Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар оффшорын тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Ингэснээр оффшорын тухай хуулийг УИХ энэ долоо хоногт багтаан эцэслэхээр болж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, уг хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатартай ярилцлаа.
-Энэ хуулийг баталснаар одоогийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар та мэдээлэл өгнө үү?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилсан сэргийлэх тухай хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч субьектууд өөрийнхөө хөрөнгийн талаар мэдүүлэх үүрэг хүлээж байгаа. Одоогийн хуулиар хориглолтын хувьд гадаадын бүс нутаг дахь дансанд байгаа хөрөнгө орлогоо мэдээлсэн тохиолдолд хориглолтод тооцохгүй байгаа. Харин энэ хуулийг баталснаар өнөөдрийн зарлаад байгаа 42 улсыг “оффшор бүс” гэж Засгийн газрын тогтоолоор батлуулах юм. Энэ тогтоолыг ирэх сарын 10-ны дотор баталж, 39800 албан тушаалтан 42 бүсэд санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг л хориглож өгч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, одоо мэдүүлчихсэн буюу Хонконг, Швейцарьт данстай хүмүүс хөрөнгөө татах зүй ёсны үүрэг хүлээнэ. Дээр нь тэдгээр хүний хамаарал бүхий этгээд энэ үүргийг давхар хүлээнэ. Хэрэв мэдүүлгээ гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас чөлөөлөх, эргүүлэн татах үндэслэл болно гэсэн гол заалттай.
-Хамаарал бүхий этгээд гэдэгт чухам хэнийг багтаагаад байна вэ. Тухайлбал худ ураг болоод явчихвал хамаарал бүхий этгээд болох уу?
-Энэ хуульд хоёр ойлголт байгаа. Хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээд гэж. Ерөөсөө л гэр бүлийн гишүүд буюу төрсөн аав ээж, ах, эгч, дүүсийг нь хамаарал бүхий этгээд гэдэгт багтааж үзнэ. 39800 хүний хувьд хамаарал бүхий этгээд гэхээр их өргөн хүрээтэй ойлголт гарч ирнэ. Энэ утгаараа Монгол Улсын банк санхүүгийн байгууллагын хувьд ч тэр хөрөнгийн эх үүсвэрээ дотоодод хадгалж байх ёстой гэдэг зарчим бий. Монгол мөнгө гадагшлаад байна гэдэг шүүмжлэлд хязгаарлалт тавьсан ойлголт болно. Хүмүүсийн эргэлзэж тээнэгэлзээд байгаа нэг зүйл бий. Энэ нь бид 42 улсаас мэдээ мэдээлэл авч чадах уу гэдэг асуудал. Бид боломжгүй гээд бүх зүйлээс хойш сууж болохгүй. Боломжийнхоо хэрээр олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар улс орнуудтай мэдээлэл солилцох төвшинд ахиц гарна. Одоогийн байдлаар 2-3 оронтой мэдээлэл солилцохоор болоод байна. Цаашдаа энэ хүрээг өргөтгөхийн төлөө ажиллах ёстой.
-Эргүүлэн татах хугацааны хувьд зургаан сар гэж оруулж ирсэн ч хэлэлцүүлгийн явцад 3 сар болчих шиг боллоо. Тухайн албан тушаалтан оффшорт хөрөнгөтэй гэдгээ мэдүүлж амжаагүй байтал “панам”-аар ч юмуу нэрийг нь ил гаргаад хууль хэрэгжүүлээгүй хүн гээд гаргаад зарлачихвал хуулийн ямар санкцаар хариуцлага хүлээлгэхээр байгаа вэ?
-Энэ тохиолдолд хоёр төрлийн санкц байгаа. Нэгдүгээрт, оффшорын тухай хуулийн дагуу албан тушаалаас нь эргүүлэн татна. Харин Эрүүгийн хуулийн хувьд тухайн мөнгөнийхөө эх үүсвэрийг нотол гэж байгаа юм. Ямар бизнесээрээ тэр хэмжээний мөнгийг олсон юм. Жишээлбэл, С.Баярцогт гэдэг хүний хувьд сая ам.доллараа мартчихсан гээд байгаа шүү дээ. Гэтэл энэ мөнгөө Сэлэнгэ аймагт тариа буудай тарьж олсон юмуу, тухайн мөнгөнөөсөө татвар төлсөн юм уу л гэж асууна гэсэн үг. Харин үүнийгээ нотолж чадахгүй бол Эрүүгийн хуульд заасны дагуу хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг зүйл ангиар шийтгэх учиртай.
-Үнэхээр оффшорт хэдэн төгрөг байгаа талаарх мэдээллийг авах боломжтой юу. 17 тэрбум ам.доллар гэдэг тоо хэр бодит бол?
