Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.25
22
Өдөртөө
8
Шөнөдөө

Энх цагт эрэлхэг цэрэг эрс амиа алдсан хариуцлагыг хэн хүлээх вэ

2017 оны 4 сарын 13

Энх цагт эрэлхэг цэрэг эрсээ харамсалтайгаар алдлаа. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид энэ сарын 11-ний өдрийн 17:40 цагийн орчимд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргүүд бэлтгэлээ хангаж байх явцад гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг гэмтсэн харамсалтай осол гарсан нь олон хүний зүрхийг шархлуулж байна.

 

 

Цэл залуухан 20 гаруй насны залуус Өмнөд судан, Афганистан улсад эх орноо төлөөлөн алба хаагаад халуун цэгээс эрүүл саруул, эх орондоо ирсэн ч энх цагт сургуулиалт хийж байгаад эх орондоо алтан амиа алдсан нь туйлын харамсалтай. Харин өдгөө яагаад ийнхүү гранат дэлбэрч цэрэг эрсийн аминд хүрч, хүнд гэмтээх болов гэх халаглал нийгэмд газар аваад байна.

 

Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа. Гранат дэлбэрсэн шалтгаан нь гадны хүчин зүйл нөлөөлсөн эсвэл зэвсэг хадгалалтын горим алдагдсан эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа гэдгийг албаныхан дуулгасан. Энэ талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ослын дүгнэлтийг яаралтай гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллах”-ыг үүрэг болгосон.

 

Б.Бат-Эрдэнэ сайд бүх хариуцлагыг ЗХЖШ-руу тохох уу

 

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Хэрэв Зэвсэгт хүчинд хамаарах шалтгааны улмаас гранат дэлбэрсэн гэдэг дүгнэлт гарвал хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн” гэдгээ мэдэгдээд буй бол Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ осол гарснаас хойш өнөөдрийг хүртэл ёстой л “Чихэн дүлий нүдэн балай” гэгчээр таг дуугүй суугаа нь олны дургүйцлийг төрүүлж байна. Сургуулилт хийж байсан цэрэг эрс нь амиа алдаж, зарим нь хүнд гэмтээд байгаа энэ үед салбарын сайд нь Засгийн газрын хуралдаанд ослын талаар танилцуулах төдийхнөөр хойш сууж, ослын талаар нэг ч үг дуугараагүй төдийгүй, өөрийн биеэр эмгэнэл ч илэрхийлсэнгүй.

 

Энэ нь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн рейтингээ унагахгүйн тулд бүх хариуцлагыг ЗХЖШ-ын удирдлагуудад үүрүүлэхээр зэхэж байгаа болов уу" гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байна. Энэ талаар ч цахим ертөнцөд олон нийт санаа бодлоо илэрхийлсээр байгаа юм.

 

Ер нь хэдхэн хоногийн өмнө гарсан энэхүү харамсалтай осол, энэ оны хоёрдугаар сард Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гарсан буюу сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн зэрэг харамсалтай бөгөөд хариуцлагагүйн улмаас гарсан ослууд нь Батлан хамгаалахын сайдыг суудлаас нь огцруулах хангалттай үндэслэл болох учиртай гэдгийг ч хэлэх хүн олон байна.  

 

Гранат дэлбэрсэн нь амиа алдсан цэргүүдийн буруу юу

 

Цагдаа нар дэлбэрэлт болох үед байсан цэргүүдээс мэдүүлэг авч эхэлжээ. Цэргүүд “Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Зэвсгийн офицер ахмад Б.Мөнгөншагай, тус ангийн гранатомётчин ахлагч Б.Ариунболд нар 25 цэргийн хамт хээрийн сургуулилт хийсэн. Цэргүүдэд гар гранат хэрхэн дэлбэрдэг талаар сургалт зохион байгуулж байсан. Бидэнд Ф-1 гранатыг хэрхэн дэлбэлэх талаар сургалт хийсэн. Бүх цэрэгт ахмад Б.Мөнгөншагай зааварчилгаа өгч, нарийвчилсан сургалт хийсэн. Дэлбэрэлт болсон шалтгаан нь ахлагч Б.Ариунболд алдаа гаргасан. Ф-1 гранатыг цэргүүдэд үзүүлж байгаад буруу татсан. Ахмад Б.Мөнгөншагай “Чи бурууг нь татчихлаа ш дээ” гээд яваад очсон. Харин ахлагч Б.Ариунболд сандарснаасаа болж гранатаа газарт унагачихсан. Тэгээд дэлбэрсэн” хэмээн мэдүүлэг өгсөн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн хэмээн хэвлэлд бичжээ.

 

Түүнчлэн Батлан хамгаалахын их сургуулийн багш нарын хэлж буйгаар дэлбэрэлт болсон шалтгаан нь “Гранат дэлбэлэх хээрийн сургуулилтын үед аюулгүйн ажиллагааг маш сайтар баримтлах ёстой. Бүх хүнийг тарааж нуувчинд байрлуулж байгаад дэлбэлэх ёстой байдаг. Энэ аюулгүй ажиллагаа алдагдсанаас болж олон хүн нэг дор бэртэж гэмтсэн бололтой” гэжээ.

 

Тэгвэл энэ бүхэн нь амиа алдсан цэргүүдийн буруу гэдгийг нотлох баримт болж байх шиг. Үхсэн хүн үг хэлдэггүй гэгчээр энэ хэрэг зүгээр л амиа алдсан цэргүүдийн буруу болж хаагдах уу гэдэг ч мөн л олны анхаарлыг татаж байна.

 

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгохоор болсон гэдгийг ЗХЖШ-аас мэдээлсэн. Үнэндээ үрээ алдсан эцэг эх, ханиа алдсан эхнэр, аавыгаа алдсан нялх үрсэд энэ мөнгө тэднийг орлож чадна гэж үү.

 

Б.Батчимэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 4
  • 0
  • 11
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан