Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд халуухан болоод харамсалтай үйл явдал олон болж өнгөрлөө. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргүүд бэлтгэлээ хангаж байх явцад гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг гэмтсэн харамсалтай осол гарсан бол хоёр хүүхэд хорлогын улмаас нас барсан харамсалтай үйл явдал болсон. Түүнчлэн олны анхаарлыг татаад байсан энэ оны төсөвт тодотгол хийж, оффишорын тухай хуулийг батлав. Тэгвэл энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргүүд бэлтгэлээ хангаж байх явцад гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг гэмтсэн харамсалтай осол энэ сарын 11-ний өдөр гарлаа. Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа. Гранат дэлбэрсэн шалтгаан нь гадны хүчин зүйл нөлөөлсөн эсвэл зэвсэг хадгалалтын горим алдагдсан эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа гэдгийг албаныхан дуулгасан. Мөн ЗХЖШ-ынхан хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд буй. Харин энэ талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ослын дүгнэлтийг яаралтай гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллах”-ыг үүрэг болгосон.
Хээрийн сургуулилтын үеэр амиа алдсан офицер М 30 настай, зэвсгийн албаны офицер аж. Тэрээр Төв аймгийн Баянсан сумын харъяат, эхнэр таван настай хүүгийнхээ хамт амьдардаг байжээ. Харин талийгаач ахлагч А нь ротынхоо хамгийн залуу буюу 24 настай, Баян-Өлгий аймгийн харъяат байсан аж. Тэрээр ээж, эхнэр, дөрвөн сартай хүүгийнхээ хамт амьдардаг байсан байна. Мэргэжлийн ахлахын сургуулийг 2002 онд төгссөн нэгэн байжээ. Тэд Өмнөд Судан, Афганистанд албан хаасан туршлагатай цэргийн алба хаагчид байсан байна.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм.Түүнчлэн ирэх тавдугаар сарын 1-нээс гурван төрлийн татвар нэмэгдэхээр болж байгаа юм. Тодруулбал,
Нэгдүгээрт: Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Уг зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлөөд байгаа юм.
Хоёрдугаарт: Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулна. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Гуравдугаарт: Импортын тамхины татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүлнэ. Тодруулбал, импортын тамхины 5 хувийн гаалийн албан татвар ирэх сараас 30 хувь болон өсөхөөр хуульчлагдлаа. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Ингэснээр АТГ-т ХОМ-ээ өгдөг 38900 гаруй албан тушаалтнаас гадна хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдүүд бүгд оффшор бүсэд ямар нэгэн байдлаар данс нээлгэх буюу мөнгө байршуулах эрхийг нь хязгаарлаж байгаа юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 12-ны өдөр хуралдаж, наадмын төсвийг асуудлыг нэгтгэсэн юм. Өнөөгийн тооцооллоор Үндэсний баяр наадмын зохион байгуулах нийт зардал нь өнгөрсөн оны баяр наадмын зардлын гүйцэтгэлээс 143.8 сая төгрөгөөр буурсан байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд БСШУЯ, ЗТХЯ, Нийслэлийн соёл урлагийн газар, ОБЕГ-уудаас төлөөлөл багтаж байгаа юм. Тус хороо салбар ажлын хэсгүүдээс орж ирсэн зарим саналуудыг хуралдаанд танилцуулав. Тухайлбал, бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх зардалд 6 сая төгрөг нэмж тусгах санал оруулсан нь дэмжигдэв. Ингэснээр бөхийн барилдааны үеэр үүсдэг зарим асуудлуудыг шийдэх боломжтой аж.
Мөн сурын харвааны талбайд жуулчдын тусгай асар барих ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа аж. Учир нь, сурын харвааны талбайд жуулчид олноор ирдэг бөгөөд харваачидтай нэг асарт суухаар зохицуулагддаг байна. Харваачдын асар дүүрсэн үед ихэнх жуулчид зогсож сурын харваа үзэх нөхцөл байдал үүсдэг байна. Тиймээс гурван эгнээ суудал бүхий жуулчдын асрыг 55 сая төгрөгөөр шинээр барихаар тооцож, зураг төслөө боловсруулжээ. Уг асуудлыг нийслэлээс газар дээр нь очиж, танилцаж шийдвэрлэхээр болсон юм. Урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус тооцсон байна. Өнгөрсөн оны баяр наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж. Наадмын нээлт хаалтын ёслолын ажиллагааг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулах болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)