-“17 тэрбум ам.доллар гадаадад оффшорчдын дансанд хадгалагдаж байна, үүнийг оруулж ирье” гээд сошиалаар шуугиан тариад байна. Гэтэл энэ мэдээллийг хэн нотолсон, тогтоосон нь тодорхойгүй. Тэгэхээр ийм замбараагүй байдалд бид цэг тавих болсон. Тиймээс оффшорын тухай хуулийг баталсны дараа олон түмний эргэлзээг тайлсан, нэг тийш болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Үүнд ажлын хэсэг ч гаргах ёстой. Хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхэд миний бие энэ талаар тэмдэглэлээр үүрэгжүүлье гэж бодож байгаа.
-Тэгэхээр та 17 тэрбум ам.доллар оффшорт хадгалагдаж байгаа гэдэгт эргэлзэж байгаа хэрэг үү?
-Монгол Улс өөрөө 10 тэрбумын эдийн засагтай орон. Ийм эдийн засагтай орны хаанаас 17 тэрбум ам.долларыг хулгайлаад гадагш нь гаргачихав гэдэгт бид цэг тавих ёстой.
-Тэгвэл энэ мөнгийг оффшорт ямар байдлаар орсон, Монголоос яаж гарсныг мэдэх боломж байгаа болов уу?
-Монголын хамгийн том төсөл Оюутолгойд өнөөдрийн байдлаар тав орчим тэрбум ам.доллар л орчихоод байна. Үүнийг 11-д хүргэх эсэхэд мэтгэлцээн өрнөсөөр л байна. Гэтэл тэр 17 тэрбум ам.доллар Монголоос яаж гарсан юм бэ гэдгийг мэдэхэд маш амархан. Өнөөдөр Монгол Улсын хилээр 17 тэрбум ам.доллар шуудайлаад гарна гэвэл нэлээд олон ачааны тэрэг болох байх. Үүнд нь хэдий хугацаа зарцуулагдах юм бэ гэдэг сонин. Эс бөгөөс дансаар л гарсан байж таарна биз дээ. Гэтэл Монголбанкны гадаад клинрингээр 2000 оноос хойш 2017 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэдий хэмжээний мөнгө гадагшилсан, ингэхдээ ямар зориулалтаар хэдэн хувь нь гарсан гэдгийг л мэдэхэд бүх зүйл ил болно. Өөрөөр хэлбэл нефт, хүнсний импортод зориулж төчнөөн төгрөг, бусдад нь төдийг, үүнийг хувьцаат компанийн ногдод ашиг хэлбэрээр гарчээ гэдгийг АТГ, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар ажлын хэсэг байгуулж, мэдээлэл хийх ёстой.
-Хууль эрх зүйн хувьд боломж нь хэр байдаг юм бол?
-Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль гэж бий. Энэ хуулиас 20 сая төгрөгөөс дээшх бүх гүйлгээг шалгах үүргийг тагнуулын болон бусад холбогдох байгууллага хүлээсэн байдаг. Тиймээс сошиалаар шуугиад байгаа шиг 17 тэрбум ам.доллар гадагшилчихсан юм бол Монгол Улсын тусгай албад ажиллаагүй, эсвэл ажилласан юм бол нотолж ярих цаг болсон. Ийм байхад ард түмнийг махан дунд төөрөгдүүлдэг явдал гараад байна.
-Та энэ хуулийг эцсийн хэлэлцүүлгээр батлагдана гэж харж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Бид ямар ч байсан оффшорын хуультай болчихлоо. Эцсийн хэлэлцүүлгээр баталж таарах байх. Энэ хуулийг дөрвөн жил ярьсан. Энэ хугацаанд гацаанд орох, ямар нэг лоббид орж зогсоодог байсан. Энэ бүхний эцэст шударга ёсны хүсэмжлэл нийгэмд байгаа учраас хуультай болж байна.
-Хуулийг хэрэгжүүлэх гэдэг чухал ажил бас гарч ирнэ дээ?
-АТГ, ХЗДХЯ болон холбогдох бусад байгууллага энэ хуулийг хэрэгжүүлж, амь оруулах үүрэг хүлээнэ дээ.
-Хуулийн хамаарал бүхий хүмүүсийн тоонд бас маргаан байх шиг байлаа. Энэ талаар?
-Миний ойлгож байгаагаар 39 мянга 800 хүний хувьд арай өөр өргөн хүрээтэй юмуу гэдэг ойлголттой байсан. Бид анх улс төрд нөлөө бүхий 301 хүн, түүний хамаарал бүхий этгээдүүдийг бүхэлд нь хориглоё гэж ярьж байсан. Гэвч ажлын хэсэг дээр хэд хэдэн зарчим дээр санал зөрсөн. Тухайлбал, татвар, гааль, газрын албадын түшмэдүүд 301 гэдэг ангилалд багтаагүй. Тэгэхээр нэмэх нь бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагууд багтаагүй байгаа учраас багтаая. Ингээд нийт тоог нь гаргаад хамаарал бүхий этгээд гэж заагласан байвал зүгээр байсан юм болов уу гэдэг санал явж байсан ч сүүлдээ өргөжөөд 39800 хүнийг хамруулахаар боллоо. Хэрвээ та монголын төрд зүтгэе гэж байгаа бол, таны хамаарал бүхий этгээдүүд оффшор данс эзэмших ёсгүй, тэнд санхүүгийн үйл ажиллагаа явуулах ёсгүй л гэж байгаа юм.
-10.1.4 гэдэг заалтыг энэ хуулийн амин сүнс нь гээд байгаа. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Нэр бүхий гишүүд энэ заалтыг хуулиас хасах саналыг хэлсэн. Энэ заалт нь бүх шатны сонгуульд нэр дэвших, нийтийн албанд ажилд орох гэж байгаа хүн өмнө нь оффшор бүсэд данс эзэмшиж байсан, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан тохиолдолд энэ тухайгаа 30 хоногийг дотор урьдчилан мэдүүлж, хасалт хийлгэх үүрэг хүлээнэ гэсэн заалт байгаа юм. Гэтэл нөхөд болохоор оффшорчид монгол төрд хамраа цухуйлгах ёсгүй гээд байгаа. Гэтэл энгийн жишээ татахад хэн нэг хүн Голлонд улсад хуучин машин унах эсвэл суралцаж байсан, хараар болон хууль ёсоор хөдөлмөрлөж байгаад хийсэн ажлынхаа хөслийг авахын тулд тэнд данс нээлгэж таарна. Хонконгд суралцаж байсан хүн эсвэл эмчлүүлэхээр очсон хүн данс нээлгээд тодорхой хэмжээнд гүйлгээ хийсэн байж таарна шүү дээ. Гэтэл энэ бүхнийг бүхэлд нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар сурч боловсрох, хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй гэдэг зарчимтай зөрчилдөөд байгаа учраас хэрэв та өмнө нь оффшор бүсэд санхүүгийн болон бусад үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тухайгаа 30 хоногийг дотор мэдүүл гэж байгаа юм. Энэ байдлаас аваад үзэхээр популизм гэдэг зүйлийг бодит байдлаас ялгах ёстой.
42 бүсэд монголчуудын ихээхэн зорчдог европ ази тивийн улсууд багтаж байгаа. Жишээ нь Швейцарьт монголчууд олноороо ажиллаж, сурч байгаа. Энэ хүмүүс тэнд ажиллаж, амьдарч байсныхаа төлөө нутагтаа ирээд төрийн албанд ажиллах эрхгүй болно гэдэг бол байж боломгүй зүйл. Тиймээс бид хэт туйлширч болохгүй.
-Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа гэж алга. Гэтэл одоогийн байдлаар оффшортой гээд зарлагдчихсан олон албан тушаалтан байна. Харин хуулиар эднийг хамгаалсан хууль болох нь гэх хардлага нийгэмд байна. Энэ талаар?
-Хэн нэгнийг хамгаалсан зүйл огт байхгүй. Эрүүгийн хуульд маш олон зохицуулалт байгаа. Тухайлбал, энэ хуулийн үйлчлэл 2002 оны есдүгээр сарын 1-нээс өнөөдөр ч хүчин төгөлдөр үйчилж байгаа. Өөрөөр хэлбэл, бид тэр хүмүүсийг өршөөчихсөн гэсэн ойлголт байхгүй. Зүгээр дэлхий нийтэл нэг ойлголт бий. Мөнгө угаах гэдэг зүйл ангиар шүүн тасалсан тохиолдол маш цөөн байдаг юм билээ. Манайд өнгөрсөн жилүүдэд Дорлигжав прокурорыг улсын ерөнхий прокурор байх үед маш олон улстөрчид мөнгө угаах гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаад замхарч алга болж байсан. Харин хууль бусаар хөрөнгөжих гэдэг заалт манайд 1-2 таслагдсан нь бий. Цаашид оффшортой холбоотой олсон орлого, мөнгө хөрөнгийн талаарх эх үүсвэрээ нотолж чадахгүй л байгаа бол хууль бусаар хөрөнгөжих гэдгээр зүйчлэх эрх зүйн зохицуулалт хэвээрээ байгаа.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (23)