Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллийн эхэнд, 2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар битүү цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтний улмаас 14 аймгийн 85 сум цагаан зудтай, 13 аймгийн 62 сум зудархуу байдалтай өвөлжсөн. Өвөлжилтийн нөхцөл байдал, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын таван удаа хуралдаж, 8.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв. Тухайлбал, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж нийт 1.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, сумдын эрүүл мэндийн төв, зарим аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ-т нийт 44 автомашин, улсын нөөцийн 8920 тонн өвсний үнийг 100 хувь, 7408 тонн тэжээлийн үнийг 50 хувь чөлөөлж, 41.8 сая төгрөгийн малын эм бэлдмэл өгсөн гэдгийг дурдлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгой байдлын албаны хүч хэрэгслийг нэмэгдүүлэн бэлтгэл бэлэн байдлын чадавхийг сайжруулах зорилгоор ОБЕГ-т 125-165 морины хүчин чадалтай 26 тракторыг шилжүүлсэн нь цас зайлуулах, түймрээс сэргийлэх зурвас гаргах, тариалангийн талбайд цас тогтоох зэрэг ажлын чадавхи нэмэгдсэн. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 200-аас доош малтай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өндөр настан, амьжиргааны нэг, хоёрдугаар зэрэглэлд байгаа зэрэг үзүүлэлтүүдээр 8459 өрхөд бэлэн мөнгө, хүнс, малын тэжээл, эм бэлдмэл, элгэвч, нэмнээ, хурганы уут зэрэг 4.1 тэрбум төгрөгийн тусламж хүргэгдээд байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд 10 аймгийн тусламж хүрээгүй 36 суманд 370 тонн хивэг, 360 багц хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо.
Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу 12.2 сая хээлтэгч төллөж 12.0 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс 30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймгуудтай байнгын холбоотой “Шуурхай штаб” ажиллуулж байгаа бөгөөд хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна гэдгийг П.Сэргэлэн сайд мэдээлэлдээ дурдав.
Сэтгэгдэл (4)