Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.18
-21
Өдөртөө
-23
Шөнөдөө

Ц.Нямдорж: Та нар миний талхаа олж идсэн газрыг ингэж онгичиж, дампууруулахгүй шүү

2017 оны 4 сарын 20

УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн- Одоо мөрдөж байгаа хууль болон шинээр хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл хоёрын зарчмын ялгаа ямар байгаа вэ. Мөн энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор орон тоо нэмэгдэх асуудал байгаа юу. Мөн дээд шатны прокурорын өгсөн үүргийг доод шатны прокурор заавал биелүүлдэг асуудал байгаад байгаа. Энэ асуудал бие даасан байдалд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

 

Хууль зүйн сайд С.Бямбацогт- Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүрэг өөрчлөгдөөгүй. Прокурорын байгууллагын тухай хуулийг Эрүүгийн болон Зөрчлийн хуультай уялдуулах шаардлага байгаа учраас шинэчлэн найруулсан. Мөн төр болон нийтийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг энэ хуулинд нарийвчлан оруулж өгсөн байгаа. Орон тооны хувьд өөрчлөлт орохгүй. Харин бүтцийн хувь Улсын Ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхийн дагуу өөрчилнө. Бие даасан асуудлыг ярьдаг. Тодорхой зарчмуудыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Прокурор хараат бус байх ёстой. Үүнийг мөн хуулийн төсөлд тусгасан. Бие даасан байдалд зориулж нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болох юм. Өөрөөр хэлбэл, прокурорын шийдвэр гаргах үйл ажиллагаанд ямар нэгэн дарамт, нөлөөлөл үзүүлж байгаа бол мэдүүлэг гаргахаар зохицуулсан.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү- Прокурор бол төрийн өмгөөлөгч гэж би боддог. Энэ хуулийг баталснаар төрөө өмгөөлж ажиллах, төрийн өмнөөс ял өгдөг эрхийг баталгаажуулах асуудал хөндөгдөж байгаа юу.  

 

Хууль зүйн сайд С.Бямбацогт- Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хэмжээнд хуулийн төслийг оруулж ирсэн. Бүр хүчтэй байж болохгүй юу гэсэн асуудал ярьж байна. Бид Үндсэн хуулиараа л явах ёстой гэдгийг хэлье.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж- Одоо мөрдөж байгаа хуулийн хэдэн хувьд нь өөрчлөлт оруулаад байгаа юм. Би 2003 оны хууль дээр сууж байсан. Яг цоо шинэ зүйл үүнд байгаа юу. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, мөрдөн байцаах хууль дээр прокурорын талаар нэг бүрчлэн тусгасан. Үүнээс өөр хийх зүйл байхгүй. Ер нь прокурорын байгууллага үйл ажиллагаандаа нухацтай өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Миний ажиллаж байсан унаган байгууллага. Би хоолыг нь хороож, ажлын дортой болсон. Өнөөдрийн та нарын хийгээд байгаа ажиллагаа үнэндээ таалагдахгүй байна. Харамсаж байна. Хуулин дээр гэмгүй нэг ч хүнийг эрүүгийн хариуцлагад татахгүй байх гэсэн хатуу зарчим байгаа. Прокурорт мөрдөн байцаалтыг мөрдөх ямар ч эрх байхгүй. Зөвхөн хяналт тавина гэсэн хар аманд оруулсан. Сая хэл ам үүсгээд байгаа хэргийн мөрдөн байцаалтын ажлыг прокурор гардан явуулсан. Та нар миний талхаа олж идсэн газрыг ингэж онгичиж, дампууруулахгүй шүү. Та нарт хүний эрхийг хангах хамгийн их эрхийг өгсөн. Алдаа гаргуулахгүй байх, хүний эрх зөрчигдөж байвал хамгаалах эрх өгсөн. Та нар өнөөдөр мөрдөн байцаагч, яллагч болж хувирсан хэмээсэн.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан- Хуучин хууль 53 зүйлтэй байсан өнөөдөр 69 зүйлтэй болж байна. Прокурорын чиг үүрэгт өөрчлөлт орж байгаа. Зарим чиг үүрэг шүүхэд шилжиж байгаа. Хуульд орсон нэмэлт өөрчлөлт хуулийн 50-иас илүү хувиас гарсан учир шинэчилсэн найруулгаар орсон. Тодорхой хяналтын агуулгад өөрчлөлт орсон. Тийм учраас өөрчлөлт оруулж, өргөн мэдүүлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг- Хэрэг үүсгэхээр прокурор хяналт тавьдаг. Гэтэл хэрэг үүсгэхээс өмнө явагдаж байгаа ажиллагаанд прокурор хяналт тавих боломжтой юу. Энэ хуулинд прокурор хүний эрхийг хамгаалдаг байх боломж бүрдэх үү. Эрүүгийн хэргийн нэлээд хэсэг нь прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болж байна вэ? Үүнийг журамлаж, цэгцлэх боломж гарах уу. Онц ноцтой хэргээр ялж эдэлж байгаа хүн утсаар ярьж, гүтгэж байгаа мэт зүйл гарч байна. Хорих байгууллагуудад тавих хяналт бүрдэх үү?

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан- Зарчим нь эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө гүйцэтгэх ажил хийхгүй байх ёстой. Бодит амьдрал дээр асуудал өөр байгаа. Хяналт тавих ёстой юу гэдэг дээр ажлын хэсгийн  анхны хэлэлцүүлэг дээр өргөн хүрээнд яригдсан. Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө ажиллагаа явуулах ёсгүй байдаг. Нийт Тухайн жилдээ эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдсан хэргийн  20 орчим хувь нь шүүхэд, 50 орчим хувь нь түдгэлзэж, 20 орчим хувь нь хэрэгсэхгүй болдог.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан