэн. Манай сургууль дээр боловсролын комиссоос шалгалт ирж ажилласан. Хариу нь хараахан гараагүй байгаа. Манай сургууль, дотуур байрны орчин бүрэн камержсан. Сургалтын үйл ажиллагаа кабинетын системээр явагддаг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар сургалтын үйл явцад байнга хяналт тавьж ажилладаг. Иймээс сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй, болох ч үндэс байхгүй. Бид хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна. Үүнийг бол хууль хяналтын байгууллагынхан тогтооно".
Дохионы хэлний багш М.Сарантуяа:
“Бид энэ хэргийг дүрс бичлэгтэйгээр нотлох хэрэгтэй гэж шаардаж байгаагийн учир бол 27-ны өдрийн жагсаал дээр манай хүүхдүүдийн яриаг буруу дохиж, хэлмэрчилж өгсөн асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар үнэхээр энэ хүүхдийн дүрсжүүлсэн бичлэгийг орчуулж чадах хүн хэд байгаа билээ гэдэг асуудал чухал. Боловсрлын яам ажлаа шалгасан. Дүгнэлтээ гаргаагүй байна.
|
Сэтгэгдэл (15)