Энэ долоо хоногт олон үйл явдал болж өнгөрлөө. Улс төр болоод нийгмийн хүрээнд болж өнгөрсөн дуулиан дагуулсан үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.
Энэ сарын 5-нд Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хаврын ээлжит чуулганы нээлтэд Улсын Их Хурлын гишүүдийн 71,1 хувь буюу 54 гишүүн хүрэлцэн ирсэн байлаа. Мөн чуулганы нээлтэд Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлсэн бол дараа нь Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Энэ удаагийн хаврын чуулганы эхний хэлэлцэх асуудал нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан төсвийн тодотгол байсан юм.
Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн асуудал дуулиан дагуулав. Тодруулбал, тус сургуулийн сурагч А-гийн зарим багш нар нь эмэгтэй хүүхдүүдийг оролдож бэлгийн дарамт үзүүлдэг, эрэгтэй хүүхдүүдийг зоддог хэмээн ярилцлага өгсөн юм. Гэтэл тус сургуулийн багш нар үүнийг нь эсэргүүцэн, худал мэдээлэл, манай сургуулийн багш нар тэгдэггүй хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэгвэл өчигдөр Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургуультай холбоотой үүссэн асуудлын талаар хяналт, шалгалт хийсэн дүгнэлтээ БСШУСЯ-наас олон нийтэд тайлагнасан юм. Тодруулбал, Сурагчдын зүгээс багш нарын ёсзүйн тал дээр хөндөж гаргасан асуудлаар ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нийт багш нараас санал асуулга судалгааны ажлыг хийсэн. Эхний судалгаагаар багш нарын ёсзүйгүй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ хэвлэл мэдээллээр гарсан шиг ноцтой зүйл одоогийн байдалаар илрээгүй. Бэлгийн дарамттай холбоотой асуудал гарсан. Гэхдээ хүчирхийлсэн зүйл одоогоор нотлогдоогүй. Энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулна” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн.
АН-ын дотоод сонгууль болж, шат шатны дарга нараа сонголоо. Энэ удаагийн сонгуульд нийт 565 хүн өрсөлдсөнөөс ҮБХ-ны гишүүнд 380 хүн, аймаг, нийслэл, дүүргийн даргад 54 хүн сонгогдсон байна.
Сонгуульд ялалт байгуулсан гишүүдийн нэрс:
№ Аймаг, нийслэл Сонгогдсон гишүүн /хамгийн олон санал авсан/
1 Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга
2 Архангай М.Батжаргал
3 Баян-Өлгий Е.Зангар
4 Баянхонгор Д.Ширмэн
5 Булган Б.Ариун-Эрдэнэ
6 Говь-Алтай Ц.Нанзаддорж
7 Говьсүмбэр Д.Сүрэнжав
8 Дорноговь Б.Батбаяр
9 Дорнод П.Алтангэрэл
10 Дундговь Ц.Мөнхбат
11 Өвөрхангай Хяналтын тооллого дуусаагүй
12 Өмнөговь Р.Сэддорж
13 Сэлэнгэ Хяналтын тооллого дуусаагүй
14 Төв Ц.Мэндсайхан
15 Ховд Ч.Чинбат
16 Хөвсгөл Ш.Идэрбаясгалан
17 Хэнтий Ш.Батдэлгэр
18 Дархан-Уул Г.Гантулга
19 Орхон Д.Алтанхуяг
20 Увс Ч.Чимид
21 Багахангай дүүрэг Ц.Алтанцэцэг
22 Хан-Уул дүүрэг Хяналтын тооллого явагдаж байна
23 Чингэлтэй дүүрэг Г.Баярсайхан
24 Сонгинохайрхан дүүрэг М.Чинболд
25 Налайх дүүрэг М.Дашхүү
26 Багануур дүүрэг Ч.Очирхүү
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд таван өдөр үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жил, Я.Батсуурьт 2 жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Д.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгч Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан юм.
Төрсөн охиноо зодож амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тодруулбал, Т.Цогтод 20 жилийн ял өгч чанга дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр боллоо. Харин хойд эх Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг хэвээр үлдээж чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас тус бүр 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн байна.
24tsag.mn