Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-21
Өдөртөө
-23
Шөнөдөө

24 баримт: “Оффшорын эсрэг” хуулийн тухай хэн юу хэлэв

2017 оны 4 сарын 14

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Хуралдаанд 58 гишүүн оролцож, 74.1 хувийн саналаар уг хуулийг баталсан юм. Ингэснээр АТГ-т ХОМ-ээ өгдөг 38900 гаруй албан тушаалтнаас гадна хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдүүд бүгд оффшор бүсэд ямар нэгэн байдлаар данс нээлгэх буюу мөнгө байршуулах эрхийг нь хязгаарлаж байгаа юм. Ингээд “Оффшорын эсрэг” хуулийн тухай хэн юу хэлснийг “24 баримт”-аар ишлэл болгон хүргэе.

 

 

Ишлэл 1. Х.Нямбаатар: Энэ хууль батлагдснаар ХОМ маягтад өөрчлөлт орно. Мөн төрийн албанд ажиллаж буй 38900 хүнээс гадна хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдүүд оффшор бүсэд данс нээлгэх эрхийг нь хориглоно.

 

Ишлэл 2. Л.Элдэв-Очир: Оффшорын эсрэг хууль нийгмийн захиалга гэхээсээ илүү цөөхөн хэдэн зохион байгуулалттай хүмүүсийн хөрөнгө санхүүг нь гаргаж, улс төр популизм болгож байгаа асуудал юм. Энэ асуудалд миний орсон байна билээ. Нэлээд  маргаан дагуулсан хууль болох байх. Ер нь оффшор бүс гэдэг бол хөрөнгө оруулагчдын, бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн, татварын хөнгөлөлттэй бүс. Тэрнээс биш ард иргэдийн яриад байгаа, зарим улсуудын санхүүжүүлээд, маш олон хүнийг гүтгэж байгаа шиг зүйл биш юм. Бизнес эрхэлж байсан хүний хувьд 17 тэрбум төгрөг нуусан гэдэгт итгэхгүй байна.

 

Ишлэл 3: Гүтгэгдээд байгаа хүмүүс тэр дундаа өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдэж байгаа учраас хуулиар энэ асуудлын хурдхан зохицуулмаар байна. Би өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотолмоор байна. Ард иргэдийг турхирч байгаа хүмүүс дэндүү харамсалтай байна.

 

Ишлэл 4. Сүүлдээ монголчууд хоорондоо “Оффшорчин царайлчихаад том байнаа” гэж мэндэлдэг болчихсон байна. Оффшор гэдэг хадны мангааг гараад ирж.

 

Ишлэл 5. Х.Нямбаатар: АТГ, ТЕГ, Монгол банкны удирдлагуудад хамтарсан ажлын хэсэг байгуулаад үнэнийг тогтоогооч. 17 тэрбум төгрөгийг 100 доллараар хэмжвэл нэлээд хэдэн ачааны машин доллар болно. Үүнийг шуудайлж гаргавал нэлээд асуудал үүснэ. 10 гаруй тэрбум долларын эдийн засагтай оронд 17 тэрбум төгрөг үнэхээр гадагшаа гарчихсан юм уу гэдэгт эцсийн цэг тавьмаар байна.

 

Ишлэл 6. Ж.Ганбаатар: Улс төрөө бодож, олонд хүнд эсвэл Засгийн газарт таалагдмаар байгаа бол энэ хуулийг дэмжих байх. Монгол Улс эдийн засгаа бодож байгаа бол ийм хууль хэрэггүй. Энэ хууль батлагдсанаар эргийн бүс гэгдэх 42 улсыг муухай улс юм гэж ойлголоо.  Зорчих шаардлагагүй юм байна. Матаас их нэмэгдэнэ гэдэгтэй санал нэг байна.

 

Ишлэл 7. Ж.Батзандан: Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч, тэдний хамаарал бүхий этгээд оффшор данс эзэмшихийг хориглоно гэхээр Үндсэн хуулийн цэцийн түвшинд явах байх.

 

Ишлэл 8. АТГ: Оффшорт данстай гэх нэр бүхий улстөрчдийн мэдээллийг нягталж байгаа.

 

Ишлэл 9. Ө.Энхтүвшин: 100 мянганаас хол давах хүн хамаарал бүхий этгээдэд орох гэнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас сая асуулаа.

 

Ишлэл 10. О.Баасанхүү: Хамаарал бүхий этгээд  гэдэг чинь жинхэнэ нууц амраг шүү. Хэрэв үнэхээр тэр хүн мөнгөө нуухыг хүсвэл одоо  хэзээ ч өөрийн эхнэр, үр хүүхэд, хамаатан садангийнхаа нэр дээр данс нээхгүйээ.

 

Ишлэл 11. Зарим хүмүүс нь түүнийгээ ил амраг болчихсон гадаад, дотоодооо яваад байна цаагуур чинь.

 

Ишлэл 12. Ж.Батзандан: Францид болсон хурлын үеэр манай цөөнгүй улстөрчид оффшорт данстай байгаа тухай, С.Баярцогтын мөнгөний тухай, онгоцын мотор Хойд Солонгост зараад мөнгөө гадаадад нуусан тухай яригдсан шүү.

 

Ишлэл 13. С.Бямбацогт:  Хийрхэл, хөөсрөл, хэт их улстөржилт эцэстээ юу болж хувирдагийг энэ хууль харууллаа.

 

Ишлэл 14. Хамаарал бүхий, бусад нэгдмэл сонирхолтой этгээд гэдэг үгийг оруулж ирснээр дунджаар 200 мянга гаруй бүр цаашлаад 800 мянгаас 1 сая хүртэл хүн өртөхөөр болчихлоо. Эдгээр хүмүүс Хонгконгын дэлгүүрээс ганц бугуйн цаг худалдаж авч болохгүй болчихлоо.

 

Ишлэл 15. Ц.Мөнх-Оргил: Засгийн газраас өргөн барьсан хууль арай өөр хэлбэр, агуулгатай байсан. Гэтэл зургаан сарын дараа хөл, толгой нь мэдэгдэхгүй болчихсон. 

 

Ишлэл 16. Энэ 42 улсаас Монгол руу хөрөнгө оруулж ирж болохгүй гэж хэлээгүй. Зөвхөн ХОМ гаргадаг төрийн албан хаагчдад дээрх 42 улсад мөнгө байршуулах хориг тавьж байгаа юм.

 

Ишлэл 17. Ц.Даваасүрэн: Энэ хууль батлагдснаар С.Баярцогт, Ч.Сайханбилэгт хамааралгүй болчихлоо. Ард түмэн дургүйцнэ шүү дээ. Одоо тэдгээр хүмүүс чинь төрийн албанаас гарчихлаа. ХОМ өгөхөө больчихлоо. Мөнгө нь хөдлөхөөргүй болчихлоо шүү дээ.

 

Ишлэл 18. Хэдэн жилийн өмнө С.Баярцогтыг шалга гэсэн чин хууль хяналтынхан оффшор гэдэг үг хуульд байхгүй гэсээр хамгаалсан.  Гэтэл энэ үгийг нь хуульд оруулах гэж ийм балай юм хийчихлээ.

 

Ишлэл 19. Ж.Энхбаяр: Нэр томъёогоо зөв хэрэглэхгүй бол Монгол Улсынхаа гурван сая иргэнд нялзаагаад хаячихаж. МУ-ын 3 сая иргэн Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаатай. Хуулиар 3 сая иргэн хамрах хүрээнд орчихлоо.

 

Ишлэл 20. Монгол улсын 3 сая иргэн дэлхийн 40 гаруйн улс оронд байхдаа ямар нэгэн зүйл худалдан авах эрхээсээ татгалзах болчихлоо. Туйлшрал буюу марзан байдал руу орж байна.

 

Ишлэл 21. Н.Энхтүвшин: Би 250 гаруй ах дүүтэй. Нэг хэсэг нь Хөвсгөлийн Тайгад, нөгөө хэсэг нь  Увс аймагт мал маллаж байна. Бүр Солонгост ажиллаж байгаа ах дүү ч байна. Гэтэл энэ хүмүүсийг бүгдийг нь шалгах болчихлоо.

 

Ишлэл 22. Жинхэнэ акулууд нь далайдаа үлдлээ. Жижиг жараахайнууд нь өртөхөөр байна. Яг шалгах хүмүүсийг нь орхигдуулахаар хууль болчихлоо.

 

Ишлэл 23. Ж.Батзандан: Лондонгийн А бүс л оффшор. Бүхлээрээ биш. Хонгкогийн зарим банк л оффшор. Анх энэ хуулийг зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд гэж оруулж ирсэн. Гэтэл МАН-ынхан ХОМ өгдөг албан тушаалтнууд түүний хамаарал бүхий этгээд гээд цаашлаад нууц амрагийг нь хүртэл оруулчихлаа.

 

Ишлэл 24. Х.Нямбаатар: Ж.Батзандан гишүүн хамаарал бүхий этгээд гэдгийг та өөрөө гаргасан шүү дээ

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...