Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.23
3
Өдөртөө
3
Шөнөдөө

Дэлхийн хамгийн шударга шүүхийн яруу алдар улам бадартугай!

2017 оны 4 сарын 20

 

Хүй нэгдлийн үед тун амар байжээ. Хууль, мууль гэж байхгүй болохоор хүн сүргийн толгойлогч л хамаг бүхнийг шийднэ. Алах нэгнийгээ шууд л бороохойдоод зүйл дуусгах. Эхнэр нөхөр гэж байхгүй тул таарсан эмийгээ хэн дуртай нь барьж аваад л гөвж орхино. Энэ талаар хийсэн кино байдаг юм. Энд гагцхүү хүй нэгдлийн нийгэм ийм байлаа гэдгийг харуулах гэж бус хууль, шүүхгүй бол ерөнхийдөө хүмүүний нийгэм иймэрхүү л болж байна гэснийг ёгтолсон кино л доо, уг нь.  Тиймээс ч яг одоо манай төр, засгийн тэргүүнүүд, ялангуяа хуульчид энэ киног эргээд нэг сайн үзээсэй гэж бодогдох болжээ.

 

Өнөөдөр тэгвэл “Монголд хэн жаргалтай вэ?” гээд та өөрөө өөрөөсөө, ба өрөөл бусдаас асуугаад үзээрэй.

 

Оросын зохиолч Н.А.Некрасовын “Орост хэн жаргалтай вэ?” гэсэн нэг зохиол бий байх аа. Өнөөдөр тэгвэл “Монголд хэн жаргалтай вэ?” гээд та өөрөө өөрөөсөө, ба өрөөл бусдаас асуугаад үзээрэй. Би л лав эргэлзэх юмгүй, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хууль тогтоогчид, хуульчид гэнэ. Яагаад гэдгийг товчхон өгүүлье.

 

Ингэхэд тэмцэлгүй амьдрал мөхлийн шалтгаан байдаг. Монголд өнөөдөр гадаад дотоодын дайсан байхгүй. Тэмцэлдэх юм байхгүй гэсэн үг. Бусад газар хаана л бол хаана цус асгаруулсан тэмцэл. Дэлхийн бөмбөрцөгийг тойроод нуль алаан хядаан. Тиймээс  хойд, урд хөршөөс авхуулаад улс орнуудын иймэрхүү зиндааны дээдчүүл дэлхийн хэмжээнд үндэстэнээ хэрхэн тэжээх вэ гээд шар махтайгаа хатаж байгаа харагддаг.  Манайханд тийм юм алга. Хүн нь зайлуул, яг бэлчээрийн мал шигээ өөрөө өөрсдийгөө аргалчихдаг болохоор дээдэс маань ийш тийшээ аялах, ан гөрөө хийх, мөнгө төгрөгний гуйлга гуйх, түүнээсээ ахиухан тонших, үүнийхээ төлөө өвөр хоорондоо тэмцэлдэх л ажилтай. Өөр хийх , санаа зовох юу ч байхгүй. Уйдахаар ард олондоо жаахан худлаа ярьчихна. Тэгээд л гүйцээ. Ерөнхийдөө гол ажил нь энэ.

 

Олигтойхон эр аян дайнд гадагшаа морддог бол одооны манай “аваргууд” өвөр хоорондоо л үзэлцдэг. Авах юм нь бусад шиг буу шийдэм, пуужин бөмбөг барьж тулалдахгүй. За тэгээд тэр нь ямар манайд байх биш. Тиймээс дээр гарсан нэг нь хууль, хуульчдийг л хутга, шөвөг болгож хэрэглэнэ. Нөгөөдүүл нь хөөрхий үүндээ бүрэн дасаад, өдгөө эзэд рүү нь эвгүй харсан нэгнийг ямар ч ял зэмэнд унагаахад бэлэн, улайрч улаан нүдэлсэн юмнууд байх болжээ.

 

Монголчуудад, “Ичсэн хүн хүн ална” гэсэн хэлц үг бий. Айлд орсон нөхөр мах өглөө гэж андуурч хутгаа сугалаад ичэхдээ хүүгийн нь чихийг тас огтолчихсон тухай яриа байдаг. Шүүгчид маань яг л тийм болсон юм уу даа, янз нь.

 

Ингэхэд хуульчдаа хамгийн тэнэг гэж үздэг ард түмэн бий. Хамгийн ухаантайд тооцдог нь ч бас байдаг. Угаасаа тоо, физик ч гэдэг юм уу, инженер энэ тэрийн ухаанд тархиа гашилгаж үзээгүй учраас ухаан жаахан мулгуу хүмүүс байдаг гэж сэхээтнүүд ярьдаг. Мөн амьдралын хар параакчиг гэдэг юмгүй хүүхдүүд ийм сэнтийд заларчихаар шууд л эрх мэдэлтнүүдийн ханцуйнд нуусан бус гарт нь атгуулсан сэлэмтэй адилхан болж байна гэж архагууд нь ярьдаг юм. Магадгүй. Одоо чинь шүүх хурлынхаа үеэр байн байн нусаа шор, шор хийн татах залуус л бусдын хэргийг шүүгээд сууж харагдах юм байна шүү дээ.

 

Монголчуудад, “Ичсэн хүн хүн ална” гэсэн хэлц үг бий. Айлд орсон нөхөр мах өглөө гэж андуурч хутгаа сугалаад ичэхдээ хүүгийн нь чихийг тас огтолчихсон тухай яриа байдаг. Шүүгчид маань яг л тийм болсон юм уу даа, янз нь. Тухайлбал, тээр жил С.Зоригийн хэргээр гэж баахан нөхрийг бариад эцэст нь инээд хүрмээр юмаар нэр бүхий дөрвөн нөхрийг шоронд илгээж байлаа.  Тэдний нэг “Халзан” Баттулга сая нийслэлийн АН-ынхаа дарга болчихов уу, яав. Түүнээс асуувал шүүх ямар вэ гэдгийг хэлээд өгөх байх. Ялангуяа шүүх хурлаас ял аваад  гарахдаа, “Дэлхийн хамгийн шударга шүүх, Монголын шүүх мандтугай!”  гэж танхимыг нь доргитол хашгираад гарч байсан , “Казино” хэмээх Д.Энхбаатараас  асуувал мөн ч гоё юм ярина даа. Бас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дуулиант хэрэг байна.

 

Сая С.Зоригийн гэх хэрэг ч нэг л биш болсон тухай арай л цэцэрлэгийн   нусгай пацаан багштайгаа хуучлахгүй байна. Бас л дэлхийн хамгийн шударга шүүх маань  ичсэн нэрэндээ юу, эсвэл эзнийхээ даалгавараар уу, бусдын “чихийг” огтолчихлоо гээд байх болж. Ядаж байхад олон жилийн турш дуулиан тарьж, олон түмний хорхойг гозолзуулаад байсан Г.Дэнзэнгийн арааны шүлс асгаруулсан 17 тэрбумын хэргийг эцэст нь 200 саяын нэг муу пүү, мүү рүү аваачаад ял өгчихөж байх жишээтэй.  

 

Эцэст нь хэлэхэд   Рабле Франсуагийн “Гаргантюа ба Пантагрюэль” гэж зохиол байдаг юм. Бас л биднийгээ ёгтолсон эд л дээ. Нэг нөхөр гуанзанд ороод шарсан мах авах мөнгөгүй учир ганц зүсэм талхаа ууран дээр нь жаахан барьж байгаад үмхчихсэн чинь эзэн нь мөнгө төл гээд бөөн юм болдог. Ингээд шүүх мүүхдээ хүрнэ биз дээ. Нэг тэнэг шүүгч мөнгө төлөх хэрэгтэй энэ тэр гээд л. Гэтэл нэг халаасны хулгайч хүү тэр хавиар явж байгаад энэ маргааныг сонсонгуутаа, ганц зоос гаргаж ирэн түүнийгээ шалан дээр нь жингэнүүлэн унагаад, “За эзэн та зоосны чимээ сонсов уу” гэдэг. Нөгөөх нь сонслоо л гэнэ биз дээ. Тэгсэн чинь хулгайч жаал, “За тэгвэл шарсан махны чинь үнэрийг энэ ах зоосны чимээгээр төлчихлөө шүү” гээд нөгөөдүүлээ таг болгон маргааныг тасалдаг юм. Өөрөөр хэлбэл хуульчид нь хулгайчаасаа долоон дор болох үе бас ирдэгийг л энэ зохиолд битүүхэн харуулсан хэрэг. Тиймээс л ганц хүндлэн дээдэлж байх ёстой шүүхийнхээ дээрхи эргэлзээтэй, мапаантай гэмээр хэрэг явдлууд, шийдэл, үйлдлүүдийг харахаар янз бүрийн л юм бодогдохийн. Ямартай ч дэлхийн хамгийн шударга, Монголыг шүүх улам мандан бадартугай л гэе дээ.

 

Ж.Амар

 

 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан