Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.28
3
Өдөртөө
1
Шөнөдөө

24 баримт: Ж.Баатар ”Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилаар хагалган бутаргаад байна”

2017 оны 4 сарын 18

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, цензургүй ярив. Тагнуулын Ж.Баатар хэмээн олноо танигдсан түүний юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Баримт 1. Тагнуулчтай амьдралаа холбоод нэлээд удсан. Анх 1978 оны тавдугаар сард өмнө Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст зүгийн цэрэг тагнуулын оюулыг судлах ажилд явсан.

 

Баримт 2. Тагнуулын сургуулийг Москвад төгссөн. Арван жил ажлаад хөгширсөн хойно сургууль төгссөн. Сөрөг тагнуулын дээд сургуулийг төгссөн.

 

Баримт 3. НАХЯ-ны дүн шинжилгээ мэдээллийн төвд ажиллаж байсан. НАХЯ-ны чиглэлээр улс орны гадаад дотоод нөхцөл байдал, сөрөг тагнуулын чиглэлээр авагдсан мэдээллээр судалгаа хийж, дүн шинжилгээ хийдэг байсан.

 

Ц.Нямдорж 1990 оны тав дугаар  сард Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Тэр үйл явдлыг харуулсан зураг ч байдаг. Энэ баримтыг шүүх авч хэлэлцээгүй.

Баримт 4. 1990 оны 10 дугаар сарын 19-ны ТЕГ-ын даргаар томилогдож байсан. Тухайн үед Засгийн газрыг Д.Бямбасүрэн удирдаж байсан. Тэр үе манай улсын нөхцөл байдал тун хүнд байсан. Намайг дарга болж байх үед лангуун дээр давснаас өөр юм байхгүй гэж ярьж байсан үе. Гэтэл манай улсад 1979 оноос л хүнсний хомсдол бий болж эхэлсэн.

 

Баримт 5. 1990 онд тагнуул аюулгүй байдлын нууц бичиг баримт, архивын нууц бичиг баримтыг хүртэл ил болго, хуучин НАХЯ-нд байсан мэдээлэгчдийн нэрийг сонин хэвлэлд нийтэл гэж шаардаж байсан. Үүнийг би хэлэх ёстой гэж бодож байна. Тэр үед олон түмний тавьж байсан шаардлагуудыг ихэнхийг нь хүлээн авч, арга хэмжээ авсан. Аюулгүй байдлын ерөнхий газрын бүх бүрэлдэхүүнийг МАХН-ын гишүүнчлэлээс татгалзуулсан.

 

Баримт 6. НАХЯ-ны мэдээлэгчдийн нэрийг би ил болгохоос татгалзсан. Үүнээс болж намайг их олон харааж, зүхсэн. Гэсэн ч Монгол Улс хүн ам цөөнтэй жижиг улс. Хэрэв дээрх нэрсийг нийтэлсэн бол маш ноцтой зүйл болох байсан. Мэдээлэгчийг манай байгууллага буруу зүйл рүү чиглүүлж байсан нь алдаа. Учир нь энэ байгууллага намын байгууллага байсан.

 

П.Жасрай гуайн Засгийн газрын үед Монгол Улсыг бүхэлд нь барьцаанд тавьчихсан байсан

 

Баримт 7. 1993 оны 5 сард би ажлаасаа халагдсан. Н.Багабандийг тагнасан хэрэгт би унаж байсан. Гэхдээ би энэ хүнийг тагнасан хэрэгт ямар ч холбоогүй.

 

Баримт 8. Хятадын тагнуулын Ли Мо авгайг техникийн хяналтаар тагнаж байсан юм билээ. Техникийн хяналтаар гэдэг нь тэр хүнийг хэнтэй уулзаж, юу ярьсныг нь хүртэл бичдэг хяналт юм. Тухайн үед Ли Мо УИХ-ын дарга байсан Б.Баганбандитай уулзсан юм билээ. Тэгээд тэр хоёрын яригдсан яриа бичигдсэн байсан. Ли Мо бол "Туул жин пан"-ы хятадын тагнуултай холбоотой хүн байсан юм.

 

Баримт 9. Би Н.Багабандийг биш Ли Мог тагнаж байтал тэр хүн Н.Багабандитай уулзсан. Тэгээд л би буруутан болчихсон.

 

Баримт 10. Н.Энхбаяр, П.Жасрай, Н.Багабанди нарыг би ерөөсөө тагнаагүй байтал хэрэгт уначихсан. Тэгээд цагдаа, шүүх, прокурорынхонд би 10 гаруй жил байцаагдаад л явсан.

 

Баримт 11. Хятадын тагнуулыг тагнаж байхад л манай улс төрийнхөн тэр хүнтэй уулзчихдаг. Ингээд л бүх яриа нь бичигдаж, би тэр улс төрчдийг тагнасан болчихдог байсан.

 

Баримт 12. 1993 онд Монголын үнэ цэнэтэй бүхэн урагшаа гардаг байлаа. Үнэндээ энэ бүхнийг болиулж яагаад л дийлээгүй. Харин үүний оронд хятадаас хортой архи, улаан мөнгөн ус орж ирдэг байсан. Гурил гэхэд 75 хувь нь ясны гурил, дотроос хүний шүд хүртэл гарч ирсэн. Улаан мөнгөн усны хэргийг илрүүлж чадаагүй. Үнэндээ улаан мөнгөн усны ард юу байсныг мэдэхгүй.

 

Баримт 13. Улаан мөнгө ус зэвсгийн наймаантай холбоотой. Тиймээс ч Монгол Улсыг зэвсгийн наймааны талбар болгохгүйн тулд би ажиллаж байсан. Гэтэл үүнийг шалгахаар дандаа томоохон албан тушаалтантай холбогддог.

 

Баримт 14. Монгол Улсын иргэний үнэмлэхийг Хятад хүнд олгосон хэрэг хүртэл гарч байсан. Хятадын тагнуулын сонирхол үүнийг дагаад яваад байдаг байсан учраас манай байгууллага үүнийг анхаарч байсан юм.

 

Баримт 15. П.Жасрай гуайн Засгийн газрын үед Монгол Улсыг бүхэлд нь барьцаанд тавьчихсан байсан. Ер нь ганц энэ ч биш маш олон удаа Монгол Улсыг бүхэлд барьцаалж, гадны хувь хүнээс зээл авахаар тохирсон байсан. Манайхаас бусад улс орон бусад улстай гэрээ байгуулахдаа энэ газар хэр найдвартай вэ гэдгийг тагнуулаар шалгуулдаг тогтсон журамтай байдаг.

 

Баримт 16. Бусад улс орон гэрээ байгуулж байгаа ажлын хэсэгт тагнуулын ажилтаныг заавал оруулдаг. Харин тухайн тагнуулын ажилтан нь тагнуулчаас гадна улс төр, эдийн засгийн мэргэжилтэн байх ёстой. Гэтэл манай улсад тийм зүйл огт байдаггүй. Ингэж тагнуулын байгууллага ороогүйгээс болж, гэрээ хувилдаанд ордог.  Бусад улсад бол энэ тогтчихсон зүйл.

 

Ц.Нямдорж 1990 оны тав дугаар сард Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг

 

Баримт 17. Манай улсыг 1900 оноос эхлээд Хятадын тагнуул судалж эхэлсэн. Манай улсыг дотор нь хагаралдуулах ажиллагаа явуулж байсан. 1912 оны 2 дугаар сарын 12-нд БНХУ байгуулагдсан. Улмаар 2 сарын 16-нд Хятадын улсын түр ерөнхийлөгчийг сонгосон байдаг. Харин түр ерөнхийлөгч бүх хятадын тагнуулын удирдагчид, Засгийн газрын гишүүдийг гуравдугаар сард нь цуглуулж зөвлөгөөн хийсэн. Тэрхүү зөвлөгөөн дээр Монгол Улсын асуудлыг авч хэлэлцээд, МУ-ыг Хятадад нэгтгэх зорилго тавьсан байдаг. Үүнээс хойш л манай улсыг хагаралдуулсан юм.

 

Баримт 18. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилтай ижилхэн хагалган бутаргаад байна.

 

Баримт 19. Ц.Нямдорж 1990 оны тав дугаар сард Бээжинд Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Тэр үйл явдлыг харуулсан зураг ч байдаг. Гэтэл 2003 онд намайг гүтгэлээ гэж мөрдөнд хийж, 2004 онд таслахдаа энэ баримтыг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тэр зургийг Ж.Баатар эвлүүлчихсэн байна. Энэ бол зохиомол зураг гээд шүүх авч хэлэлцээгүй. Үнэндээ бол өнгөт зургийг эвлүүлэх ямар ч боломж байхгүй.

 

Баримт 20. Хятадын тагнуулын байгууллага 1990 оноос Ц.Нямдоржийг судалж эхэлсэн. Тухайн үед Ц.Нямдорж ЗГХЭГ-т ажиллаж байсан шиг байгаа юм.

 

Баримт 21. Хятадын тагнуул судлаж судлаж байгаад өөрийн талд элсүүлэх боломжтой гэж дүгнээд 1992 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ц.Нямдоржийг Хятадын тагнуул Бээжин рүү аваад явсан. Энэ үеэс Ц.Нямдоржтой Хятадын соёлын төвийнхөн ажиллаж эхэлсэн. Энэ байгууллага нь Хятадын тагнуулын байгууллагын халхавчин доор ажилладаг байгууллага гэдгийг бид судлаад тогтоочихсон. Мөн ингээд Ц.Нямдоржийг элсүүлэх гол зорилготой аваад явсан нь ч тогтоогдсон.

 

Баримт 22. Ц.Нямдоржийн хэлж ярьсан болгоныг баримтжуулсан байдаг. Тэд ч энэ хүнээс Монголын талаар мэдэх гэсэн бүх зүйлээ мэдэж олж, авсан. Ингэхдээ түүнийг бөөлжис, ялгадастай нь хольж, дарамталсан юм шиг байгаа юм. Гэхдээ тэд Ц.Нямдоржийг тагнуулаар элсүүлэх зорилгодоо хүрсэн. Үүнийг би хэлдэг.

 

Баримт 23. Прокурорт би Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт тавьсан. Архи ууж хордсон гэдэг асуудлаар намайг шалгасан. Олонхийн бүлгийн хурал дээр Ц.Нямдоржийг хятадын тагнуул гэдгийг нь асуухаар бантсандаа өөрөө худлаа муужраад л уначихсан юм билээ. Ер нь Ц.Нямдорж худал ярьдагаараа ярьж, хүн гүтгэдэгээрээ гүтгэж байна. 2003 оны тавдугаар сарын 20-ны өдөр 1000 гаруй хүн манай байрны гадаа ирсэн байсан. Тэр өдөр манай гэрт дайрч ороод намайг баривчилсан. Намайг мөрдөнгөөс гарахад гэрийн утсаар байнга залгаж дарамталж,заналхийлээд байхаар нь би хэсэг чимээгүй алга болсон. Тэр үед би гадагшаа гарсан бол боломж байсан. Гэхдээ би хэрэг хийгээгүй учраас гараагүй.

 

Баримт 24. Би нэг насаараа Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэсэн хүн. Зүтгэж яваад эцсийн эцэст шоронд хүртэл суулаа. Надад ямар ч эрх ашиг байхгүй. Яагаад энэ бүхнийг хэлээд яриад байна гэхээр манай улсын эрх ашиг, тусгаар тогтонол ард түмний хувь заяаг хөндсөн асуудал учраас Ц.Нямдоржийг хятадын туршуул болсон гэдгийг төр засаг нотлоод өгөөч гэдгийг л тавиад байгаа юм. Өөр ямар ч зорилго байхгүй. Ц.Нямдорж бид хоёрт ямар ч хувийн өс хонзон, өмч хөрөнгө булаалдсан зүйл байхгүй. Гагцхүү хятадын тагнуултай холбоотой байсан хүн монголын төрд 20 гаруй жил суучихаад нам эвсэл, хууль хүчний байгууллагынханг хагарган бутаргаж байхад дуугүй байж болохгүй байна. Энэ хүний хийж байгаа бүхэн нь хятадын тагнуулын арга барилтай байна, энэ хүний ард хятадын тагнуул байгаад байна. Монгол төр ингээд л хятадын тагнуул Ц.Нямдоржийн толгойг илээд суугаад байх уу.

 

Б.Энхжин

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 1
  • 4
  • 0
  • 5
  • 0
  • 11
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан